sonin.mn
“Enkhempire publishing” компаниас философич, “Амьдралын сургууль" байгууллагын үүсгэн байгуулагч Алан Де Боттоны олон улсад хамгийн их борлуулалттай “Хайрын сургууль" номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна. “Хайрын сургууль” ном нь орчин үеийн хайрын харилцааг сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй, ухаалаг үгсээр илэрхийлж бичсэн философийн бясалгал юм хэмээн нэгэн алдартан хэлсэн байдаг. Тус номын орчуулагч Ж.ЭНХБАЯРААС зарим зүйлийг тодрууллаа.
 
-“Хайрын сургууль” номыг яагаад орчуулахаар болсон бэ?
 
-Алан де Боттоны “Хайрын сургууль” бол бидний албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орчуулан хүргэж байгаа зургаа дахь ном. Орчуулах номоо сонгохдоо бид маш их эрэл хайгууль хийж, төрөлх хэл дээр нь олон удаа уншиж байж сонгодог. Энэ удаад жил гаруйн хугацаанд судалгаа эрэл хайгуулж хийж байж энэхүү номыг орчуулахаар болсон. Анх Алан де Боттоны лекцийг сонссон. Энэ лекцийнхээ үеэр “Хайрын сургууль” номын тухай ярьсан хэсэг нь маш их таалагдсан. Ингээд номоо худалдан авч 2,3 удаа уншаад Монголынхоо уншигчдад орчуулан хүргэхээр шийдсэн. Орчуулах номоо сонгохдоо би ямар нэгэн сэдэвт баригддаггүй. Уншигчдад мэдлэг мэдээлэл олгох сайн номыг орчуулан хүргэхийг хичээдэг.
 
 
-Энэхүү номыг орчуулахаасаа өмнө уншихад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
 
-Хайр бол мөнхийн сэдэв. Энэ сэдвийн хамгийн үнэн бодит байдлыг энэ номонд өгүүлсэн байдаг. Тиймдээ ч надад зохиол их таалагдсан. Зохиолын маань гол баатрууд Раби, Кристен нар 13 жил хамтран амьдарч хоёр хүүхэдтэй болсныхоо дараа л хамтын амьдралд бэлэн болсноо ойлгож ухаардаг.
 
 
 
Энэ номоос миний хувьд гэрлэх гэж яараад хэрэггүй, таны сонгосон хүн чинь хамгийн төгс нэгэн биш, та ч өөрөө тийм төгс нэгэн биш. Тиймээс хэн нэгнийг алдаа оноотой нь хайрлаж сурна гэдэг нь энэ хорвоогийн хамгийн нигүүлсэнгүй үйлдэл юм гэдгийг л хамгийн ихээр ойлгож авсан.
 
 
 
-Энэ номыг эх хэл рүү хөрвүүлэхэд бэрхшээл тулгарсан уу?
 
-Сэдвийн хувьд өргөн хүрээтэй учраас бэрхшээл бага байсан гэж хэлнэ. Гэхдээ номын зохиогч Алан де Боттон нь философич. Тиймээс түүний бичсэн уран яруу үг хэллэгийг эх хэлнээ орчуулан хүргэхэд амаргүй байсан. Гэхдээ найдвартай хоёр туслагч болох ээж, эгч хоёрынхоо тусламжаар энэ бүхнийг даван гарч чадсан.
 
 
-“Хайрын сургууль” номд олон сонирхолтой жишээ гардаг.
 
-Төгс хүн хайх хэрэггүй. Танд тохирсон төгс нэгэн гэж байхгүй. Гэрлэлт ч тийм төгс биш зүйл. Яг таарсан хүнтэйгээ гэрлэчихвэл бүх зүйл сайхан болчих юм шиг санадаг. Гэтэл хоёр хос гэрлэж, хамтын амьдрал эхлүүлснээр бүх зүйл эхэлдэг. Хэн нэгэнтэй амьдралаа холбохоосоо өмнө өөрийгөө таньж мэдэн, өөрийн давуу тал сул талаа ч мэддэг болсон байх хэрэгтэй. Буруу болгон бусдынх биш таных ч байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч чадсан цагтаа хамтын амьдралд хөлд тавих хэрэгтэйг номд маш сонирхолтой байдлаар өгүүлсэн. Гэр бүлээс гадуурх харилцаа, хосуудын нандин мөчүүдийн тухай ч өгүүлсэн байгаа. Ийм тохиолдолд ямар арга хэмжээг авах боломжтой тухай ч тусдаа бүлэг орсон. Тиймээс насанд хүрэгчдэд илүү тохиромжтой. Номыг маань уншаад сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаж байгаасай гэж хүсэж байна.
 
 
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин