Манай улс 12-17 насны 290 мянга орчим хүүхэдтэй. Хүүхдэд тохиолдох халдварын тохиолдол хамгийн өндөр орны тоонд орж байна. Тодруулбал, Монгол Улсад “COVID-19”-ийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш 25,038 хүүхэд өвчилжээ. Халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилж үзвэл, 0-4 насны 5690, 5-9 насны 8000, 10-14 насны 7597, 15-17 насны 3571 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ. Халдвар авсан хүүхдүүдийн 83.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээсээ халдвар авсан байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллийн үеэр онцоллоо. Тиймээс Засгийн газраас ирээдүй хойч үеэ хамгаалахын тулд дархлаажуулалтад хамруулж байна.
Монгол Улс 16-17 насны хүүхдүүдийг энэ сарын 16-наас “Файзер” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд 12-15 насны хүүхдүүдээ энэ сарын 28-наас вакцинжуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд энэ хугацаанд 12-15 насны 3390 хүүхэд уг вакциныг хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994,186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдсан болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Дархлаажуулалтыг нийслэлийн есөн дүүрэг тус бүрд 2-3 цэгт хийж байна.
Өнгөрсөн хугацаанд 12-15 насны 16-6 хувь, 16-17 насны 39.3 хувьд хүрэх хүүхэд вакцины I тун хийлгээд байна.
Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд “Файзер” үйлдвэрийн вакцин хийх бөгөөд ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм байна. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж. Уг вакцины II тунг 21 хоногийн дараа хийх бөгөөд тун хоорондын зайд халдвар авахаас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах учиртайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
ВАКЦИНД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр “Вакциндаа хамрагдаж амжаагүй байгаа бол Файзер, АстраЗенека, Синофарм вакцинаа хурдан хийлгэхийг зөвлөж байна. Дүүрэг, орон нутагт хийгдэж байна. Вакцинд эргэлзэх хэрэггүй. Ойролцоогоор нийт хүн амын 75 хувь нь вакцинд хамрагдаж эсвэл халдвар авсны дараа л дархлаа тогтож сүргийн дархлаа үүснэ. Ингэснээр вакцин хийлгэх боломжгүй, вакцин хийгээд ч дархлаа тогтохгүй хүн амаа халдвараас сэргийлэх боломжтой. Энэ нь жирэмсэн бүсгүйчүүд, хүүхдүүд, бусад эрсдэлт бүлгийн хүн амаа халдвараас сэргийлж чадах ганц зам юм” хэмээн онцолж байгаа юм.
ЭМЯ-ны НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан “Мөн хорт хавдартай хүүхдүүд, өмнө нь ямар нэг тарилга хийлгээд ухаан алдан унаж байсан өгүүлэмжтэй болон цус шингэлэх эсвэл цус бүлэгнэлтийн эмгэгтэй хүүхдүүд, дархлаа дарангуйлах, дархлааны системд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэг бол эмчийн хяналт дор тариаг хийнэ. Вакцин дангаараа халдвараас хамгаалахгүй тул амны хаалтаа тогтмол зүүх, олон хүн цугласан газарт болон битүү орчинд очихгүй байх хэрэгтэй” хэмээн зөвлөв. Эмийн хатуу хяналттай улс орнуудын туршлага, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны нотолгоонд үндэслэн Монгол Улсын Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооноос 12-15 насны хүүхдүүдийг “Файзер” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулах зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн. Хүүхэд асран хамгаалагчтайгаа дархлаажуулалтад хамрагдахаар ирэхдээ төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний аль нэгийг авч ирэх шаардлагатай. Мөн вакциныг хийлгэх хүүхэд дархлаажуулалтын цэгт эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт ирэх ёстой. Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь Зөвшөөрлийн хуудастай танилцан, гарын үсгээ зурна. Ингэснээр дархлаажуулалтын эмч хариу урвалын талаар болон гурав хоног тариулсан газартаа ус хүргэхгүй байх, хүйтэн зүйл ууж, идэхгүй байх гэх зэргээр анхаарах зүйлсийг хэлж тайлбарлаж өгөх тул сайтар тогтоох хэрэгтэй. Вакцин хийлгэсний дараа 15-30 ажиглалтын өрөөнд байх ба энэ хугацаанд хямарвал яаралтай тусламжийн өрөөнд оруулж хүчилтөрөгч өгөх,зүрх судсыг дэмжих арга хэмжээ авахаар бэлтгэсэн байх ажээ. Вакцины эсрэг заалтад I тунг хийлгэсний дараагаар хүнд хэлбэрийн харшил илэрсэн бол II тунг хийхгүй. Мөн вакцины найрлагад орсон аль нэг бодисоос хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч байсан бол, их халуурч байгаа үед, ямар нэг халдварт өвчтэй байгаа бол эдгэрснээс нь хойш сарын дараа вакцин хийхийг зөвлөж байгаа аж.
Вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, бөөлжих, нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх зэрэг томуу төст шинжүүд түгээмэл илэрдэг. Энэ тохиолдолд эмчээс зөвлөгөө авч тохирох эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.Эдгээр хөнгөн урвалууд нь бусад вакцины үед ч илэрдэг бөгөөд хүний биеийн дархлааны системийн нөлөөгөөр өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа тогтоож байгааг илэрхийлдэг ба 1-3 хоногт аяндаа зүгээр болдог. Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвалууд тогтвортой удаан хугацаанд үргэлжлэх эсвэл шинж тэмдгүүд хүндэрвэл харьяа өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж зөвлөгөө авахыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
ДЭЛХИЙН 23 ОРОН ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНЖУУЛЖ БАЙНА
БНХАУ энэ сард биотехнологийн “Синовак” хүрээлэнгийн хүүхдүүдэд зориулан бүтээсэн цар тахлын эсрэг вакциныг гурваас дээш насны бүх хүүхдэд яаралтай тусламжийн журмаар хийхийг зөвшөөрч, вакцинжуулалтыг даруй эхлүүлсэн байна. Харин Европын холбоо, АНУ, Канад тэргүүтэй барууны орнуудад Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хийхэд аюулгүйг батлан, хэрэглэж эхэлсэн. Тус компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр таваас 11 насны хүүхдүүдэд зориулсан вакцины туршилт удахгүй эхлэх бөгөөд энэ онд багтаан зөвшөөрөл авахаар төлөвлөжээ. Түүнээс гадна эрдэмтэд АНУ-ын Moderna компанийн бүтээсэн вакциныг 12-оос дээш насныханд аюулгүй хэмээн баталсан тул зөвшөөрөл хүлээж байгаа аж. Тодруулбал, БНХАУ энэ сарын 5-нд 3-17 насны бүх хүүхдээ “Синовак” хүрээлэнгийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн аж. Сингапур энэ сарын 1-нд 12-18 насны өсвөр настнуудаа “Файзер” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулж эхлэв. Япон өнгөрсөн сарын 28-наас эхлэн 12-оос дээш насны өсвөр настнуудаа “Файзер” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Филиппин өнгөрсөн сарын 26-наас 12-15 насны өсвөр настнуудаа “Файзер” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.
Ингээд вакцин хийлгэсэн хүүхэд болон эцэг эхийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Баянгол дүүргийн иргэн О.Элбэгзаяа:
-Удтал хүлээсний эцэст хүүхдүүддээ “Файзер” үйлдвэрийн вакцин хийлгэлээ. Зохион байгуулалт сайтай, цэгцтэй сайхан ажиллаж байна. Ороход л үүдэнд нь астра зенека, файзер, веросел вакцинуудаас хийлгээрэй гээд угтаж байна. Файзер нь зургаан ширхэгээрээ нэг саванд битүүмжилж, градус заасан хадгалалттай ирдэг гээд он, сар өдөр, задалсан цаг минутыг үзүүлээд маш сайн тайлбарлаж байна. Дэлхий даяараа вакцинд хамрагдахын тулд тэмцэлдэж байна. Бидэнд хүүхдүүдээ хамгаалах боломж олдсон дээр нь эцэг эхчүүд минь хүүхдүүддээ вакцинд идэвхтэй хамрагдуулаарай гэж хүсмээр байна. Вакцин л биднийг аливаа хүндрэл, эрсдэлээс хамгаалж чадна.
Б.Хишигжаргал:
-Бүх төрлийн харшилтай учраас өмнө нь вакцинжуулалтад хамрагдах боломжгүй байсан учраас Файзер вакцин хийлгэсэн. Файзер вакциныг олон төрлийн харшилтай хүмүүст хийж эхэлсэн нь “COVID-19” вирусийн халдвараас өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хамгаалах боломжийг олгож байна. Та бүхэн вакцинжуулалтдаа идэвхтэйгээр хамрагдаарай.
О.Төгөлдөр:
-Өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан. Өглөө эртлэн ирж, ачаалал багатай үеэр нь эхний тунгаа хийлгэсэн. Над шиг мянга мянган хүүхдүүд вакциндаа идэвхтэй хамрагдаж байна. Вакцин хийлгэснээс хойш гурав хоногийн дотор даарахгүй, халуун ногоотой хоол идэж болохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, усанд орж, кофе ууж болохгүй гэсэн зөвлөгөөг эмч сувилагч нар өгсөн.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Иргэдийг вакцинд нь идэвхтэй хамрагдуулсан шигээ шинжилгээнд идэвхтэй хамрагдуулчихаж болдоггүй юм байх даа.