sonin.mn

Хятад, Япон, Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн сайд нарын дөрөв дэх уулзалт 8-р сарын 11-ний өдөр БНСУ-ын Инчон хотод боллоо. Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Хань Жүнь, Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур, хүнсний бүтээгдэхүүний сайд Сүн Ми Рюнг, Японы Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, усан аж ахуйн сайд Шинжиро Койзуми болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ли Хэ Ён нар уулзалтад оролцов.




Уг уулзалт долоон жил завсарласны дараа дахин болж буй нь энэ бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 11-р сард Бээжинд зохиогдож байсан юм.


Уулзалтаар Хөдөө аж ахуйн сайд нар хүнсний аюулгүй байдал, амьтны хижиг өвчнөөс урьдчилан сэргийлж хяналтдаа авах, тогтвортой хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, дэлхийн хөдөө аж ахуйн соёлын өвийн хамтын ажиллагаа, орнуудын хамтын ажиллагаа зэрэг зургаан үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар санал бодлоо солилцсон байна.


Мөн уур амьсгалын хямрал, халдварт өвчний хил дамнасан тархалт, нийлүүлэлтийн сүлжээний тогтворгүй байдал зэрэг хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй төвөгтэй сорилтуудад гурван тал харилцан мэдээлэл солилцох, хамтран хариу арга хэмжээ авах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Түүнчлэн сайд нар ухаалаг хөдөө аж ахуй, ногоон, нүүрстөрөгч багатай хөдөө аж ахуй, шинэ фермерүүдийг бэлтгэн сургах зэрэг салбарт харилцан нөхөх чанартай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ.


Г.Бямба