sonin.mn

Мэргэжпийн хяналтын ерөнхий газраас улсын болон хувийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын үр дүнг өнгөрөгч баасан гаригт хэлэлцсэн. Шалгалтанд 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1140 эрүүл мэндийн байгууллага хамрагдсны 152 нь улсынх, 988 нь хувийн хэвшлийн эмнэлэг сувилал байжээ. Тус шалгалтаар улсын болон хувийн эмнэлгүүдээс 80 орчим нь зөрчил дутагдалтай гарчээ.

Улсын байцаагчын хэлж буйгаар зөрчилтэй эмнэлгүүдээс хувийн 18 эмнэлэг ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн дээрх эмнэлгүүдийн долоо нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмч мэргэжилтнүүд нь бичиг баримтын зөрчилтэй байжээ. Жишээ нь, сувилах эрхийн зөвшөөрөл сунгагдаагүй 33 их эмч, 50 сувилагч байсан байна. Энэ нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн МХЕГ-ын Эрүүл мэндийн хянатгын хэлтсийн дарга Д.Баярболд онцолж байсан юм.


Зарим эмнэлгүүдийн зөрчлөөс дурдвал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаш чулуун” физик эмчилгээний эмнэлэг нь мэргэжлийн сургууль төгсөөгүй бүрэн дунд боловсролтой хүнээр бариа засал хийлгэж байсан аж. Түүнчлэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Энх- жаргалан" хүүхдийн сувилал эрүүл мэндийн чиглэлээр сургууль төгссөн мэргэжлийн хүнгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Шалгалтаар зөрчил илэрсэн 80 орчим эмнэлэг шаардлага хангахгүй эм тариагаар иргэдэд үйлчилдэг болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, яаралтай тусламжийн чухал эм, тариа хугацаа нь дууссан байжээ.


Уг шалгалтад нийт 13928 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсанаас улсын эмнэлэгт ажилладаг 325 эмч, 60 сувилагч хувийн эрүүл мэндийн байгууллагад давхар ажилладаг болох нь тогтоогджээ. Энэ нь эмнэлгийн тусламжийг чанартай, хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хандлага үүсгэж байгаа талаар хуралд оролцогсод дурдаж байв. Түүнчлэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар зэрэг тусгай зөвшөөрөл олгодог байгууллагууд хангалтгүй ажилладаг байна хэмээн дүгнэсэн юм.


Дээрх зөрчлүүдийг арилгуулах зорилгоор 55 аж ахуйн байцаагчдын хамтарсан 163 заалт бүхий 55 албан шаардлага гаргаж хугацаатай үүрэг өгчээ. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан газруудын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн зогсоох тухай улсын байцаагчийн 82 акт үйлдэж шалгуулагч этгээдэд өгсөн байна. Түүнчлэн 26 байгууллага, 41 албан тушаалтанд 43 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, хууль бус олсон орлого болох 6.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй, хугацаа нь дууссан15 нэр төрлийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч устгалын комисст шилжүүлсэн аж.



Л.Алтанхишиг
Б.Одончимэг
Эх сурвалж: “Нийслэл Таймс”