sonin.mn

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 13/new-science.ru/. Одоогоор мэдэгдэж буй хар нүхнүүдээс хамгийн том нь байж болох магадлалтай, сансар огторгуйн гүнд Дэлхийгээс 5 тэрбум орчим гэрлийн жилийн зайд орших хар нүхийг одон орончид илрүүлжээ. SDSS J1148+1930 гэж нэрлэгдэх галактикийн төвд орших үлэмж том хар нүхний масс нь Нарныхаас 36,3 тэрбум дахин их байгаа нь онолын хувьд байж болох массны бараг дээд хязгаар болж байна. Харьцуулваас, манай Сүүн зам галактикийн төвд орших хар нүхны масс нь Нарныхаас ердөө 4,3 сая дахин илүү.  


Өмнө нь хийж байсан нарийвчлалын алдаа ихтэй хэмжилтүүдээс ялгаатай нь гэвэл, энэ удаад өндөр нарийвчлалтай шинэ аргыг хэрэглэснээр уг хар нүхний массыг тогтоож чаджээ. Тодорхой хэлбэл, “таталцлын линзчлэл” гэдэг ховор үзэгдлийн ачаар уг объектыг илрүүлсэн байна. Мөн “Сансар дахь морины тах” гэж нэрлэгддэг систем нь илүү алсад орших объектын гэрлийг хазайлгадаг линз-галактикаас тогтдог бөгөөд үүнийг судалсан нь галактикийн төв дэх хар нүхний массыг тогтоох боломжийг олголоо.


“Бидний илрүүлсэн үлэмж том хар нүх “унтаа байдалд” байгаа учир материудыг сорон залгихгүй байгаа” гэж Бразилын Риу-Гранди-ду-Сул их сургуулийн судлаач Карлос Мело-Карнейро тайлбарлалаа. Мөн судлаачид галактикийн төвийг тойрон эргэлдэж буй объектуудын хөдөлгөөнийг судлахдаа оддын кинематикийн аргыг хэрэглэсэн байна. Түүнчлэн “Сансар дахь морины тах” үзэгдлийг 2007 оноос хойш ажигласны үр дүнд маш өндөр нарийвчлалтай өгөгдлүүдийг олж авч чаджээ.  


SDSS J1148+1930 галактик нь олон галактикуудын хоорондоо нийлэх үйл явцын дүнд үүссэн гэдгээрээ онцлогтой. Галактикуудын төв орших хар нүхнүүд ч мөн адил хоорондоо нийлснээр асар том биетийг үүсгэдэг. Энэ удаагийн нээлт нь хэт их масстай хар нүхнүүд хэрхэн үүсдэг талаарх ойлголтыг илүү тодорхой болгож өглөө.


Онолын хувьд, томоохон галактик бүрийн төвд хэт их масстай хар нүх байдаг бөгөөд түүнийг тойрон одод ба бусад биетүүд эргэлдэн хөдөлдөг. Хар нүхнүүд хэмжээ хязгааргүйгээр өсөж томрох боловч бодит байдал дээр Орчлон ертөнцийн наснаас хамааран тэдгээрийн хэмжээ хязгаарлагдана. Сансар огторгуй 13,8 тэрбум жилийн турш оршин тогтнож байгаа гэж эрдэмтэд үздэг учраас хамгийн том хар нүхний хэмжээ нь Нарны масснаас 50 тэрбум дахин их байх боломжтой.


Судалгааны дүнг "Monthly Notices of the Royal Astronomical Society" сэтгүүлд нийтэлжээ.



Б.Адъяахүү