Монгол Улс хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм бүтээснээ тунхагладаг ч энх цагт эр цэргүүдээ алдсаар байгаа нь гашуун үнэн. Цэргийн албаны дэглэлт бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийллийн хэлбэрээр илэрч байгааг харуулсан судалгаа олон бий.
Өөрөөр хэлбэл, цэргийн дүрмийн бус дэглэлтийн хуучин арга хэлбэр өнөөг хүртэл арилаагүй. Энэ байдал хүний амь нас, эрүүл мэнд хохирох, цэргийн албанаас оргон зайлах болон цэргийн албаны эсрэг ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байгаа нь ХЭҮК-ын судалгаанаас харагдаж байна.
Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт шигдэж хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, амь насанд халдаж буй эдгээр кейсүүд үе үеийн Батлан хамгаалахын сайд нарын үед байсан. Өнөөдөр салбарыг удирдаж байгаа бригадын генерал Г.Сайханбаярын үед ч амь бөхтэй оршсоор буйг онцлох нь зүйтэй.
Гагцхүү хэн нэгэн “нүүрээ” хамгаалахын тулд урт хугацаанд хийсэн мэргэжлийн байгууллагын судалгааг үг хэлээрээ үгүйсгэж болох ч цэргийн анги байгууллагад бодитоор оршиж буйг халхавчлах аргагүй юм. Бид энэ удаад цэргийн албаны дэглэлтийг салбарт нь ажиллаж буй офицер ахлагч хүлээн зөвшөөрч, дэргэдээс нь харж, биеэрээ туулж буй хугацаат цэргийн алба хаагчид юу гэж ярьсныг зөвхөн баримт буюу кейсээр хүргэж байна.
Кейс 1
...Олон хүн дотор янз янзын нөхөд бий шүү дээ. Зарим нэг байгаа байдал нь цаанаасаа нэг зэвүүн нөхдүүдийг цэргийн хүн чинь нэг тийм сүр үзүүлэх гэж, хатуу юм үзүүлчих гээд байдаг хандлага гаргадаг. Тэр утгаараа зоддог, нүддэг юм бий. Салаан захирагчаар заставт байхдаа би өөрөө бас яг тийм үзэл, хандлагатай байсан.
Жишээ нь бусдыг уруу татаад архи уучихдаг, нэг нөхрийг хүнгүй газар аваачиж байгаад даргаас нь нууж байгаад зоддог л байсан.
Согтуу архи уучихсан баригдвал даргад хэлэхгүйгээр гавлаж байгаад ус цацаад архийг нь гартал суниалгаад дэглэж л байсан. Гэхдээ тэр үеийн цэргүүдийг бодвол одоо гайгүй болчихсон байх аа...
(Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Кейс-2
...2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ...хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч дуугүй зогсоод байсан гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан...
(Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас)
Кейс-3
...Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс “...миний гар урд өдөр нь хавдсан байсан”...харуулын даргад “... даргаа миний гар өвдөөд байна би застав руу буцъя, та заставаас бүлэг дуудаад өг, миний бие болохгүй байна...” гэж хэлсэн. Дарга тэрийг сонсоод уурлаж харуулын байрны том өрөөнд хоёр АКМ маркийн буу ил байсныг аваад намайг гал тогооны өрөөнд оруулж зодсон.
Бууны бөгсөөр цээжин тус газар хэд хэдэн удаа цохисон, ташаан толгой руу цохисон. Тэгээд би өвдөөд уйлсан.
Хамгийн сүүлд миний идээлсэн гар руу цохисон ... нэг магазин сум өгсөн..... би хоёр бай буудаж үзсэн... айгаад намайг зодох нь гэж бодсон... нэг мэдэхэд хүний аминд хүрсэн байсан...” ....Хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бусаар харьцаж зоддог, дарамталдаг, дэглэдэг байсан нь тогтоогдсон тул хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй...
(Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийтгэх тогтоолоос)
Кейс-4
-Эхэндээ шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг... Ялангуяа шинэхэн офицерууд ахлагч нараа, ахлагч нар хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно... цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална..
Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй... Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг... Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана.
Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ. Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө... Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд 1 км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь ахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна...
(ЗХ-ний ...дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)
Кейс-5
...Манай дарга нар их бүдүүлэг, ёс суртахуунгүй ш дээ... бүдүүлэг, бүдүүлэг үг хэлнэ, хүнийг янз бүрийн нэр хоч өгч дуудна, хэл амаар доромжилно, тэр нэг хачин юм, авгай шиг юм гэх мэтээр сэтгэлээр унатал нь доромжилдог...
(Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Кейс-6
...2019 оны ... дугаар..-ны өдөр ... дугаар ангийн ... дугаар заставт ...... гэх газарт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг гарсан. ...гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ, нуугаад яахав үнэхээр шантарч байна.” гэж ярьж байсан.....
(Прокурорын ... дугаар тогтоол)
Кейс-7
...Зэвсэгт хүчний... дугаар анги, “...байлдагч ...-ийн ар гэрээс шилжүүлсэн 50000 төгрөгийг хувийн дансаар авсан, түүнийгээ хувьдаа хэрэглэж 2021 оны ... дүгээр сарын... -ний өдөр захисан эд зүйлийг нь буцаан авч өгсөн гэх тайлбарыг өгсөн....
(ХЭҮК-ын хяналт шалгалтын илтгэх хуудас....)
Кейс-8
...Зэвсэгт хүчний ... дугаар анги “...чөлөөгөөр гарах үед захирагч нь өөрийн гар утасны батарей, микрофоныг засуулаад ир гээд утсаа өгсөн. Түүнийг засуулах 80000 төгрөг байхгүй тул чадаагүй, зодуулахаас айсан учраас ангийн байрлалд эргэн ирээгүй явсан.... улмаар 2015 оны...дүгээр сарын...-ны өдөр сургуулиас компьютер хулгай хийсэн гэмт хэрэгт холбогджээ.
(Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
Кейс-9
.... Ер нь бол хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж авсан. Яах гэж байгаа юм бэ гэхээр “хэрэг байнаа” л гэдэг байсан. Миний хүү тамхи татдаггүй. Бид хөдөө мал дээр байдаг хүмүүс учраас ах, дүү нартаа хэлж байж хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Одоо би мөнгө шилжүүлж байсан баримтаа цуглуулах санаатай байна. Миний санаж байгаагаар цэрэгт очоод удаагүй байхдаа 40.000 төгрөг авсан. Мөн цагаан сараас өмнө ах дүү нараасаа маш олон удаа мөнгө нэхсэн байсан.
(ХЭҮК-оос гэмт хэрэгт холбогдсон хугацаат цэргийн алба хаагчийн ар гэртэй нь хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
Кейс-10
...Зэвсэгт хүчин...“Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан... Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан”
(2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс)
Кейс-11
...Хилийн цэрэг.... намайг хониндоо яв “П” минь, түлш оруул, хоол хий гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон миний эм болно шүү гээд намайг тонгой гээд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан... 22:00 цагийн үед....
(Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
Кейс-12
...Зэвсэгт хүчний анги ... 2021 оны ... дугаар сард түрүүч нарыг үгэнд орсонгүй гэсэн шалтгаанаар 2 дугаар ротын 16 тоот дасгалын 14 дүгээр байрлалаар 30-40 минут зогсоосон тул ахлагчид сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй....
(ХЭҮК-ын хяналт шалгалтын материал)
Кейс-13
..Хилийн цэргийн ... дүгээр ангийн заставын нэр бүхий гурван алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн 17 алба хаагчийг 2020 оны...сараас 2021 оны .... сар хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, суниалгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар шийтгэсэн...
(ХЭҮК-ын ажилтан гэмт хэрэгт холбогдсон цэргийн алба хаагчтай хийсэн ярилцлагаас)
Кейс-14
...Зэвсэгт хүчний .. дугаар ангийн цэргийн гал тогоо, хугацаат цэргийн алба хаагчдын халуун усны өрөө, ажилчдын ариун цэврийн өрөө зэрэг нь авто баазын гражийн зориулалттай барилгад байрлаж, дээврээс хурын ус гоождог, дулаан их алддаг, төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургад холбогдоогүй, агааржуулалтын системгүй, тоосгоны бат бэх, усанд тэсвэрлэх чадамж буурсан, зарим дам нуруу, багана суулт өгсөн, дотор, гадна шавардлага ховхорсон, ан цав үүссэн, барилгын хаяавч хагаралтай, суурь руу хөрсний ус орох нөхцөл бүрдсэн, дулааны шугам сүлжээ муудсан, ус гоождог зэргээр эрүүл, ахуй болон барилгын стандартын шаардлага хангахгүй орчин нөхцөлд тус тус үйл ажиллагаа явуулж...
(Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээс)
Кейс-15
..Зэвсэгт хүчинд ... Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан, цэвэрлэгээ муу хийсэн, цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн ...
(Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
Кейс-16
...Дарга нар ар гэртээ гаргасан уур бухимдлаа ажил дээр ирж бидэнд гаргах, шалтгаангүй жижиг зүйл дээрээс уурлан бухимдаж биеийн тамирын дасгал сургуулилалт удаан хугацаагаар хийлгэх, номхон зогсоох, нойрноос хасах зэрэг дүрмийн бус үйлдэл гаргаж, уур бухимдлаа бидэнд гаргадаг...
(Социологийн судалгааны тайлангаас)
Кейс-17
...Цэрэгт байхад өргөдөл, гомдол гаргах юм бол ахлагч, офицерууд үздэггүй учраас өөртөө дайсан бэлдэж байна гэсэн үг. Одоо гэртээ эсэн мэнд ирснээс хойш элдэв юм яриад яахав дээ. Манай ахлагч, офицерууд гэртээ хариад гэрийнхээ хаалгаар орсон цагтаа л ард болсон гэж бодоорой гэж хэлдэг байсан...
(2019 онд хугацаат цэргийн алба хаасан иргэнтэй хийсэн ярилцлагаас)
С.Бэрс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(15)
Одоогийн Монголд арми байх ямар ч хэрэггүй ! Хятад түрэмгийллээ гэхэд хятадын ганц онгоцны довтолгоог няцааж чадахгүй шүү дэ ! Хятад ганц дивиз цэргээр л 3 хоногийн дотор Монголыг эзэлчихнэ ! Энэ одоогийн цэрэг мэрэг болж тоглоод байгаа хүмүүсийг болиулаад өөр ажилд оруулах юмуу байшин барилга бариулж сургах хэрэгтэй !
Чимээгүй мэрж дуусгана гэж бодож бга бол май шүү эхлээд цэрэггүй болгоод дараа нь гадны хэдэн цагдаагаа оруулж ирэх үү
орос школоос салаагүй манай арми орос ахаас сурсан цэрэг яраглах дедовщина байсаар байна Монголын яруу алдарт арми Дедовщина хоёроо ялгаж байгаарай Харамсалтай нь орост сурсан манай армийн генерал,хурандаа,офицериуд дедовщинаас салахгүй зууралдаж Монголын армийн нэр төрийг харлуулсаар байна Ардчилсан Монголд дедовщина байж болохгүй Эцэст нь жижигхэн арми дэлхийд 2т ордог оросын аварга том армийг ялж болдгийг Украйн харууллаа Монголын жижиг арми украйн шиг байхад 2 хөрш бид нарыг айлгаж чадахгүй ээ
Хайран эрчууд Хайран цаг хугацаа Цомхон мэргэжлийн армитай болох хэоэгтэй Цэрэгт харгислал узмэн хориодхон настай залуучууд гэртээ хариад гэр булийн хучирхийлэл л хийж байна Эмэгтэйчуудийн байгууллагууд энийг онцгой анхаараачээ
Энэ яагаад ийм худлаа юм бичээд араас нь ЗХ хэрэггүй энэ тэр гэсэн захиалгатай юм шиг сэтгэгдлүүд орж ирээд бна .гадны гар хөлүүд ажиллаад бга юм биш үү
Худлаа хандалт авах гээд ядчих юм. бидний ойр орчинд алба хаасан өчнөөн залуучууд ийм асуудал бгүй гээд үгүйсгээд бгаа шүү дээ
Gants oldoh amidral shuudee
Үүнийгээ энэ цэргийн эрхэм генерал цол авч ард түмний татварын мөнгөөр амьдарч байгаагаа яагаад ухамсарладаггүй,ардын хүүхдийг алагчлалгүй сайхан хүмүүжүүлээд гаргаад явуулчихаж болдоггүй юм бэ? Ер нь энэ дэглэлт томоохон цол хэргэмтэй офицеруудаас эхлэх ёстой гэж үзэж байна тэгээд шат дараалан доошоо үе шаттай томоохон ажил зохиох шаардлагтай гэж үзэж байна. Арми,Хилийн цэрэг нэг л бишээ? Энэ бол үнэн л зүйл Арми,Хилийн цэрэгт томоохон цэвэрлэгээ хийх цаг ирсэн байна гэдгийг харуулж байгаа хэрэг.
Ер нь бол украйны зеленский шиг сайн дурын жүжигчид юу ч гэж зохиож ярина шүү. Тэгэхдээ үүнийг хайхрахгүй хаяж болохгүй. Цэрэгт ижил хүйстэн хүн хогнуудыг татахгүй байх нь зөв байх.Тэгэхээр манай бүх залуучууд цэргийн албанаас зугтаж ижил хүйстэн болж бас жүжиглэх байх. Ард түмэн бол адгийн новшнууд шүү дээ. Өөрсдийгөө ард түмэн гэж нэрлэсэн хүн хогнууд өдөр,цаг бүр хүн алж,хүүхэд хүчирхийлж,хулгай хийж,луйвардаж,зөрчил гаргаж ,хүүхэд дайрч байдаг юм даа. Ард түмэн дандаа зөв байдаггүй.
Ingej baahan novshnuud beldej, bidnii tatvariin mungiig urj bhaar tatan buulgah heregtei. Ednii bldah gej yu bdgiin. Ene degledeg garuud tsagaa tulahaar bugd zugtana.
БАЙНГЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ БАЙХ АТАЛ КАЗАРМДАА ИНГЭЖ ШОРОНГИЙН ДЭГ ЯВУУЛЖ БАЙВАЛ ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХИЙХ ЗҮЙЛ БАГА БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ!
Монголд цэрэг арми үнэндээ хэрэггүй цэрэг цагдаа гэж аль ажлаас зугатаж хүн дарамталж авилгаар амьдрах гэсэн аймхай хулчгар ажилгүй архичин авгайчин аль бүтэхгүй гаруудын бөөгнөрөл болсон л газар Армийг татан буулгаж цагдааг 50 хүртэл хувь цомхотговол монгол улсын эдийн засагт ашигтай татвар төлөгчдийн мөнгөөр ажилгүй архичин авилгачдыг тэжээх шаардлагагүй болж төсөв хэмнэгдэж эдийн засагт тус болохоос өөр гарзгүй Ямар ч бүтээсэн хийсэн юмгүй НДШ төлдөггүй мөртлөө хамгийн өндөр тэтгэвэр авдаг арми нэртэй татвар төлөгчдийн мөнгийг хамгийн их ашиггүй зарцуулдаг газар байх шаардлага өнөөгийн монголд алга
цэргүүдийг дэглэснээс болж олон хүн хожим гь элэгний хатуурал өвчлөл үүсдэг ч байж магадгүй юм даа элэгний хальс гэмтдэг Офицер ахлагч нар нь татвар төлөгч нарын мөнгөөр цалинждаг гэдгээ ухаарч Эцэг болох хүүхдүүдийг зөв хүмүүжүүлж бие бялдрыг нь хөгжүүлэх хэрэгтэй юм даа Мэдээж ганц нэгэнд нь шанаа өгөлгүй яахав гэхдээ хэтрүүлж яавч болохгүй
Zuunbayan Zugeergui gazar, Zuleg nogoo urgadaggui gazar geed l... Sengenesen saihan shanaa avaad untah hun baina uu gej JA asuuhad shiirtei neg n' erthen shanaagaa avaad untahaa bodno biz dee
кейс мейс гээд гэж яриад байх юу байна.