
МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /DW/. Сирийн ерөнхийлөгчийн суудлаас түлхэгдэн унасныхаа дараа ОХУ руу зугтан гарсан Башар Асадыг шилжүүлэн өгөх тухай Сирийн шинэ засгийн газрын хүсэлтэд Оросын тал татгалзсан хариу өгчээ. Сирийн түр ерөнхийлөгч, жихадуудын "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн толгойлогч Ахмед аш-Шараа “The New York Times” (NYT) сонинд өчигдөр ярилцлага өгөхдөө, дээрх хүсэлтийг Оросын эрх баригчдад өнгөрсөн нэгдүгээр сард уламжилсан болохыг мэдэгдсэн байна.
Оросын тал татгалзсан хариу өгсөн хэдий ч Сирийн шинэ эрх баригчид Москватай харилцаагаа таслах бодолгүй байгаа бөгөөд Кремльтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бололтой гэж NYT сонинд бичжээ.
“Орос бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс. Сирийн зэвсэг техник бүхэлдээ Оросынх. Мөн хүнс, эрчим хүч нийлүүлэх талаар олон жилийн турш хэрэгжиж ирсэн гэрээ хэлцлүүд бий” гэж аш-Шараа хэлээд, түүний засгийн газар Сирийн эдгээр ашиг сонирхлыг харгалзан үзэж байгаа гэдгийг онцолсон байна.
Сирийн иргэний дайны үеэр Москва Асадын дэглэмийг дэмжихийн тулд тус улсад нисэх онгоцууд, хөлөг онгоцууд, мөн цэргүүд, цэргийн зөвлөхүүдээ илгээж байсныг NYT дурджээ.
"Одоогоор Сирийн зэвсгийг өөр зэвсгээр орлуулах санал бусад орноос бидэнд ирээгүй байна" гэж аш-Шараа дурдсан нь тус улсад Оросын дэмжлэг дахин шаардлагатай болж магадгүй гэсэн санааг илэрхийлжээ.
Ассадыг түлхэн унагасны дараах Оросын төлөөлөгчдийн анхны айлчлал
Сирийн шинэ эрх баригчид Дамаск хотноо Оросын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх үеэрээ "Орос улс нөхөн төлбөр, сэргээн босголт, бүтээн байгуулалт зэрэг тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх замаар Сирийн ард түмэнтэй тогтоосон итгэлцлээ сэргээнэ гэж найдаж байна" хэмээн мэдэгдсэн тухай Сирийн мэдээллийн SANA агентлаг нэгдүгээр сарын 29-нд мэдээлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов болон Сирийн асуудал эрхэлсэн Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев тэргүүтэй төлөөлөгчид Сирид айлчилжээ. Энэ бол Башар Асадыг түлхэн унагаснаас хойш Оросын албан тушаалтнуудын тус улсад анхны албан ёсны айлчлал юм.
"Хайят Тахрир аш-Шам" бүлэглэл болон түүний холбоотнууд эрчимтэй давшилт хийсний дараа Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад эрх мэдлээ алдсан юм. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын 7-ны хооронд буюу ердөө нэг долоо хоногийн дотор Сирийн хойд нутгаас нийслэл Дамаск хүртэл давшжээ. Цэргүүд болон хууль сахиулах байгууллагууд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Башар Асад улс орноо орхин ОХУ руу зугтан гарснаар түүний удмынхны 50 гаруй жилийн засаглал төгсгөл болсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0