sonin.mn

 

-Өвөлжилтийн байдлыг далимдуулан малын хулгай ихэслээ гэж яригдах боллоо. Он гарсаар малын хулгайн ямар хэргийг илрүүлэв?
 
- Өвөлжилт хүндэрч байгаа урд сумдаар малын хулгайн гэмтхэрэг одоохондоо гараагүй байна. Энэ жил цас зудтай байгаа сумдаар зам даваа хаагдаж, цасан дээр хэргийн ул мөр үлдэх, хурдан түргэн унаа машинаар явах боломжгүй байгаа учраас гайгүй байна. Ер нь аймаг тойрсон ойрхон сумдад малын хулгайн хэрэг гардаг. Үүний шалтгаан нь өмнө хулгайн хэрэг холбогдож байсан, одоо шалгагдаж байгаа этгээдүүд өмнөх хэргийнхээ хохирлыг барагдуулахын тулд давтан үйлдсэн тохиолдол гарсан.
 
 
Хамгийн сүүлийн үеийн байдлаар шинэ оны 1-р сарын 12-13-нд шилжих шөнө Ихтамир сумын Борт багийн “Хоёрын” гэх газраас 28 тооны азарга адууг хэрэгтэй М, Н, Т, Г нар нь үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар хулгайлан тээврийн хэрэгсэл ашиглан борлуулах гэж байхад нь манай тасгийн албан хаагчид илрүүлэн шалгаж байна. Эдгээр хулгайчид өмнөх хэргийнхээ хохирлыг барагдуулах гэж малын хулгайн дэвтан хэргийг үйлдсэн байсан. Тиймээс мөрдөн байцаах шатанд байгаа хүмүүсийг гадуур байлгахгүй арга хэмжээ авч анхаарч ажиллах хэрэгтэй байна.
 
 
-Ихэвчлэн ямар төрлийн мал хулгайд алдагдаж байна вэ?
 
-Он гарсаар азаргаар нь адуу хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг барьж мөрдөн байцаалтаар шалгаж байна. Ер нь жил жилийн тоон үзүүлэлтийг харахад Өндөр-Улаан, Чулуут, Хангай гэх мэт хойд сумдаар малын хулгай харьцангуй гайгүй байдаг. Харин төв зам дагуух байдаг урд сумдаар малыг бүлэглэн хулгайлсан хэрэг их гардаг. Ихэвчлэн намар, өвлийн идэшний үеэр үйлдэгддэг байсан бол сүүлийн үед улирал харгалзахгүй хулгайлдаг болсон байна.
 
 
Ялангуяа адуу бол богино хугацаанд хол зам туулах чадвартай учир хулгайлахад амар байдаг. Харин үхрийг туугаад хол газар явч чадахгүй учраас цөөн тоогоор хулгайлаад нууц газар төхөөрчихөөд машинаар ачдаг болсон байна. Удахгүй цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайн хэргүүд гарсаар байна. Малчид баярлан малаа эзэнгүйдүүлэх, хариулгагүй орхисноос малаа хулгайд алдах тохиолдол гардаг. Иймээс ард иргэд сонор сэрэмжтэй байж малаа байнгын хариулгатай байлгах хэрэгтэй.
 
 
-Өнгөрсөн жил бүх малчдад цагдаагийн утасны дугааруудын жагсаалт бүхий гарын  авлагыг тарааж байсан. Ер нь малчдаас мэдээлэл хэр хүлээн авч байна вэ?
 
-Нэг үеэ бодоход бүх сум суурин баг холбоо барих утастай болсон байна. Малаа хулгайд алдагдахад хэсгийн төлөөлөгч нартай холбоо барьж, мэдээлэл авдаг бас өгдөг болсон нь сайшаалтай ч энэ нь хулгайч нарын хувьд ашигтай тал болчих жишээтэй. Учир нь олон тооны сүрэг малын хулгайн хэрэг гарахад орон нутгаас мэдээлдэг хамтарч нууцаар мэдээлэл өгдөг явдал байна.
 
 
Өөрөөр хэлбэл хавь ойрынхныгоо сайн мэддэг хүн аль нэг хотонд, айлд гэнэтийн өвчин зовлон хэрэг явдал, баяр ёслолын үеээр мал нь эзэнгүй болох үеийг мэдээлдэг гэсэн үг. Одоо техник технологи хөгжиж, машин тэрэг элбэгшсэн учраас амархан төхөөрч зах зээлд дээр борлуулдаг болсон байна.
 
 
-Жил ирэх тусам нарийсаад байгаа хулгайчдын арга барилыг зогсоох тухайд ямар чиглэл барих вэ ?
 
-Аймгийн Засаг даргын 2012- 2016 оны мөрийн хөтөлбөрт малын хулгайтай цогцоор нь тэмцэх гэсэн заалт орсон. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн газраас шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Тухайлбал мал хулгайлаад оргон зайлсан хулгайчдыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай аймгуудад орогнож байхад нь барьж авчраад хэргийг сэргээн шалгаж байна.
 
 
Засаг даргын малын хулгайтай цогцоор нь дэмжих заалтын дагуу бид өөрсдөө дэд хөтөлбөрийг боловсруулж байна. Үүндээ малын хулгайтай ганц цагдаагийн газар тэмцэхгүй, сум, багийн дарга нар, малчид ард иргэдтэйгээ хамтран ажиллаж, бүгд хоорондоо мэдээлэл солилцож, малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх тухай зааж өгсөн.
 
 
Дээрээс нь хулгайчдын явдаг хулгайн замыг тогтоож, пост ажиллуулах, малчдын бүлгэм байгуулах зэрэг ажлыг дэд хөтөлбөртөө тусгасан. Удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Алдсан хойно нь биш алдахгүй байхын төлөө ажиллахыг анхаарч байна.
 
 
Б.Нямренчин
 
Эх сурвалж: “Архангайн амьдрал”