sonin.mn

Үнэгэн хорхой санаанд орж байна. Гадна талдаа шар ногоон өнгийн бүрзгэр үстэй, явахдаа биеэ цээжиндээ хураан түгдийлгээд урагш төөлөн тэнийж явдаг, нүдэнд хүйтэн нэгэн төрлийн шавьжийг үнэгэн хорхой гэдгийм билээ. Айлын ганц хүү болж төрсөн нэг сайхан хархүү баруун зүгээс зузаан хар үүл хөшиглөн тунарсан тэр өглөө хар дараад сэрэхдээ олон хөлт үнэгэн хорхой болоод хувирчихсар байв гэнэ.

 

Хүүг үнэгэн хорхой болсныг үзээд хавийн бүх хүмүүс тэр байтугай эцэг эх хоёр нь түүнийг хараа булаасан сайхан залуу байсныг тэр дороо ор тас мартан жигшиж яваандаа залхжээ. Хөөрхий шавьжин хүү нь өрөнд баригдсан гэр бүлийнхээ тухай сайн сайхныг хүсэн мөрөөдсөөр хана таазанд мөлхсөөр байдаг байж. Нэгэн удаа эцгийнхээ зэвүүцэн шидсэн булууны ясанд цохиулан шархдаж шархандаа шаналсаар үхжээ.

 

Тийнхүү үхсэнийх нь дараа ар гэрийнхэн нь “Ёо ёо, яасан азтай юм бэ? Одоо бүх зүил сайхан болно” хэмээн баярлалджээ. Энэ бол Австрийн их зохиолч Франц Кафкагийте “Хувирал” хэмээх нэгэн суут бүтээлээс монголчилж авсан голч санаа төдий зүйл. Миний ойлгож байгаагаар “Хувирал” тууж бол хорт явцуу зорилго бүхий улс төрийн илбэ ухаанаар олон нийтийн тархийг угааж гэм зэмгүй нэгнийг гутаан доромжилж тэр битгий хэл хорвоогоос тонилгох боломжтой байдгийг үнэмшүүлсэн сонгодог уран бүтээл гэж болох. Үнэхээр хэн нэгэн сайн нөхөр маань үнэгэн хорхой болчихвол бид яах билээ.

 

Гайхах юмгүй. Хурдан буу тас хийх тоолонд Бодоо, Данзан, Гэндэн, Амар, Лосол, Догсом, Чагдаржав тэргүүт чин үнэнч ардын хүүхдүүд маань годройтон унахад “Болж, болж муусайн хувьсгалын эсэргүүнүүд” гэж бувтнаад алхаж явсан элэг зүрх өмлөсөн гашуун түүх үндэсний архивт байдаг юм. Тэр үед манай Ардын намыг үүсгэн байгуулсан тэдгээр нэрт зүтгэлтнүүд өргөсөн тангарагтаа үнэнч хэвээр байсан боловч сталинчууд тэднийг манай ард түмний толгойг залгих заналтдайсан хэмээн илбэдэж үнэмшүүлсэн учраас ардын намынхан үндсэндээ хүйс тэмтрүүлсэн бурангуй нэгэн үе байдаг.

 

Хамгийн ярвигтай нь эдүгээ цагт улс төрийн илбэдэх ухаан дэлхийшин даамжирчээ. Кубын Фидель Кастро, Солонгосын Ким Ирсен, Иракийн Саддам Хусейн, Оросын Леонид Брежнсв, Египетийн Хосни Мубарак, Суданы Муамар Каддафи, Монголым Юмжаагийн Цэдэнбал... Хэчнээн ч олон үнэгэн хорхой шиг амьтас гэнэн цагаан сэтгэлтэй эгэл хүмүүсийн тархи толгой дотор бие сэтгэл арзагануулан гөвтнөж арга барагдуулна вэ? Цөмөөрөө л дарангуйлагч гэх. Гэтэл өнөөдөр бас Намбар овогтой Энхбаяр?! Түүн дээр нэмэх нь Монгол Ардын нам бүхэлдээ?! Бас л дарангуйлагч гэх аж.

 

Би бодсоон, бодсон.  Үнэнийг олох гэж олон хоног бодсон. Олон юмыг олон янзаар бодсон. Бөөнтүүлж ч бодсон. Тус тусад нь ч бодсон. Тэгээд нэг л үнэнийг олж мэдсэн. Юу олж мэдсэн бэ гэвэл Намбарын Энхбаяр ба нэгэн үед түүний удирдаж байсан МАН хоёулаа сөрөг хүчнийхний өнцгөөс харвал үнэгэн хорхой болгохоос өөр аргагүй нүгэлтэй гэмтнүүд мөнийг бодож олсон.

 

Гэхдээ миний бодол заавал зөв байх албагүй. Буруу байхыг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүйгээр үл барам үндсээрээ буруу байвал байгаасай хэмээн залбирч байна. Үнэнийг хэлэхэд би саяхныг болтол Н.Энхбаярыг буруутгаж явсан нэгэн. Гэтэл түүнийг албаар гэмт хэрэгтэн болгох гэсэн мэт нэг их сүр үзүүлэн шүүн тасалж байгааг хараад нүд сэтгэл минь нэг л хэвийн биш болоод ирсэн.

 

Бас авилгатай тэмцэх газрын дарга Сангарагчааг шүүсэн, цагдаагийн дарга нарыг шийтгэсэн, дараа нь Ардын намыг ёс бусаар гадуурхаж байгаа зэргийг бөөнтүүлэн дүгнэж үзээд санаа бодол маань тийнхүү надаас урвачихсан юм. Н.Энхбаярыг нэр цуутай авлигачныг баалдаг тэр зүйл ангиар тарнидан хувиргаж олныг жигшээх хэмээн улайраад байгаагийн цаад учир начрыг саянаас л нэг муухан ойлголоо.

 

Монголын олон нийтийн оюун санааг бүхэлдээ нэг том цурхай загас байна гэж зүйрлэвэл загасчны торонд уясан чийгийн улааныг үмхчихжээ. Ингээд л Н.Энхбаярыг “Албан тушаалаа урвуулан ашиглагч төрөөс төрсөн тэрбумтан этгээд мөн” гэсэн өнгө будаг шингээж өгдөг загасчны тогоонд пур пур буцалган чанаж байна. Гэтэл зэргэлдээ нэгэн төгөлд асаасан түүдэг галд улстөрч Н.Энхбаярыг жинхэнэ биетээр нь шарж байна.

 

Ийм л хий бодийн дүр зураг харагдах болов. Одоогийн байдлаар Н .Энхбаяр бол Ардчилсан намынхны гарт байгаа битүү хөзрийн тамга.  Удахгүй түүгээр ээлжит шинэ тоглолт хийж таарна байх. Тэгвэл Н.Энхбаяр гэж чухам хэн бэ? Нэгд, тэр бол 1996-2000 оны нэгэн сонгуулийн хугацааны дөрвөн жилд Ардчилсан намын Засгийн газрыг хэд дахин огцроход хүргэж байсан УИХ дахь сөрөг хүчний бүлгийн дарга байсан хүн.

 

Хоёрт, 2000 оны УИХ-ын сонгуульд 76 суудлын 72-ыг дангаараа авсан тэр намын дарга байсан хүн. Гуравт, 2000- 2004 онд Засгийн газрын тэргүүн байхдаа Орост төлөх их өрийг тэглүүлж бас Мянганы зам эхлүүлж, төр засгийн дотоод хямралыг арилгаж, хүн амын ядуурлыг бууруулах талаар олон арга хэмжээ авснаараа булсан ч бултайж, дарсан ч дардайх мөнхийн ул мөр үлдээсэн ажил хэрэгч хүн.

 

Дөрөвт, "Онц байдал” тогтоож, Долдугаар сарын 1 -ний үймээнийг цаг алдахгүй намжаасан шуурхай зохион байгуулагч хун. Манай Ардын намын талд тийм л дөрвөн гавъяатай. Ардчилсан намын талдаа тийм л дөрвөн гайтай улстарч. Хамгийн чухал гавъяа нь “Онц байдал” тогтоосон арга хэмжээ мөн гэж бодож байна. Хэрэв тэр үед “Онц байдал” тогтоохгүй зөнд нь орхисон бол яах байсан бэ? хэмээн өөр өөрийнхөө зүрхнээс асуугаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.

 

Яалт ч үгүй зэвсэгт бослого, магадгүй иргэний дайнд татагдан орох байсан гэж сэтгэл зүрх тань түгдрэлгүй хариулна. Яагаад гэвэл “Үймээн дэгдээгчид хяналтаас гарлаа, цагдаагийн зэвсгийн агуулах руу дайрч байна” гэсэн албан ёсны түгшүүрт мэдээ авсны дараа л “Онц байдал” амжиж тогтоосон байдаг билээ. Энэ юу гэсэн үг гэвэс онц байдал тогтоосны ач буянаар олон арав, зуун монгол хүний амь нас аврагджээ гэсэн үг.

 

Ингээд бодохоор монголчууд их азтай ард түмэн юм байна. Үнэхээр гал усны гамшигт аюулын ирмэгт тулж очоод л амжиж зайлсан байгаа юм. Харин хэний ачаар гэдгийг энд нэр заах хэрэггүй байх Гэвч Н.Энхбаяр бол Монголын үндэсний баатар болох гавьяатай нэгэн байж болохыг сануулахад илүүдэх учиргүй гэж санана.
Долдугаар сарын 1-ний үймээн самууныг үнэлэхдээ Монголыг монгол ардын намаас чөлөөлөх “Хувьсгал” болгох байсан юм гэж харамсаад байна уу гэмээр нэхэл дагал одоо ч гарсаар байгааг тэмдэглэе.

 

Тэр үймээний үед гэмт хэрэгт холбогдож ял авсан хүмүүсийг цагаатгах ёстой гэсэн утгатай шаардлага цухалзаж байна. Одоо мөдхөн тэр үймээнээр амь алдсан нөхөдөд зориулсан дурсгалын хөшөө босгоно. Үндэсний баатруудын зиндаанд үнэлж байгаа учраас тэр хөшөөг барих гэж буй нь тодорхой. Лениний хөшөө байгаа тэр газарт заавал байрлуулна гэж зүтгэж байгаа нь цаанаа бас учиртай биз.

 

Ленин гэдэг хүн чинь учрыг лавтай мэдэх монголчуудад бол тэгтлээ муучлагдах нүгэлтэн байгаагүйг хэлмээр байна. Алсын удамдаа бол манайхны яс махны тасархай, монгол ухааны нэгэн хэлтэрхий,  “Кремлийн ихийг мөрөөдөгч намхан хүн”, “Монголжуу маягийн онигор хар нүдтэй нөхөр” гэж гадна төрхөөрөө дэлхийд тэмдэглэгдсэн тийм л нэгэн. 1937-1939 оны хэлмэгдүүлэлтээс 15 жилийн өмнө бурхан болсон хүн.

 

Манай ардын хувьсгалыг ялахаас өмнө 1921 оны дөрөвдүгээр сарын 24-нд “Хувийн өмчийг устгах гэсэн тэр нам өөрөө сүйрнэ” хэмээх алдарт үгээ тунхаглаж, “Социализм бол мөн чанараараа ард түмний хамтын капитализм байх учиртай” гэхчлэн сургаснаараа Сталин тэргүүт коминтерний нөхөдтэй адилгүй огт ондоо хүн гэдгээ харуулсныг манай залуус мэдэхгүй байх.

 

Бидний ахмадууд түүнийг хэлж өгөөгүй, тийм зав чөлөө ч олдоогүй юм чинь, Нэгэнт хөндлөнгийн оруулга нэмж байгаа учраас өнөөгийн манай дарга нарт ч санаж явууштай нэгэн үгийг ишлэн дурдъя. “Сталин бол дэндүү ширүүн хүн, энэ дутагдал намын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд тэвчиж болшгүй дутагдал юм. Ийм учраас Сталиныг энэ тушаалаас өөрчилж, энэ тушаалд нөхөр Сталинаас зөвхөн нэг зүйлээр давуу, тухайлбал илүү тэвчээртэй, илүү дүн нуруутай, нөхдөдөө илүү эелдэг, халамжтай ханддаг, ярдаг зан багатай өөр хүнийг томилох арга бодохыг би нөхөдөд санал болгож байна.

 

Энэ байдал өчүүхэн жижиг зүйл мэт санагдаж болох юм. Гэвч энэ бол жижиг зүйл биш эсвэл шийдвэрлэх учир холбогдолтой байж болох тийм жижиг зүйл юм. Ленин. 1923 оны нэгдүгээр сарын 4" гэсэн Сталин амьд ахуйдаа нууцлан дарж байсан бичмэл эх 1956 онд нийтийн хэвлэлд гарсан байдаг. Цус харвалтын улмаас тал бие нь мэдээгүй болж хэвтэрт орсон хойноо бичээчдээ хэлж бичүүлсэн энэхүү үгэнд түүний өөрийнх нь хүмүүн чанар дам туссан байгааг ажиглахад тун гэмгүй.

 

Хорвоод 54-хөн наслахдаа 55 боть ном туурвин бүтээж дэлхийд цоорч явсан зохиогч гэдгийг дурдъя. Олон орны хэлээр орчуулагдсан тухайдаа У.Черчильтэй хамт хоёулаа дэлхийд тэргүүлдэг байсан мэдээ бий. Дахин хэлэхэд Ленин бол Сталин биш. Дээд байгууллагын шийдвэр нэгэнт гарсан болохоор тэр нэгэн уран барималчийн “В.И.Ленин” хэмээх хөшөө Монгол түмний нүднээс далд орох нь гарцаагүй боллоо.

 

Харамсаад байх учир шалтгаан алга. Хараал идэж ил байснаас ухаантны сүүдэрт далд байсан нь ч дээр болов уу. Үхэр гэдэг адгуус агь шарилж, хал- гай, өрхөг гэж ялгахгүй зулгаагаад хивж байвч доороос нь улам шимтэй өвс ногоо ургаж байдаг жам ёсон байх агаад “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө хагдардаггүй” юм чинь яалтай билээ.

 


Харин одоо сэдэвтээ эргэж оръё. Н.Энхбаяр бээр тун саяхныг хүртэл бараг л ижий ахай болж явсан өөрийн намын удирдах хүмүүстээ “Үнэгэн хорхой” болж жигшигдсэн явдал байгаа. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадаагүй хийгээд УИХ-ЫН нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшиж чадаагүй хоёр баритыг онцолж байна.

 

Тэдгээрт их бухимдсан агаад адтай шазруун удирдагч хүн болохоор бас ч сэтгэл санаа нь хямран аргагүйдэж байсныг бид ойлгож байна.
Энэ удаагийн сонгуулиар авсан хэдхэн тооны саналын зөрүүг Ардчилсан намын зүтгэлтнүүд маш зальжнаар ашиглаж Ардын намыг улс төрийн тавцангаас үндсэнд нь арчиж байна.

 

Түүнд нь Ардын намаас салж одсон чухамдаа бол улс төрийн нэг үүр ноохойд амьдарч, байнга хамтдаа зүтгэж, хамтдаа зүдэрч явсан эрхэм нөхөд хамсан оролцсонд харамсаж суух юм. Гэвч улс төр гэдэг зөөлөн боорцог биш яс шиг хатуу ааруул тул алдаж эндэх явдал байлгүй яахав. Харин алдсан бол заавал засдаг нь манайхны намч чанар мөн.

 

Ардын нам, өмнөх даргатайгаа хамт аюулын ангалд хэдийнэ унажээ. “Ардын намын нөхөд УИХ-д байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Хэлтэй ч юм шиг, хэлгүй ч юм ижг. Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг. Амьд ч юм шиг амьгүй ч юм шиг” болтол Ардчилсан намынхан тохуурхаж байна гэж хэд хоногийн өмнө “Хөөс” өгүүлэлд бичсэнээ энд дахин сийрүүлье.

 

Асан намын асан дарга, ардын төрийн асан тэргүүн, түмний ухаанаар тэжээгдэж тэмцлийн галд хатаагдсан зоригт нэгэн бүргэд чийгт гянданаа торны цаана хулхи улс төрийн зовлонт идээг тоншин суухдаа эрх ямбаны хар үүл битүү бүрхсэн тэнгэрийн хаяаг нэвтлэн монголчууд бидний оюун санаа цугтаа тэмүүлэн байгаа тэр гэгээн алс руу хамт нисэн одъё гэж зүрх сэтгэлээрээ дуудаж байгааг манайхан далд ухаанаараа мэдэрч байгаад эргэлзэхгүй байна.

 

Далайн давалгаа хэчнээн өндөрт хуйлран боссон ч тасраад цаашаа тэнгэрт нисчихдэггүй эх далайдаа эргэж буудаг жамтай юм гэсэн. Тэгэхлээр бид эвлэрвэл бүтнэ, эвдэрвэл гутна. Албан тушаалын дарамт, эрх ашгийн зөрчил сөнөтүгэй. Үзэл санааны эв нэгдэл мандтугай.

 

СГЗ, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ