sonin.mn
Дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд зураачид өөр, өөрийн урсгал чиглэл, өнгө будаг, үзэл санаагаар уран бүтээлээ туурвиж сод бүтээлээ хүн төрөлхтөнд үлдээж ирсэн. Гоц авьяастан суутнуудын бүтээлийг толилуулдаг Мексикийн “Сумаяа” музейд амьд ахуйдаа бүтээлээ толилуулж буй анхны зураач бол Ромеро Бритто билээ. Энэхүү зураачийн ертөнцийг үзэх үзэл, зургийн урсгал чиглэл, амжилтад хүрсэн нууц юундаа оршиж буй талаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяртай ярилцлаа.
 
-Дэлхий дахинд “Happy art” чиглэлийн уран зураг, бүтээлээрээ танигдан алдаршаад буй буй Ромеро Бритто хэмээх зураачийн зурах арга барил, амжилтад хүрсэн түүхээс яриагаа эхэлье?
 
-Ромеро Бритто нь Бразилд төрж өссөн. Олон улсад бүтээлээ туурвидаг зураач юм. Уран зураг буюу зураасан зураг, баримлын төрлөөр бүтээлээ хийдэг. Поп арт, кубизм, граффити буюу гудамжны урлагийг хослуулж бүтээлээ туурвидаг. Бразил улс амьдралын түвшин ямар билээ, Бритто нь есөн хүүхэдтэй айлын хүүхэд шүү дээ. “Америк мөрөөдөл” гэж байдаг даа. Яг л тийм мөрөөдлөөр энэ хүн уйгагүй хөдөлмөрлөж амжилтад хүрсэн зураач. Америкт цагаачилж, Маяами хотод уран бүтээлээ хийж эхэлсэн. Дэлхийн хэмжээний том одуудтай хамтарч ажилладаг “Авсолют водка” компани түүнтэй хамтарч ажиллах санал тавьсан нь амжилтын маш том алхам, олон улсад танигдах гүүр нь болсон. Уран бүтээлч хүнд бурхнаас өгсөн хишиг гэж байдаг даа. Энэ бол Ромеро Бриттод өгсөн хамгийн том хишиг байлаа. Тэр болтол зураач маань Маяамигийн гудамж, салон, дэлгүүрүүдээр явж уран бүтээлээ зарж борлуулж байжээ. 
 
-Есөн хүүхэдтэй айлын хүүхэд байсан гэхээр амьдрал нь тийм ч хангалуун байгаагүй л болов уу. Боломжгүйгээс боломжийг нээж чадсанаараа Бриттогийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм уу даа?
 
-Ромеро Бритто нь гудамжинд зургаа борлуулж амьдардаг байхдаа буюу 14-хэн настайдаа анхны бүтээлээ хөршдөө 10 ам.доллараар зарж байсан гэдэг. Дан ганц авьяасаар биш бас хөдөлмөрч, тэмцэгч чанартай байж амжилтад хүрдгийн тод жишээ болсон хүн. Энэ бол амьдралд хандах хандлага юм. Бүх насных нь бизнесийг бат нот босгоод өгчихсөн. Зураач хүнд бурхнаас өгсөн авьяас байдаг. Ухааны болон гарын ур хангалтгүй. Үүн дээр бүтээлээ зах зээлд борлуулж чаддаг сэргэг, соргог чанар, ажил хэрэгч зан байх хэрэгтэй. Тэрбээр уран бүтээлчээс гадна урлагийн бүтээлийн бизнесмен болж чадаж байгаагаараа хүмүүст зөв үлгэр дуурайл үзүүлж байгаа юм. 
 
-Уран бүтээлээрээ дамжуулж бизнес хийнэ гэхээр аль салбарт түүний бүтээл эрэлттэй байна вэ?
 
-Маш том студи нээсэн байна, дэлхий даяар асар олон брэндтэй хамтарч ажиллаж байна. “Coca cola”, “Walt Disney” зэрэг дэлхийд нэртэй брэндийн нүүр царай, реклам зар сурталчилгаа, маркетингийн идэвхжүүлэлт болоод явж байна. Энэ нь манай бизнесийн төдийгүй урлагийн салбарт дутагдаж байгаа зүйл. Манай урлагийн сургуулиуд зөвхөн гарын уртай хүүхдүүдийг зүгээр л бүтээл хийдэг хүн болж төгсгөөд байна. Гэтэл Бритто шиг бүтээлээ юм болгож чаддаг хүн ховор байна. Албан байгууллагууд ч мөн ялгаагүй зах зээлийн өрсөлдөөнд хэрхэн бусдаас ялгарах вэ гэдэг аргаа олохгүй байна. Ромеро Бритто бол давуу чанараараа дэлхий дахинд маш том нөлөөлөл үзүүлж  байгаа юм. Түүнтэй Ромын Папаас эхлээд Ерөнхийлөгч, алдартай одууд гээд уулзаагүй хүн байхгүй, ийм хүсэмжит зураач болж чадсан. Бразилын томоохон карнавал, хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпын наадам Бриттогийн урлагийн бүтээлээр амьсгалж, хүндэт зочноор уригдаж байх жишээтэй. Бидний өмнө урлагийн хүнд дан ганц авьяас чадвар хангалтгүй гэдэг ертөнц иржээ гэдгийг энэ олон жишээ харуулж байна шүү дээ. Үүнээс манай уран бүтээлчид үлгэр жишээ, санаа  сэдэл авах хэрэгтэй. 
 
-Тэгэхээр сайн бүтээл төрүүлэхийн тулд уран бүтээлч хүнд орчин болоод чанартай цаас будгаас эхлээд олон зүйл хэрэгтэй шүү дээ. Үүнээс Бриттогийн ямар чанар нь давуу тал болж өгсөн бэ?
 
-Уран бүтээлчид гадаад хэлээр ярьдаг, техник технологийн мэдлэгтэй, зах зээлийн мэдрэмжтэй байх нь чухал гэдгийг нэмж онцолмоор байна. Энэ ч Бриттод том давуу тал болж өгсөн. Мөн нийгэмд идэвхтэй оролцох, улс төрийн байр байдлыг мэддэг байх гээд хаана ч ямар ч сэдвээр хөрвөж чаддаг байх хэрэгцээ гараад байна л даа. Бритто нь дан ганц бүтээл хийхийн сацуу нийгэмд сайн сайхан үйлс бүтээж байна, буяны ажил хийж байна. Түүний гарын үсэг хэдэн саяар борлогдож байна гээд бодохоор өөрийгөө ч брэнд болгож чаджээ. Уран бүтээлч гэдэг хүрээнээсээ хальсан хүн байгаа биз.
 
-Энэхүү зураачийн бүтээл нь Монголд хэрхэн тусаж зах зээлд хэрэгжиж байна вэ?
 
-Дэлхийн хэмжээний зураачийн оюуны бүтээлийг зөвшөөрүүлж өөрийн бараа бүтээгдэхүүнд авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Бид дэлхийтэй хөл нийлүүлж, дэлхийн хэмжээнд сэтгэж, бизнесээ хөгжүүлж байгаа ажил хэрэгч салбар байгаад талархалтай санагдаж байна. Үүний анхдагч нь Худалдаа хөгжлийн банк болж байгаад баяр хүргэмээр байна.
 
 
Бриттогийн бүтээл тус банкаар дамжиж тун удахгүй таны гар дээр хүрч очих нь ээ. Жишээ нь таны ашигладаг карт, хадгаламжийн дэвтэрт түүний бүтээл амилж, амьдралд эрч хүч, өөдрөг хүсэл тэмүүлэл өгсөн бүтээлүүдээрээ өдөр бүрийг өнгөтэй, жаргалтай болгоно гээд бод доо.
 
 
-Сүүлийн үед манайд үндэсний дээл хувцас, эдлэл хэрэглэл дээрээ нүүдэлчин ёс заншил, амьдрал ахуйг харуулсан бүтээлүүд амилах болсон шүү дээ. Соёлын аж үйлдвэрлэл гэж их ярьдаг шүү дээ. Чухамдаа энэ чинь л юм биш үү дээ?
 
-Тийм. Соёлын аж үйлдвэрлэлийг хөдөлгөх оюуны том салбар бий. Соёлын аж үйлдвэр гэдэг нь барагддаггүй баялагтай. Дэлхийд үүнийг кино, поп хамтлаг, уран зураг, бүтээл ном гээд салбар салбарт утгаар нь хөгжүүлж байна. Манайхан оролдлого хийж эхэлж байна л даа. Дэлхий нийтийн жишгээс хараад контентын бизнес, урлагийн бизнесийг хөгжүүлэх юм бол манай улсад сэдэв нь яндашгүй. Уулаа ухах нь нэг хэрэг ухаанаа ухах нь өөр хэрэг шүү дээ. Монголчуудын сэтгэлгээний онцлогийг харуулсан контентыг үйлдвэрлэж дэлхийд гаргаж чадах юм бол бидэнд асар их боломж бий. Жишээ нь, “The Hu” хамтлаг байна, хувцас загварын салбарт Ариунаа Сүри байна. Бразилын зураачийн бүтээлийг бид хэрэглэдэг шиг монголчуудын бүтээлийг аваад гадаадууд хэрэглэдэг байгаасай. Дэлхий өөрөө хавтгай, боломж нээлттэй байгаа учир бид өөрсдөө  сэтгэх л хэрэгтэй.
 
-Таны хувьд шог зургаар олон жил ажилласан уран бүтээлч. Энэ төрлийн бүтээлээ зах зээлд нийлүүлж бизнес болгох боломжтой юу?
 
-Шог зургийг ойлгох хэрэглээ, эрэлт, үнэлэмж гээд олон хүчин зүйлээс шалтгаална. Нэг үе сэтгүүл зүйд цаасан хэвлэлтэй сонин хэвлэл хүчтэй  байсан. Тэр үед зургаа сонин хэвлэлд нийлүүлдэг байлаа. Цаасан хэвлэл ер нь цахимжаад ирж байна шүү дээ. Шог зургийг би өөрөө дуртайдаа хийж байгаа болохоос биш яг үнэндээ ашиг орлого олоход зах зээл нь хэцүү. Шог зургийг ойлгодог хэсэг цөөн, худалдаж авах хэрэглэгч ховор, захиалдаг хүн байхгүй л дээ. Нэг уран бүтээлчээс биш нэг хэсэг зүйлсээс шалтгаалсан зүйл л дээ. “Өнөөдөр”, “Ардын эрх”, “Өдрийн сонин”-уудад шог зургийг чухалчилдаг хэсэг бүлэг редакц байлаа шүү дээ. Өдөр тутмын сонинд энэ төрөл зайлшгүй байх ёстой гэж үздэг байсан. Барууны оронд бол өдөр тутмын сонинд шог зураач байдаг, энэ төрлөөрөө Пулицерын шагнал хүртдэг, энэ төрөл одоо болтол явж байгаа. Магадгүй бид хуучин байсан өндөрлөгөөсөө буцсан, зарим үнэт зүйлээ алдсан. Шинэ гарч буй төрөл урт хугацааны бодлогоор арилжааны утгаар хөгжвөл залуучууд ханцуй шамлаад орж ирнэ байх. Монголд шог зургаар зурдаг 30 гаруй залуу бий шүү. Гэтэл чадварлаг зураачид маань аннимэйшн, номын зураг руу хөрвөж, ажил амьдралаа хөөж байна шүү дээ. 
 
-Цар тахал гарсантай холбоотой  болоод ч тэр үү хүмүүсийн хандлага ассан, дүрэлзсэн, итгэл өгсөн, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй өнгийг салбар бүрд сонирхон таашаах болжээ. Хувцас загвар, уран зурагт ялангуяа хурц тод өнгө давамгайлж байх шиг.  Бриттогийн бүтээлийн өнгө аяс тийм болохоор хүмүүс татагдаад байна уу?
 
 
-Бриттогийн уран бүтээлийн өнгө хурц тод, гэгээлэг уур амьсгалтай, эерэг энергитэй. Орчин үеийн интерьерт зохицохоор шийдэлтэй. Хүн харахаар тайвширдаг, эмчлэгддэг тийм зургуудтай гэж болно.
 
 
Манай Заяасайханы зургуудаас ийм өнгө аяс мэдрэгддэг. Түүний зургуудад эмэгтэйчүүд, хүүхдүүд, хайртай хосууд, гэр бүлүүд гээд эерэг дулаан энергитэй бөгөөд хар бараан сэдэвгүй. Энэ нь монголчуудын бэлгэдэлт сэтгэлгээнд яг зохицсон. Монгол хүний сэтгэлгээг ахуйн хэрэглээнээс нь ажаад байхад хурц тод өнгөнд дуртай. Хөдөөгийн айлын авдар, ширээ сандал өнгө тод, хээ хуартай алагласан байдаг шүү дээ. Нов ногоон зүлэг, хөв хөх тэнгэр, өнгө алагласан цэцэгс дунд амьдардагтай ч холбоотой байж мэднэ. Бриттогийн бүтээлийн хурц тод өнгөний шийдэл монголчуудын сэтгэл зүйд ойр тусаж буй болов уу.
 
 
Б.Од
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин