sonin.mn
Дэлхийн улс орнуудад цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж, иргэндээ наалдацтай ажлуудыг зохион байгуулсаар байна. Коронавируст халдварын энэ цагт монголчууд гадаадад хэрхэн тархан суурьшиж байсныг мэдлээ. Монгол хүний “хөл хүрээгүй газар” бараг үгүй гэж хэлэхэд буруудахааргүй болжээ. Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байсан монголчууд эх нутгаа зорин ирж, өдгөө ирэх хүсэлтэйгээ илэрхийлээд буй иргэд ч цөөнгүй байна. Гаднын улс оронд байгаа элэг нэгтнүүдээ татан авахад шийдвэр гаргагчдад цаг хугацаа шаардлагатай. Ийм цагт санаа сэтгэл нэгтэй байж, бусдадаа чадах чинээгээрээ тусалж байгаа эгэл иргэн олон байгаа юм. Тэдний нэгийг “Дэлхийн монгол” буланд онцоллоо. Түүнийг С.Мөнхмөр гэдэг. Арав гаруй жилийн өмнө мэргэжлээ дээшлүүлэхээр хилийн дээс алхсан тэр өдгөө Вашингтон мужийн Сиатл хотод ажиллаж, амьдарч байна. Хэдэн сарын өмнө хувийн орон сууцандаа засвар хийж, монголчууддаа туслахаар шийдсэн түүнтэй цахимаар холбогдлоо. С.Мөнхмөрийн тухай анх Америкаас ирсэн хүнээс сонссон. Тэрбээр нутаг буцахаар онгоцны буудалд хонон өнжин хүлээж байгаа монголчууддаа халуун хоол цай хүргэж яваа хариу нэхдэггүй ачтан юм. Бас хүний нутагт орох орон, очих газаргүй байгаа нэгэндээ тусалж байгаа гээд дурдвал олон зүйлийн талаар нурших болно. Тиймээс С.Мөнхмөрийн бидэнтэй цаг зав гарган хэдэн хором ярилцсаныг хүргэж байна.
 
 
-Таны хэдэн жилийн өмнө АНУ-д очсон талаар асууж ярилцлагаа эхэлье. Тухайн үед ямар зорилго өвөртлөн хилийн дээс алхсан бэ?
 
-Юуны түрүүнд надтай ярилцах санал тавьсан танай сонинд баярлалаа. Миний хувьд 2007 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод мэргэжил дээшлүүлэхээр анх ирсэн. Үүний зэрэгцээ энэ оронд мэргэжлээрээ ажиллах хүсэл өвөртлөн ирж байлаа.
 
-ШУТИС-ийг төгссөн тухай Америкаас ирсэн нэгэн хүнээс сонссон. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
 
-Би 2006 онд ШУТИС-ийн харьяа KТМС-ийг үйлдвэрийн автоматжуулалт, компьютерийн техник хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Одоо Сиатл хотод үйл ажиллагаа явуулдаг электроникийн PCB угсралтын компанид мэргэжлээрээ ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн Монголоос ирэхдээ бодсон нэг зорилгоо биелүүлсэн. Энэ компанид мэргэжлээрээ ажиллаад 10 жил болж байна.
 
-Хүний нутагт “хөлөө олох” амаргүй. Хүмүүсийн ярианаас сонсоход хэлний бэрхшээл хамгийн хэцүү нь байдаг гэсэн. Харин таны хувьд ямар байв?
 
-Эхний 1-2 жил амар байгаагүй. Юм бүхэн шинэ, хэнийг ч танихгүй. Бас хаана очиж, юу хөөцөлдөхөө ч мэдэхгүй газар ирчихээр амар санагдаагүй. Бүх бичиг баримтын асуудлаа зохицуулаад ажил төрөлтэй болоод тодорхой зээлийн эрх үүсгээд явах хүртэл багагүй хугацаа өнгөрдөг байлаа. Сүүлийн жилүүдэд АНУ-д ажиллаж, амьдрах монгол хүн олширч мэдээлэл авах суваг ч нэмэгдсэн.
 
-Гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарна хэмээн төлөвлөж авсан орон сууцаа хүний нутагт орон гэргүй гацсан монголчуудынхаа төлөө засаж тохижуулсан гэсэн. Орон сууцандаа одоо ч гэсэн монголчуудаа хүлээн авч байгаа юу?
 
-Манай орон сууцыг зорин ирсэн монголчуудын ажил нь бүтэж, сүүлийн хүн аравдугаар сард нүүгээд явсан. Зорьж ирсэн хүмүүсийн олонх нь гэртээ харих онгоцоо хүлээж байсан бол цөөн хэсэг нь Сиатл хотод ажилд орох, “хөлөө олтлоо” байр сууцтай байх зорилгоор ирсэн байсан юм. Тиймээс одоогийн байдлаар манай байранд хүнгүй болсон.
 
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн монгол иргэнд тусалсан бэ. Нисэх буудалд ойрхон амьдардаг болохоор эх орон руугаа явах гэж байгаа монголчууддаа халуун хоол, цай хүргэж өгдөг гэсэн?
 
-Өнгөрсөн онд тусгай үүргийн дөрвөн нислэгт хамрагдсан 80 хүн манай орон сууцанд ирж байрласан. Онгоцны буудал дээр эх орон руугаа буцах гэж байгаа хэчнээн монгол хүнд халуун хоол хүргэснийг хэлж мэдэхгүй юм. Бэлтгэж очсон хоол цайгаа бүх хүнд аягалж өгөхийг бодсоноос өөр зүйлийн талаар санаж байсангүй. Ер нь бол хоол цай хийх болгондоо 250-300 хүнийхээр бэлтгэсэн. Энэ ташрамд, уг үйлсэд мөнгө, мөтериал болон сайн дураараа ирж тусалж байсан монголчууддаа талархсанаа дахин илэрхийлье.
 
-Таны ажиллаж, амьдарч байгаа газарт шинэ коронавирусийн нөхцөл байдал одоо ямар байна вэ. Тодруулбал, гаднын иргэдэд хэрхэн хандаж байгаа бол?
 
-Миний амьдардаг Вашингтон мужид өнгөрсөн оны гурван сараас хойш нийт 286 мянган хүн коронавирусийн халдвар авч, тэдгээрээс 3909 нь нас барсан баримт байдаг. АНУ даяараа хэчнээн хүнд халдвар авсныг монголчууд мэдээгээр харсан л байх. Сиатл далайн эргийн хотуудын нэг. Энэ утгаараа гаднын, тэр тусмаа ази царайтай хүнд “COVID-19” анх илэрч байхад төв хөдөө мужийн хотуудад байсан шиг гадуурхсан явдал тийм ч олон гараагүй. Энд тэнд, мэр сэр ази гэдгээрээ гадуурхагдсан тохиолдлын тухай сонсож байсан үеийг бодвол одоо харьцангуй өөр болсон.
 
-Та “COVID-19”-ийн эсрэг вакцин тариулсан уу. Тариулаагүй байгаа бол ямар мэдээлэлтэй байна вэ?
 
-Би вакцин тариулах хүмүүсийн эхний жагсаалтад багтаагүй. Холбооны засгийн газраас барьж буй төлөвлөгөөгөөр бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундаас эхлээд эмзэг бүлгийн (ужиг өвчтэй, эсвэл 65-аас дээш насныхан), мөн тэргүүн эгнээний ажилтан (эмч, сувилагч гэх мэт ) вакцин хийлгэж эхэлсэн. Энэ оны дөрөвдүгээр сараас нийт хүн амыг вакцинжуулна, мөн энэ оны тавдугаар сарыг дуусахад хүн амын 70 хувийг вакцинжуулсан байна гэсэн төлөвлөгөө байсныг уншиж байсан. Шинэ Засгийн газар гарч ирээд энэ үйл явцыг түргэсгэх байх гэсэн найдлага тавиад сууж байна.
 
-Америкт Монголтой адилхан ипотекийн зэрэг зарим зээлийг түр зогсоосон. Энэ нь та бүхэнд томоохон дэмжлэг болж байгаа байх?
 
-Өнгөрсөн оны хавар АНУ-ын төр, засгаас цар тахлын хөлд нэрвэгдсэн иргэн болон бизнесүүдийг дэмжих зорилгоор CARES ACT-ыг баталсан. Үүгээр иргэн болон жижиг дунд бизнесүүдэд шууд чиглэсэн тусламжийг олгосон гэж ойлгож болно. Үүнд,
-“COVID -19”-өөс болж ажлаа алдсан иргэнд долоо хоног бүр 600 ам.долларыг тухайн мужийн ажилгүйдлийн нөхөн олговор дээр нэмж, 13 долоон хоногийн турш олгох,
Жижиг дунд бизнесүүд бүрэн өршөөгдөх боломжтой (хэрэв ажилчдаа цомхотгоогүй тохиол­долд) цалингийн зээлд хамрагдах,
-Мөн бизнес эрхлэгчдэд өмнөх жилийн орлогоос нь хамаарч 30 жилийн хугацаатай бага хүүтэй зээлийг олгосон (EIDL),
-Бичиг баримттай, татвараа төлдөг хүн бүрд (жилийн орлого нь 75 мянган ам.доллараас бага, гэрлэсэн бол 150 мянган доллараас бага байх) 1200, хүүхэд бүрд 500 ам.долларын нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн оны хавар олгосон. Энэ он гараад насанд хүрсэн хүн бүрд 600, хүүхэд бүрд 600 ам.доллар олгож эхэлсэн.
Ипотекийн зээлтэй иргэдэд 12 сар хүртэлх хугацаанд зээлээ төлөхгүй байх, мөн төчнөөн сарын дараа уг төлөөгүй төлбөр нь зээлийн дуусах хугацаанд 31 дэх жилээр автоматаар (зээлдэгч бүгдийг нь нэг дор төлөх чадваргүй үед) ордог байх хүртэлх боломжийг нээж өгсөн. Ажлын байраа алдсан эсвэл бизнес нь зогссон иргэдийн хувьд энэ нь том дэмжлэг болсон.
 
 
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин