sonin.mn
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талд барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орсон гэх гомдол иргэнээс холбогдох байгууллагад ирсэн. Уг гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй  “Бумбын шовх” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.
 
 
Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир “Иргэнээс ирсэн мэдэгдлийн дагуу уг компанид Нийслэлийн Ерөнхий архитекторын шаардах хуудсыг хүргүүллээ. Шаардах хуудсанд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, аюулгүйн бэхэлгээ хийх шаардлагыг тавьсан” гэв.
 
 
“Бумбын шовх” ХХК нь 2020 онд Глобал таун барихаар барилгын ажлын зөвшөөрөл авчээ. Тус компани барилгын хашаагаа явган хүний зорчих хэсэг рүү давуулан бариад удаагүй байсан бөгөөд өнөөдөртөө багтаан хашаагаа эргүүлэн татахаа мэдэгдсэн юм.
 
Хот байгуулалт, хөгжлийн газар иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг тухай бүрд нь шийдвэрлэхээр ажиллаж байна.