sonin.mn
Соёлын Сайд Ч.Номин Унгар Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Обрушанскиг хүлээн авч уулзлаа. 
 
Талууд “Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулахаар хамтран ажиллаж байгаа тухай онцлон тэмдэглэв. Элчин сайд Обрушански Бат хааны тухай уран сайхны кино, Хүннү гүрний түүхэн баримтат киног Монгол Улсад хийхээр төлөвлөж байгаагаа дурдав. 
 
Энэ жил Монгол, Унгарын археологийн салбарын хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр улс цаашид энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцов. 
Мөн 2021 оны 9, 10 дугаар саруудад Монгол Улсад Унгарын соёлын өдрүүдийг, Унгар Улсад Монголын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах талаар талууд санал солилцов. Түүнчлэн энэ жил нээлтээ хийж буй “Чингис хаан” хаад, язгууртны музейд Унгар Улсаас холбогдох үзмэрүүдийн хуулбарыг авахад Элчин сайд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.