sonin.mn

Өнгө алдаж, эвдэж хэмхэрсэн хана, хаалга, хашааг танигдахын аргагүй болтол өөрчилж болдгийг “Ногоонбаатар” наадмаас харсан. Нийслэлийн захын хорооллын гудамж талбайгаар явахад яг л галерейд орсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц урлагийн орчныг Чингэлтэй дүүрэгт байрлах “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд бүрдүүлж чадсан билээ. Иргэд ажлаа тараад харихдаа, хүүхдүүд гэрээсээ гараад явахдаа өнгө будгаар амилуулсан гэрэл гэгээтэй бүтээлүүдийг хардаг болжээ. Ингэж Улаанбаатар хотын гэр хорооллын нэг хэсэг өнгөлөг болсон. Тэгвэл тус хөгжүүлэлтийг харсан хүмүүс өөрсдийн хүрээлэн буй орчноо өөрчлөхийг хүсчээ. Энэ нь нэг хэсгээс нийтэд түгээж буй эерэг давлагаа билээ. Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, олон нийтийн нэрлэдгээр Долоон буудалд “Ногоонбаатар” наадамд оролцсон чөлөөт уран бүтээлчид хэсэг газарт өнгө нэмжээ. Хэдэн арван жил бахь байдгаараа байгаа энэ газарт дэлгүүр хоршоо нэмэгдсэнээс бус хийж бүтээсэн нүдэнд харагдах зүйл тун ховор.

 

Бор дарсанд толгойгоо мэдүүлсэн залуус хөлхөлдөж, хөлчүүрхсэн нэг нь бусдыг өдөн хоргоох үзэгдлийг Долоон буудлын хаанаас ч харах боломжтой. Сүүлийн хэдэн жил зам зассаныг эс тооцвол 10 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн зүйлгүй ажээ. Ийм газрыг өөрчлөх ажлыг Сүхбаатар дүүргийн XIV хорооны Засаг дарга эхлүүлж, “Ногоонбаатар” наадамд оролцсон уран бүтээлчдэд хандсан байна. Үүний дүнд хүмүүсийн нүднээс далд орших хэсэг газрыг зургаан өдрийн дотор ийнхүү өөрчилжээ. Хог шороондоо дарагдсан газрыг засаж тохижуулсан нь сайн хэрэг. Одоо үргэлжлүүлэн ногоон байгууламжтай болгочихвол ойр хавийн иргэд чөлөөт цагаа өнгөрөөх орчинтой болох юм. Цаашилбал, бусад хорооныхон үлгэр дуурайл авч өнгө нэмэх ажлыг үргэлжлүүлэх биз ээ.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин