sonin.mn
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр хэд хоногийн өмнө “Гурван цагийн хэлхээс” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан. Мөн энэхүү хурлыг угтаж “Дуурь, балетын өнөөгийн хөгжил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Монголын сонгодог урлагийн урын сангийн шинэчлэл, хөгжил болон шүүмж судлалын асуудлыг хэлэлцэж, судалгааны ажлын талаар сонссон дээрх хурлын үеэр зарим илтгэгч сонирхолтой сэдэв хөндөж байлаа. УДБЭТ-ын урын сангийн эрхлэгч, хөгжим судлаач С.ЭНХБУЛАГТАЙ ярилцсанаа хүргэе.
 
-Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон эртнээс зорьсон ажлынхаа ард амжилттай гарлаа. Эрдэм шинжилгээний хурлыг угтаж хийсэн хэлэлцүүлэгт оролцох ёстой уран бүтээлчид нь ирсэн. Харин таны хувьд хэр өгөөжтэй хэлэлцүүлэг болсон гэж бодож байна вэ?
 
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хэлэл-цүүлэгт харьцангуй цөөн тооны хүнийг хамруулахыг зорьсон. Гэхдээ оролцох гол хүмүүс нь ирсэн гэж бодож байна. Нээлттэй хэлэлцүүлгээр Дуурь, бүжгийн эрдмийн театрын урын сангийн нөхцөл байдлын талаар ярилцсан. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монголын зохиолчдын эв-лэлийн хорооны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбат, жүжгийн зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэх зэрэг бидний хэлэлцүүлэгт оролцуулахыг хүссэн хүмүүс ирсэн. Хэлэлцүүлгийн сэдэв нь Монголын дуурь, балетын урлагийн өнөөгийн хөгжил. Энэ хүрээнд оролцогчид нээлттэй хэлэлцүүлгээ үр дүнтэй хийсэн гэж бодож байна.
 
Дуурийн театр бол Улсын төв театрын үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл, 1963 онд Драмын театр өрх тусгаарлахад голомтоо сахиж үлдсэн нь энэ театр шүү дээ. Тэгэхээр Дуурийн театр Монголын хөгжмийн урлагт голлох байр эзлэх ач холбогдолтой. Хамгийн том хэлбэрийн зохиол бүтээлийг энд л амьдруулж байдаг гэдэг утгаараа яахын аргагүй төв театр юм. Төв театрын нөхцөл байдал цаашдаа яах вэ, энэ чигээрээ яваад байх уу. Өнгөрсөн хугацаанд цаг үе өөрчлөгдөж, нийгэм солигдоод 30-аад жил болчихлоо. Энэ хооронд хүмүүсийн сэтгэлгээ ч өөрчлөгдсөн. Аль ч цаг үед нийгмийн сэтгэлгээ 50-70 жилд өөрчлөгдөж байдаг гэдэг.Үүнийгээ дагаад уран бүтээлийн төлөв байдал ч өөр болдог. Гэтэл бид 1990 оноос хойш онцгой өөрчлөлт хийгээгүй, хуучнаараа явсаар өдий хүрлээ. Үүнээс шалтгаалж сүүлийн 30 жилд дуурь, балетын урын сан хангалттай хэмжээнд баяжаагүй. Харин социализмын үед нэг зорилго, санаатай байсан учраас уран бүтээлийн төлөвлөгөөтэй, шинэ уран бүтээл ч олноор төрөн гарсан байдаг.
 
-Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс Дуурийн театрын урын сангийн талаар ямар байр суурь илэрхийлж байв?
 
-Хэлэлцүүлэгт хөгжмийн зохиолчид харьцангуй цөөхөн ирсэн. Гэхдээ ирсэн уран бүтээлчид бодлоосоо хуваалцсан. Тухайлбал, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Дуурийн театрын урын сан, уран бүтээлчдийн талаар ярихдаа өөрсдийгөө чадавхжуулах хэрэгтэй байгаа талаар дурдсан. Мөн гадаадад гарах боломж нь юу байна гээд өргөн хүрээнд асуудал хөндөн ярьсан. Зохиолчдоос Б.Цогнэмэх дуурь, балетын хөгжим драмынхаас өвөрмөц болохыг хэлж байлаа. Драмын хувьд хөгжим нь тусдаа асуудал байдаг. Харин дуурь, балетад хөгжим шууд холбоотой юм байна гэсэн. Дуурийн цомнол бичихэд хөгжмийнхөө хөг хэмнэлтэй шууд холбогдоод явчихдаг. Тэгэхээр дуурийн цомнолыг хэрхэн бичдэг талаар зохиолчдод санаа өгөх хэрэгтэй байгааг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс бид энэ тал дээр ажиллаж, илүү нээлттэй болгоход анхаарал хандуулах хэрэгтэй байгааг ойлгосон.
 
-Нээлттэй хэлэлцүүлгийн дараа “Гурван цагийн хэлхээс” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Хэчнээн судлаач хуралд оролцсон бэ?
 
-Эрдэм шинжилгээний хуралд 17 илтгэгч материалаа ирүүлсэн. Илтгэгчид дуурь, балетын урын сан ямар байсан, одоо ямар байгаа талаар судалгаа хийснээ танилцуулсан. Жишээлбэл, хөгжим судлаач Д.Ариунаа дуурийн театрын урын сан, тэр дундаа хүүхдийн уран бүтээлд судалгаа хийсэн. Манайд хүүхдийн дуурь ховор. Хүүхдэд зориулсан бүтээл хомс байна гэдгийг тэр судалгаандаа үндэслэн танилцуулсан. Яагаад хүүхдийн дуурь хийхгүй байна гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирсэн гэсэн үг юм. Ер нь эрдэм шинжилгээний хурлаар хөндөгдсөн сэдвүүд сонирхолтой байсан. Үүнээс манай залуус судалгаа шинжилгээ хийх сонирхолтой болсон нь харагдлаа. Энэ нь цаашид яавал зохих талаар ирээдүйн төсөөлөлтэй болохоор зорьж буйн илрэл гэж бодож байна. Ер нь хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал эцсийн дүндээ Дуурь, бүжгийн эрдмийн театрын урын сангийн шинэчлэлийн төлөө хийж буй арга хэмжээ юм. Шинэчилнэ гэхээр орвонгоор нь эргүүлнэ гэсэн үг биш. Цаашид ямар уран бүтээл хийх, нийгмийг хэрхэн соён гэгээрүүлэх вэ гэсэн асуултад хариулт авах үүднээс эдгээр ажлыг зохион байгуулсан.
 
-Уран бүтээлчдийн залгамжийг бэлтгэх бодлого нэг хэсэг алдагдсан нь Дуурийн театрын урын санг баяжуулахад нөлөөлсөн болов уу. Социализмын үед бодлогоор бэлтгэдэг, байгалийн өгөгдлийг анзаарч түүнийг нь хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг байсан шүү дээ?
 
-1950-1963 оны хооронд төр, засгаас бодлогоор хөгжмийн зохиолч, удирдаач, дуучин, найруулагч, балетын бүжигчдийг бэлтгэж байсан. Дараа нь Болгар улсад уран бүтээлчдээ сургасан. Түүнээс хойш эдгээр мэргэжлийн хүмүүсийг бодлогоор бэлтгэсэн. Үүний үр дүнд Дуурийн театрыг 1963 онд нээсэн байгаа юм. Өнгөрсөн 30 жилд мэргэжлийн боловсон хүчний залгамж халааг бэлтгэх асуудал орхигдсон. Энэ бол зөвхөн Дуурийн театрын асуудал бус орон нутаг, нийслэлийн бүх театр, чуулгыг ажиглахад уран бүтээлийн удирдлагын түвшинд боловсон хүчин маш их дутагдалтай байна. Хөгжмийн зохиолч, хөгжмийн удирдаач, найруулагч ховор байна.
 
-Уран бүтээлийн үнэлэмж, үнэлгээнээс шалтгаалж бэлтгэсэн цөөхөн хэдэн хүн нь гадаад руу гарчихав уу?
 
-Гадагшаа гарсан уран бүтээлчид бий. Харин уран бүтээлийн удирдлагаас гадаадын улс орнууд руу гарсныг мэдэхгүй юм. Цагийн аясаар үлдсэн цөөн хэд нь одоо ажиллаж байна шүү дээ.
 
-Уран сангаа шинэчилнэ гэж яахыг хэлээд байна вэ. Хуучныгаа тордоно гэсэн үг үү. Гадаадад хөгжиж байгаа шинэ урсгалыг Монголд хөгжүүлэхийг хэлээд байна уу?
 
-Аль аль нь. Өмнө нь тайзнаа тавьж байсан бүтээлийг тордож сэргээх хэрэгтэй байна. Гэтэл хөгжмийн театрын бүтээл маш их өртгөөр бүтдэг. Зөвхөн хөгжимдөж дуулаад зогсохгүй хөгжмийн зэмсэг, тайз чимэглэл, уран бүтээлчдийн хувцас хэрэглэл гээд зардал өндөр. Тиймээс урын сангаа шинэчлэх хэрэгтэй байна. Манайд байгаа хувцаснууд элэгдэлд орчихсон, зарим нь социализмын үеийн шаардлагад нийцүүлэн хийсэн зүйл ч бий. Өмнө нь тавьж байсан бүтээлийн найруулгыг шинэчлэх шаардлагатай. Дуурийн урлаг хөгжсөн барууны орнуудад тайз декорацыг орчин цагийн нөхцөл байдал, хүмүүсийн сэтгэлгээнд ойрхноор шинэчилж үзэгчдэдээ хүргэж байна. Мэдээж “Хунт нуур”, “Жизель” бүжгэн жүжгийг орчин үеийн байдлаар тавих боломж байхгүй. Шижир алт шиг болчихсон бүтээлийг хөдөлгөх эрхгүй. Тэгэхээр өөрийн уран бүтээлчдийн бүтээлийг шинэчлэх шаардлага бий. Агуулгыг нь алдагдуулахгүйгээр өнөө цагийн хүмүүсийн сэтгэлгээнд тохируулан өөрчлөх нь чухал. Уран бүтээлийн гоо зүй, онол, философид аливаа уран бүтээлийн агуулга нь тодорхой цаг үед баригдах нь зохисгүй, бодит дүр байж болохгүй гэдэг. Хэрвээ ямар нэгэн шаардлагад баригдвал тухайн үедээ тоглогдоод хаягдчихна. Тэр үеийн нийгмийн хэрэгцээг хангачихаад дараа үед хэрэггүй болно гэсэн үг. Тиймээс социализмын үеийн манай гарамгай уран бүтээлчдийн бүтээлд авах гээхийн ухаанаар хандах шаардлага бий. Хэрвээ тэр хэвээрээ байвал уран бүтээлийн нэг үеийн түүхийг тэр чигээр нь баллуурдчих гээд байгаа юм. Бас шинэ уран бүтээл яахын аргагүй хэрэгтэй.
 
-Тухайлбал?
 
-Дуурь, балетын өнгөрсөн 70 жилийн түүхийг харахад түүх, домог, баатарлаг эх оронч сэдэв голлосон байдаг. Цаг үеэ дагаад тэр нь ч зөв сонголт байсан биз. Тэдгээр сэдэв өнөөдөр хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ орчин цагийн хүмүүсийн сэтгэлгээнд тааруулсан, хүүхэд залуусын сонирхлыг татсан сэдэв бас чухал. Өөрөөр хэлбэл, сэдвийн хувьд “Учиртай гурван толгой”, “Евгений Онегин” дуурь шиг ч юм уу. Хайр дурлал, орчин үеийн сэдэв өнөө цагт шаардлагатай. Гэхдээ энэ бол миний л бодол. Хамгийн сонгодог бүтээл “Ромео Жульетта” эсвэл “Лучиа де Ламмермур” гээд дурлалын гурвалжин шүү дээ. Хайр дурлал бол цаг үе болгонд байсан мөнхийн сэдэв. Тэгэхээр энэ мөнхийн сэдвийг барьсан шинэлэг хөг аялгуу, үг хэллэг, тайз декорацтай уран бүтээлүүд хэрэгтэй. Манай хөгжмийн зохиолч, яруу найрагч нар ийм сэдвийг бодох ёстой. Заавал дуурь, балет гээд сонгодог тогтсон төрөл зүйлд баригдах ч шаардлагагүй юм.
 
-Гэхдээ сонгодог бүтээл бол сонгодог л байдаг шүү дээ?
 
-Дуурь гэдэг төрөл 400 жилийн өмнө үүсэхдээ ихэс дээдсийн дунд орж ирсэн. Тухайн үедээ өмнө нь байгаагүй шинэ төрөл зүйл гараад ирсэн хэрэг. Тэр янзаараа явсаар өнөөдөр сонгодог урлаг болсон. Харин өнөөдөр дуурь дотроо олон салбар болж хөгжсөн. Одоо бол мюзиклийг дийлэнх улс орнууд тайзнаа амьдруулж байна. Мюзиклийг Америкийнх гэдэг. Гэхдээ тэгж харьяалах албагүй. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гээд урлагийн бүх төрлийг мюзикл агуулдаг. Манай улсад ч гэсэн мюзикл хийх гэж оролдож байна.
 
-Хэрвээ өөр соёлын, өөр хэл устай бүтээлийг оруулж ирэхээр бол анхаарах зүйл бас байна. Юу вэ гэвэл орчуулга. Тухайн улсын сэтгэлгээнд үндэслэн, зан заншлыг харгалзан үзэхгүй бол орчуулга “модон” болчихно?
 
-Орчуулгын талаар бид өмнө нь хэлэлцүүлгийн үеэр ярьсан.Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй хэлэлцүүлгийн үеэр “Хүмүүс бурхны тангад ном уншуулчихаад юу ч ойлгохгүй гараад явдаг шиг үзэгчид театрт ирж дуурь үзчихээд юу ч ойлгохгүй гараад байна” гэсэн. Тэгээд аливаа бүтээлийг монгол хэлээр орчуулаад гаргавал яасан юм бэ гэдэг саналаа хэлсэн. Гэтэл Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү “Дуурь, бүжгийн театр анх бий болоод дуурийг орос, итали хэлнээс Ж.Бадраа, Э.Оюун нарын эрхмийн тусламжтайгаар монгол хэл рүү буулгасан. 60, 70, 80 онд дуурийг монгол хэлээр үзэгчдэд хүргэсэн. Дараа нь бид эргээд эх хэлээр нь дуулсан” гэж хариулсан юм.
 
-Та судлаачийн хувьд хариулаач, дээрх тохиолдолд аль нь оновчтой юм бэ?
 
-Төрөлх хэлээр нь дуулах нь зөв байгаа юм. Яагаад гэвэл, үгийн дикц өөрчлөгдөнө. Хөгжмөөр бол хэмнэл нь өөрчлөгдөнө гэсэн үг. Гаднын бүтээлийг монгол хэл рүү орчуулахаар хөгжмийн хэмнэлтэйгээ таарахаа больчихдог. Жишээ нь, “Кармен” дуурь байна. Энэ бүтээлийг монгол хэлээр орчуулан хүргэхэд үзэгчдэд ойлгогдох талаасаа сайн ч хөгжмийн хувьд нарийн зүйлийг мэдрэх боломжгүй болгочихдог. Дээр нь дуучид болон найрал хөгжимчид хөгжимд нь тааруулах гэж яаж зовдог гэж санана. Тиймээс Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх “Кармен” дуурийг франц хэлээр нь дуулуулахаар болсон. Энэ шийдвэрийн дүнд дуу хөгжим бүгд таараад явчихсан шүү. Үүнээс тухайн бүтээлийг эх хэлээр нь тоглох учир нь харагдаж байгаа юм.
 
-Тэгэхээр үзэгчдийн боловсролын асуудал хөндөгдөнө?
 
-Тийм. Манай дуурийн театр франц, герман хэлээр бүтээл хүргэхдээ хажуугийн дэлгэцүүдэд субтитр монголоор тавьдаг. Хэрвээ хүсвэл агуулгыг нь монголоор хүлээн авах боломж нөхцөлийг бүрдүүлэн өгсөн. Энэ бол манай ч туршлага бус Орос, Өрнө дахинд байдаг зүйл. Үзэгчдийн боловсрол мэдээж чухал. Дээхнэ үед нийслэлийн сэхээтнүүд зорин ирж сонгодог бүтээл үздэг байсан. Тэр үед дуурь, балетыг бүх нийтэд хүргэх хэрэгтэй гэсэн төр засгийн бодлогыг баримталдаг. Тиймээс бямба, ням гарагт үйлдвэрийн ажилчид, цэргийн ангийнхан сонгодог бүтээл үздэг байсан юм. Өөрөөр хэлбэл, сонгодог урлагийн боловсролыг бүх нийтэд хүргэх оролдлогыг эртнээс хийдэг байж. Уран бүтээлчид үйлдвэрийн байранд нь очиж бүх нийтэд зориулан тоглодог байсан.
 
-Драмын театрын үзэгчдийн олонх нь 20-40 насныхан байдаг. Хэрвээ тэдний сонирхдог бүтээлийг Дуурийн театр тавибал үзэгчдийн цуваа тасрахгүй. Магадгүй маркетинг тал дээр анхаарвал орон зайгаа илүү өргөжүүлэх боломжтой бус уу?
 
-Дуурийн театрт ч гэсэн залуучууд ирдэг болсон шүү дээ. Тэр дундаа балет тоглоход маркетинг хийлтгүй үзэгчид хангалтгүй байдаг. “Хунт нуур”, “Жизель” балет тавихад би өөрөө үзье гэсэн ч тасалбар нь олддоггүй. Дуурийн хувьд маркетинг хийх шаардлагатай болдог. Балет үзэж байгаа үзэгчид насны хувьд харилцан адилгүй. Өсвөр үеийнхэн, залуус хүүхдээ дагуулаад ирдэг. Дуурь үзэж байгаа хүмүүс насны хувьд арай ахиу. Балетыг бодоход харьцангуй цөөн хүн үздэг. Дээр нь үзэгчдийн боловсролтой холбоотой. Ер нь сонгодог дуурийг тавихад үзэгчдийн заал поп тоглолт үзэх гэж байгаа шиг дүүрэх албагүй. Гадаадад 50-аас дээш насныхан дуурь их үзэж байна. Жишээ нь, Р.Вагнерын дуурийг хэр баргийн хүн тэсэж үзэхгүй. Хүн үзэх байтугай барагтай бол тэрхүү дуурийг тайзнаа тавьдаггүй. Яг үзье гэсэн хүмүүс л зорин очиж үздэг. Тэгэхээр дуурь бол нийтэд зориулсан “хөнгөн хоол” биш юм.
 
-Хөгжил дэвшил, боловсон хүчин, үзэгчдийн боловсрол бүгд их бага хэмжээгээр Дуурийн театрын урын санг баяжуулахад хамааралтай. Төгсгөлд нь, гадаад харилцааны талаар нэмж тодруулъя гэж бодлоо. Дуурийн театрт гаднын маэстро ирж дохиод явдаг. Энэ нь хэр өгөөжтэй гэж та бодож байна вэ?
 
-Дуурийн театр олон улсын жишгээр хоёр төрөл байна. Нэг нь урын сангийн театр буюу манай Дуурийн театр шиг байнгын ажиллагаатай. Ийм театр дэлхийн ихэнх оронд байна. Ялангуяа Орос улс урын сангийн олон театртай. Нөгөө нь менежментийн театр. Тодруулж хэлбэл, байшин, тайз декорац болон найрал хөгжим, найрал дуучидтай. Харин уран бүтээлч буюу гүйцэтгэгч-гол дүрүүдээ гэрээгээр ажиллуулдаг. Япон болон Европ зарим улс оронд менежментийн театрууд бий. Манайд гэрээгээр ажилладаг уран бүтээлч цөөнгүй. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон У.Уранцэцэг нар Италид байнга дуулж байна. Болгар улсад Д.Баясгалан, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр Унгар улсын театрт гэрээгээр дуулж байгаа. Мөн Оросын Марийнскийн театрт Т.Энхбат дуулж байна. Балетчдаас Гавьяат жүжигчин Э.Алтанхуяг зэрэг манай уран бүтээлч гэрээтэй ажилладаг. Манай театрын тухайд бол урын сангийн театр гэдэг багцад хамаарах биз. Гэхдээ хааяа Итали, Орос, Өмнөд Солонгосоос найруулагч, удирдаач ирдэг. Үүнд гадаад хамтын ажиллагаа их чухал болж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд гадагшаа явж тоглох боломжийг хайх шаардлага бидэнд бий. Гэхдээ ор тас явж үзээгүй гэсэн хэрэг биш.
 
-Тэгэхээр эндээс бидэнд юу хэрэгтэй байна гэж та дүгнэж байна вэ?
 
-Гадаад харилцаанд маркетинг менежмент хэрэгтэй. Дотоод ажилд уран бүтээлийн удирдлага чухал байгаа юм.
 
-Дуурь, балетын талаар яригдаж буй асуудлыг ажил хэрэг болгож хөрсөн дээр буулгахад хэчнээн жил шаардлагатай гэж харж байна вэ?
 
-Дуурийн театр бол хөгжмийн театр. Бас их цаг хугацаа шаарддаг урлаг юм. Сонгодог хөгжмийн түүхийг харахад нэг бүтээл хийхэд багадаа 3-5 жил шаардлагатай. А.Моцарт ч юм уу Ж.Россини нэг бүтээлээ 20 хоногт бичсэн гэдэг. Гэхдээ тэд хангамж сайтай байсан. Бүтээл хийхэд шаардагдах нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихдөг байсан гэсэн үг. А.Моцарт хааны захиалгаар дуурь бичлээ, шууд тайзан дээр тоглоно. Өөр зүйлд анхаарал хандуулах шаардлагагүй байжээ. Гэтэл Орост нэг дуурийг 10 жил бичээд ч дуусаагүй байдаг. Архив үзэхэд, манай театрын уран бүтээлчдийн хувьд нэг бүтээлийг хийхэд 4-8 жил үргэлжилдэг байсан. Үүний нэг нь Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн “Жаргал”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай “Үнэн” дууриа үзэгчдэд хүргэхэд дөрвөн жил зарцуулсан бөгөөд байнгын шүүмжлэлд өртдөг. Тэгээд байнга засвар хийж байсан тухай баримт байна. Тэгэхээр дуурь, балет бүтээхэд урт хугацаа шаардлагатай. Ингээд бодохоор Дуурийн театрын урын санг шинэчилнэ гэдэг нүсэр ажил юм.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин