сонин mn

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй киноны уран бүтээлчдийн талаарх сонин сайхнаас өмнө нь мэдээлж байсан. Тэдний зарим нь шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байсан юм. Тухайн үед нээлтээ хэзээ хийх нь тодорхойгүй байсан “Six feet” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсныг найруулагч дуулгалаа. Тодруулбал, найруулагч Б.Чингүүний “Six feet” киноны нээлт АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын кинотеатрт өнгөрсөн долоо хоногт болжээ. Тус киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичиж, АНУ-д ажиллаж, амьдарч буй жүжигчин Б.Болдбаатар продюсероор нь ажилласан юм. Харин киноны гол дүрд жүжигчин Ч.Сэлэнгэ тогложээ. “Six feet” кинонд цар тахлын үед Америкт амьдарч буй гадаадын иргэд хэрхэн хүнд хэцүү нөхцөлийг даван туулж буй талаар өгүүлдэг байна. Энэхүү кинондоо Монголын уран бүтээлчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэж байсан үеийг тусгаснаараа онцлогтой болжээ. Киног өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байсан ч коронавируст халдварын улмаас ийнхүү хэд хоногийн өмнө албан ёсоор нээлтээ хийлээ.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин