sonin.mn
КАЗАНЬ. /TASS/. ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотын Жаудата Файзи гудамжинд байдаг 175 дугаар дунд сургуульд 19 настай залуу гал нээсний улмаас 9 хүн амиа алдсан харамсалтай хэрэг мягмар гарагт гарчээ.
 
 
 
Юу тохиолдсон бэ?
 
Казанийн дунд сургуульд 09:20 цагт гал нээж эхэлсэн бөгөөд 09:25 цагт түгшүүрийн дохио иржээ. ОХУ-ын Боловсролын яамны эх сурвалжийн мэдээлснээр, тус сургуульд 714 хүүхэд, 70 ажилтан, 52 багш байсан аж.
Хорин минутын дараа сургуулиас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.
Эхлээд хоёр хүн гал нээж, хоёр дахь этгээдийг устгасан гэж мэдээлж байсан ч хожим нь энэ хэргийг ганц хүн үйлдсэн тухай мэдээлсэн байна.
Гэрчийн мэдэгдсэнээр, дэлбэрэлт болсны дараа гал нээж эхэлсэн байна. Хэд хэдэн хүүхэд гурван давхрын цонхноос үсэрчээ.
Татарстаны Ерөнхийлөгч Рустам Миннихановын мэдэгдсэнээр, дунд сургуульд гал нээсэн хэргийн улмаас 9 хүн амиа алдсаны дотор 7 хүүхэд, 1 багш, 1 эмэгтэй байсан аж. Нийт 21 хүн эмнэлэгт хүргэгдсэний дотор 18 хүүхэд, 3 хүн байжээ.
Боловсролын яамны мэдээлснээр, 8 хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.
Халдлага үйлдсэн этгээдийн тухайд
 
Гэмт этгээдийг баривчлан саатуулжээ. Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, гэмт этгээд 19 настай бөгөөд түүнийг Ильназ Галявиев гэдэг аж. Тэрбээр тус дунд сургуулийг дөрвөн жилийн өмнө төгсжээ.
 
Гэмт этгээд сургуулийн гол хаалгаар зэвсэгтэй өнгөрч, шууд гал нээж эхэлсэн байна.
Гэмт этгээдийн зэвсгийг сургуулиас олжээ.
Ильназ Галявиевын хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодорхойлохын тулд түүнийг сэтгэл зүйн болон сэтгэл мэдрэлийн цогц үзлэгт хамруулах аж. 
Эрх баригчдын хариу үйлдэл
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан хүмүүсийн төрөл садныханд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр зэвсгийн эргэлтийн дүрэм журмыг даруй чангатгахыг үүрэг болгосон байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин амиа алдсан хүмүүсийн ойр дотныхонд эмгэнэл илэрхийлж, болсон явдлыг хүнлэг бус, харгис явдал гэжээ.
Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Боловсролын сайд Сергей Кравцов нар Казань хотыг зорьжээ.
Татарстаны эрх баригчид тавдугаар сарын 12-ныг гашуудлын өдөр болгон зарлалаа.
Амиа алдагсад, шархадсан хүмүүсийн гэр бүл, дунд сургуульд тусламж үзүүлэхийг бүс нутгийн тэргүүн үүрэг болгожээ.
Аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг ОХУ-ын янз бүрийн бүс нутгийн сургалтын байгууллагуудад чангатгаж байгаа аж.
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг