.jpeg)
Италийн хөл бөмбөгийн цомын тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод "Милан" баг 3:0 харьцаагаар "Интер"-ийг хожсоноор тус тэмцээний финалд шалгарлаа.
Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтын 36 дахь минутанд довтлогч Лука Йович хажуугийн шугамаас дамжуулсан бөмбөгийг мөргөж гоол оруулав.
Мөн тэрбээр 50 дахь минутанд булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг хаалганд оруулснаар энэ тоглолтод дубль хийлээ. Миланчуудын гуравдахь гоолыг хагас хамгаалагч Тейани Рейндерс 85 дахь минутанд оруулжээ. Хагас шигшээгийн эхний тоглолт 1:1-ээр дууссан тул хоёр тоглолтын нийлбэрээр /4:1/ “Милан” баг ийнхүү финалд шалгарч байна.
Өнөөдөр “Болонья”, “Эмполи” багууд хагас шигшээгийн хариу тоглолт хийснээр “Милан”-тай финалд өрсөлдөх баг тодорно. Эхний тоглолтод “Болонья” 3:0-ээр хожсон юм.
Финалын тоглолт 5 дугаар сарын 14-нд болно. Италийн цомын тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн баг бол “Ювентус” бөгөөд туринчууд уг цомыг 15 удаа өргөжээ. Харин 5 удаа цомыг хүртсэн миланчууд 2003 оноос хойш уг тэмцээнд түрүүлээгүй байгаа юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Толгойгоороо мөргөж гоол оруулсан гэнэ үү? Толгойгоороо мөргөхгүй өөр юугаараа мөргөх байсан юм?