sonin.mn
Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг ганц тоонд оруулах маш чухал хууль болох “Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл”-ийг УИХ удахгүй хэлэлцэн батлах гэж байна.
 
УИХ нь баталж, Засгийн газрын тэргүүн нь гарын үсэг зурсан Олон Улсын гэрээнүүдээ зөрчин, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ хөсөрдүүлж авлигад идэгдэн далд эдийн засгийг хөгжүүлээд байна гэж Монголчууд бид “Саарал жагсаалт”-д орж байсан нь тун саяхан. Ганц жишээ авахад, Монгол Улсын Олон улсын гэрээгээр монголчууд бид жил болгон байгалийн ургамлын нийт нөөцийг тархалт, нягтшилт, насжилтаар нь харин ан амьтдын нийт нөөцийг нас, хүйсээр нь нарийвчлан гаргаж үүн дээрээ үндэслэн цаашид тархалт нөөцийг нь хэвээр хадгалах эсвэл өсгөх нөхцөлийг тусгасан тухайн жилд ашиглах нөөцөө Олон Улсын гэрээний Нарийн бичгийн газарт явуулах үүрэгтэй байдаг. Ингээд манай судлаачид олон улсын судлаачидтай ашиглах нөөцийнхөө шинжлэх ухааны үндэслэлийг хамгаалж 30 хоног “ном хаялцах” үүрэгтэй. Олон Улсын гэрээний Нарийн бичгийн газар яг 31 дэх хоног дээр нь манай нөөцийг өөрийн вэб сайт дээрээ тавьж Монгол Улсын тухайн жилд ашиглах нөөц олон улсын гэрээний дагуу хууль ёсных болсон шүү гэдгийг дэлхий нийтэд зарлах үүрэгтэй байдаг. Олон Улсын гэрээний дагуу хууль ёсны болсон манай амьтан, ургамлын нөөц буюу квотыг авах гэж дэлхийнхэн үнэ хаялцдаг. Ийнхүү нэг идлэг шонхорыг 200 000 ам.доллар, нэг Алтайн угалзыг 150 000 ам.доллараар хэн эсвэл ямар байгууллага худалдан авах гэж байгаа нь бүх нийтэд ил тод болдог учиртай. Ургамал ч мөн яг адил. Ингэж л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр амьтан, ургамал өсөн арвиждаг.
 
Харин манай БОАЖЯ хааяа улсын төсвөөр амьтан, ургамлын тойм нөөц гаргаж олон улсын гэрээгээ зөрчин өөрсдөө Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөл гаргуулдаг.
Иймээс яамны түшмэд авлигад холбогдон хулгайн ан, хууль бус ургамал олборлолт цэцэглэж амьтан, ургамлын нөөц жилээс жилд багасаж эх орон нь цөлждөг. Яг үнэндээ манай БОАЖЯ авлигад идэгдэн олон улсын гэрээгээ зөрчдөг тойм нөөцөө ч гаргаж чадахгүй болсон. Яамнаас Монголын тууртан амьтдын тоо толгойг тогтоох зорилготой, улсын төсвийн 100 гаран сая төгрөгийн тендер юу болсныг асуухад л энд авлига ямар байдалтай байгаа нь хэнд ч шууд ойлгогдоно.
Олон Улсын гэрээгээр амьтан, ургамлын нарийвчилсан яг таг тоо, нөөцийг улсын төсвөөр бус ашиглаж байгаа талын хөрөнгөөр жил болгон гаргах ёстой юм. Маш товчоор олон улсын зах зээлд 200 000$ хүрч буй идлэг шонхорын 16-хан мянгыг нь, 150 000$ хүрдэг Алтайн угалзнаас 20-хон мянгыг нь нийтийн төсөвт тушааж үлдсэнийх нь нэлээд хэсгийг халааслах боломж манай авлигачдад олгодог хуулийг тэр хэвээр нь манай УИХ батлан гаргах гэж байна! Татвар ч төлдөггүй ийм авлигыг л далд эдийн засаг гэдэг! БОАЖЯ-ны түшмэдүүд авлигаар баяжин монголчууд биднийг түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамал, цэвэр усны нөөцтэй болгож, газар нутгийг минь бүхэлд нь цөлжүүлж байгаа тэр тогтолцоог бид яг хэвээр нь хуульчлах гэж байна!! Бид ухаант өвөг дээдсээс өвлүүлсэн юугаар ч сольшгүй үнэт баялаг болох байгаль орчноо авлигачдаас хамгаалж хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх алтан боломжоо алдах гэж байна!!! Иймээс “Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл”-ийн 3.1-ийн 1-д “Энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан этгээд Монгол Улсын олон улсын холбогдох гэрээнд заасны дагуу зөвшөөрлийг олгох бөгөөд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвшөөрөл олгох бүрэн эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэж нэмэлт оруулж авлигачдад бус нийтийн эрх ашигт нийцүүлэн нэмэлт оруулахыг та бүхэнд албан ёсоор санал болгож байна.
 
Мал амьтан ухаантай. Харин хүн сэтгэдэг гэдгээрээ эдгээрээс ялгаатай. Авлигачдад сэтгэх бус мал, амьтантай адил ухаан байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл “Нийтийн эрх ашгийг хамгаалах нь өөрийн эрх ашгийг хамгаалж буй хамгийн шилдэг арга” гэдгийг ойлгоход ухаан бус сэтгэх шаардлагатай болно гэсэн үг. Хэдийгээр ганц бар арслангаас хүчтэй ч хүмүүс барыг бус арсланг дээдэлж ирсэн. Учир нь бар, ирвэс ганцаар амьдардаг бол арслан хүн шиг нийгмээрээ амьдарч хэдэн арав дахин илүү хүчтэй болдог юм.
 
Ер нь манай их хурлын гишүүд сайн сайханд тэмүүлэх сэтгэл дээрээ шинжлэх ухаан гээч юмыг заавал хамтатгах ёстой гэдгийг байнга санаж ажилламаар байна. Аугаа болгон энгийн, энгийн болгон аугаа байдаг. Энэ бол шинжлэх ухааны амин сүнс буюу үндсэн зарчим бөгөөд аливаа асуудлыг цогцоор нь хар гэсэн үг.
Өнөөдрөөс 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий бий болоход манай ертөнц үүссэн хугацааны 3/2 аль хэдийнэ өнгөрчихсөн байв. Далайд 500 сая жилийн өмнө яст загас бий болсон нь та бидний өвөг юм. 400 сая жилийн өмнө амьтад далайгаас хуурай газарт гарч ирэв. Сүүлийн, ээлжит их мөстлөг дэлхийг бүрхэж галт уулсын ачаар мөсөн бүрхүүл хайлж, үр дүнд нь гурван сая жилийн өмнө үетэн /өвс/ хэмээх ургамал шинээр үүсч, улмаар энэ ургамлаар хооллодог тууртангууд бий болжээ. Ийнхүү 10 мянган жилийн өмнө үетэнг тариалж суурьшмал, тууртанг гаршуулж нүүдлийн соёл иргэншил бий болов. 1780 онд уурын хөдөлгүүр бүтээж Аж үйлдвэрийн I хувьсгал гарснаар өнөөдрийн бидний хотжилт бий болж суурьшмал болон нүүдлийн соёл иргэншил нэгдэв. 1870 онд цахилгаанжуулалт гэх Аж үйлдвэрийн II хувьсгал, 1960 онд автоматжуулалт гэх Аж үйлдвэрийн III хувьсгал, персональ компьютер хүн бүрийн ширээн дээр ирснээр Хиймэл оюун ухааны гэх Аж үйлдвэрийн IV хувьсгал гарч бид өнөөдрийн хөгжил дэвшилд хүрээд байна. Энэ нь хүн төрөлхтний орчин үеийн хөгжил дэвшил ердөө 242 жилийн настай гэсэн үг.
 
 
Аж үйлдвэрийн хувьсгал нь Оюуны өмчийн гэрчилгээ хэмээх хөдлөх хөрөнгийн оргил цэгийг бий болгосон явдал бөгөөд биднийг хөгжил дэвшилд хөтөлсөн дэлхийн бүх тэрбумтангууд оюуны өмчийн эзэд билээ. Энэ нь та сая хүнд хэрэгтэй зүйл хийвэл саятан, тэрбум хүнд хэрэгтэй юм хийвэл тэрбумтан болдог гэсэн үг. Бас аз жаргал мөнгөнд бус мөнгө олж буй арганд чинь байдаг гэсэн үг.
 
 
Харин Оюуны өмч гэдэг нь НҮБ-ын конвенцийн дагуу нийтийн эрх ашгийг хангах зориулалттай шинэ технологи юм. Тэгвэл хууль гэдэг нь мөн л хүмүүсийн харилцааг нийтийн эрх ашигт тохируулан институт болгон зохицуулж буй хууль, эрх зүйн акт билээ. Өөрөөр хэлбэл, Оюуны өмч хуулийг бус хууль нь Оюуны өмчийг дэмжих ёстой болж таарч байна. Үүнийг л шинжлэх ухааны үндэслэл гээд байгаа юм. “Аугаа болгон энгийн, энгийн болгон аугаа байдаг” гэсэн шинжлэх ухааны үндсэн зарчим гэж ердөө л энэ. Иймээс бид “Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл’’-д “Оюуны өмчийн гэрчилгээ нь тухайн гэрчилгээнд заагдсан сэдвээр тусгай болон энгийн зөвшөөрөл авсан баталгаа болно” гэсэн заалтыг тусгайлан онцолж заавал оруулах саналтай байна.
 
Английн “Олон хүн дотор олон тэнэг байдаг” гэсэн зүйр цэцэн үг бий. Энэ нь олон хүн дотор тухайн асуудлыг мэддэг хүн маш цөөн байдаг гэсэн үг. Тэгвэл тухайн асуудлыг мэддэг олон хүн дунд байдаг тэр цөөн хүн нь Оюуны өмчийн гэрчилгээний эзэд билээ. Энэхүү заалтын зөв болохыг батлан тайлбарлах ганц жишээ авахад, Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “Монголчууд тэрбум мод тарьж ургуулна” гэж дэлхий нийтэд амласан. Тэгвэл манай судлаачид модны үрийг хурдан үрслүүлж, ургаж буй мөчрийг шууд үндэслүүлж мод тарьдаг дэвшилтэт технологиор оюуны өмчийн хэд хэдэн гэрчилгээ аваад байна. Ингэснээр мод тарихад их хэмжээний үр түүх, түүсэн тэр их үрээ үрслүүлэн ургуулж тордох, үүнд зориулан тусгай теплиц барих, үрслүүрийн сав, бордоо бэлдэх, байнга услах, хүн ажиллуулж цалинжуулах, тээвэрлэх гэх мэт маш олон шат дамжлага хөрөнгө, мөнгийг хэмнэж хамгийн гол нь модны үрийг үрслүүлж гурван жилийн дараа тарьж хугацаа алддагийг болиулсан. Тэд ургамал судлаачид, микробиологч, агрономичдын хамтарсан ажлын хэсэг байгуулан тарьсан мод, бут, сөөгийг хурдан ургуулдаг технологиор оюуны өмчийн гэрчилгээ авахаар өнөөдөр маш амжилттай ажиллаж байна. Одоогоор ийм технологи дэлхийн аль ч улсад гараагүй байгаа юм. Ийм хүмүүсийн хайран цаг хугацааг “алж”, вальютаар авдаг баахан цаас хий дэмий үрүүлэн “Ургамлын мэргэжлийн байгууллагын эрх” гэх тусгай зөвшөөрөл авахуулахаар БОАЖЯ руу явуулах ямар ч шаардлага байхгүй. Хэрэв эдгээр иргэдийн оюуны өмчийн гэрчилгээ нь тусгай зөвшөөрөл мөн гэдгийг хуульчлаад өгчихвөл үнэхээр шинжлэх ухааны үндэстэй бас авилгаас ангид үйлдэл болох нь гарцаагүй!
 
“Parliament.mn” дээр байгаа “Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл” хурдан хугацаанд иргэдэд хариу өгөх дэвшилттэй болсон ч авлигын тогтолцоог тэр хэвээр нь хадгалж үлдэхээр байгааг хатуу анхаарах шаардлагатай байна. Энэхүү төсөлд “Нийтийн эрх ашгийг хамгаалах” дээрх хоёр нэмэлтийг оруулахгүйгээр УИХ баталбал гишүүн Х.Ганхуяг ахлагчтай ажлын хэсэг Эрүүгийн хуулийн Авлигын гэмт хэрэг гэсэн Хорин хоёрдугаар бүлгийн холбогдох заалтуудаар эрүүгийн хариуцлага хүлээх болзлыг бүрэн хангах ба Монгол Улсынхаа авлигын төсөөллийн индексийг дан тоонд оруулах тухай бид бодох ч хэрэггүй болно гэсэн үг. Энэ нь бид олон улсад “засаршгүй авилгачид” хэмээгдэн саарал бус бүр “Хар жагсаалт”-д ч орох магадлалтай болно гэсэн үг. Уг нь бид авлигачдыг бий болгон шоронд хийх гээд байгаа бус авлигагүйгээр хүн шиг амьдарч улс, эх орноо хөгжүүлэн хойч үедээ сайн сайхан ирээдүй үлдээе гэж л хичээж байгаа билээ.
 
 
Монголын амьтан, ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Амарсанаа