МАНИЛА, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /NHK/. Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр дөрвөн сэжигтнийг хөнөөсөн гэдгээ мэдэгджээ. Р.Дутерте бүрэн эрхийнхээ хугацаанд мансууруулах бодисны эсрэг хатуу ширүүн ажиллагааг удирдаж байсан бөгөөд үүнийг “мансууруулах бодисны эсрэг дайн” гэж нэрлэдэг.
Уг кампанит ажлын үеэр 6000 гаруй хүн амиа алдсан гэж Засгийн газар мэдэгдэж байна. Харин амь үрэгдэгсдийн ар гэрийнхний зүгээс "төр засаг шүүн таслах ажиллагаа явуулалгүйгээр аллага үйлдсэн" гэж буруутгажээ.
Филиппиний Конгресс аллагын хэргийг шалгаж байгаа бөгөөд Р.Дутерте лхагва гарагт парламентын сонсголд хоёр дахь удаагаа оролцсон байна. Энэ үеэр тэрбээр ерөнхийлөгч болохоосоо өмнө мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн бүлэглэлийн нуувчинд нэвтэрч, дөрвөн сэжигтнийг хөнөөсөн гэж мэдүүлжээ.
Р.Дутерте Олон улсын эрүүгийн шүүхийг /ОУЭШ/ “ойрын хугацаанд мөрдөн байцаалтаа эхлүүлээсэй” гэж хүсэж байгаагаа илэрхийлээд, энэ асуудал олон жилийн турш сунжран үргэлжилж байгааг нэмж хэлжээ. Филиппин улс Р.Дутертег төрийн тэргүүнээр ажиллаж байх үед ОУЭШ-ээс гарсан байна.
Р.Дутертегийн хэлсэн үгийн хариуд Филиппиний Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лукас Берсамин мэдэгдэхдээ, хэрэв ОУЭШ энэ асуудлыг Интерполд шилжүүлж, Дутертег эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулбал Филиппиний тал хамтран ажиллах үүрэг хүлээх болно гэжээ. Ингэснээр ОУЭШ-ийн мөрдөгчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа Филиппиний Засгийн газар анх удаа илэрхийллээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Манай УИХ-ын гишүүдийн зарим нь "Би УИХ-ын гишүүн юм чинь юу ч хийсэн болно" гэж боддог шиг энэ Дутертте гэдэг нөхөр "Би Ерөнхийлөгч болсон юм чинь юу ч хийж болно" гэж ойлгоод гудамжинд явсан хар тамхичин 4 хүнийг буудан хороосон хүн дээ ! Одоо түүндээ ял сонсож бна.