sonin.mn
...Аль ч улсын Төв банк инфляцийг онилох бодлого хэрэгжүүлэхдээ зорилтод инфляцийн хэлбэлзэх хязгаарыг (голцуу +- 1-3%) гэж тодорхойлж энэ хязгаараас хэт их хэлбэлзсэн үед холбогдох арга хэрэгслээр тохируулга хийж байдаг.
 
Инфляци зорилтот түвшингээсээ илүү гарах мэдээж муу гэхдээ бас зорилтот түвшингээсээ хэт их доошилж дефляцийн эрсдэл үүсгэж байвал бас муу. Тэгвэл яг одоо Монголд инфляци зорилтот түвшинээсээ бараг 6 нэгжээр доошилж дефляц болох эрсдэл дагуулж, эдийн засгийн өсөлт 0-1% болох төлөвтэй байгаа үед Төв банк 2016 оны үндсэн сарууд, 2017 онд юу хийх юм бэ?...
 
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл” гэсэн нэртэй баримт бичиг УИХ-д саяхан орж ирлээ. Энэ үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүний хавсралтын талаар юуны өмнө саналаа илэрхийлье.
 
Үүнд:
 
1. Тогтоолын төсөлд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны системийн эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээг олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монгол банкинд даалгасугай гэсэн заалт анх орж иржээ. 
 
Өөрөөр хэлбэл Засгийн газар, Монголбанк аль олон улсын байгууллагатай яаж ажиллахыг УИХ-ын тогтоолд заах шаардлага байна уу, эрх зүйн болон засаглалын чиг үүргийн зарчимд энэ нь нийцэж буй эсэхэд би эргэлзэж байна.
 
2. "... активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэсэн заалт байна. 2016 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдаж УИХ-ын тогтоолд орсон заалт. Энэ чиглэлээр юу хийгдсэн талаар , энэхүү улбар ягаан номонд мөн тусгагдсан байна. Тиймээс энэ заалт дахин давтагдан энд орох шаардлага байхгүй. Ажлаа л эрчимжүүл.
 
3. “Санхүүгийн зах зээлийн Бүтцийг олон тулгууртай болгох, санхүүгийн зуучлалыг хүртээмжтэй болгох ажлыг эрчимжүүлэх” гэсэн заалт байна. Өмнөх жилүүдэд мөнгөний бодлогын баримт бичгүүдэд өөр өөр үгээр, өгүүлбэрээр олон ч удаа орсондоо.
 
 Тухайлбал, 2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд “санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн банкны зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, .... цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэж батлагдсан. 2016 оны мөнгөний бодлогын тогтоолд Ц.Нямдорж гишүүний санаачлагаар зээлийн хүүг 1-3% бууруулах тухай санал хүртэл батлагдаж байв. Ямар нэг улстөржихгүйгээр санхүүгийн зах зээлээ олон тулгууртай болгох, ялангуяа санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой заалт оруулж өгөх үнэхээр шаардлагатай байна. Шаналалын индекс (misery index) гэж нэрлэдэг индексээр Монгол улс 108 улсыг муугаас нь сайн руу эрэмбэлэхэд 2013 онд 18-р байранд, 2014 онд 23-р байранд орсон байна. 
 
Үүнд нөлөөлөгч гол хүчин зүйл нь зээлиин өндөр хүү. Бараг нэг сая иргэн маань цалингийн, тэтгэврийн, хэрэглээний, бизнесийн зээлийн дарамтанд, зээл ба орлогын харьцаа нь улам бүр муудсаар байгаа. Эдгээр бодит амьдралын тоо баримт мөнгөний бодлогод огт хамаагүй юу? Эсвэл тэнд байгаа “олон тулгуур", “хүртээмж” гэсэн үгүүдээр ерөнхийд нь “гурилдаад” батлаад явчих хэрэг үү? Тиймээс тогтоолын төсөл болон түүний хавсралтанд доорхи утгатай заалтыг оруулах шаардлагатай. 
 
Үүнд:
“Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь олон улсын хэмжээнд тулгамдсан чухал асуудал болж Монгол улсын хувьд эдийн засаг бизнесийг идэвхижүүлэх, ажилгүйдлийг бууруулах, өрхийн бодит орлогыг тогтворжуулах, нэмэгдүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой тул “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дунд хугацааны цогц хөтөлбөрийг” боловсруулж, үр дүнг хагас жил тутамд УИХ-д мэдээлж байхыг Монголбанк (Н.Баяртсайхан), Засгийн газар (Ж.Эрдэнэбат), Санхүүгийн зохицуулах хороо (С.Даваасүрэн)-нд тус тус даалгасугай.ол
 
4.”Мөнгө хүүлэх”гэсэн ойлголтын хууль эрх зүйн орчинг бий болгох, санхүүгийн зуучлал үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд энэ чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх, мөнгө хүүлэлтийн эсрэг тодорхой заалт иргэний болон холбогдох хууль тогтоомжинд оруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар (Ж.Эрдэнэбат), Монголбанк (Н.Баяртсайхан) Санхүүгийн зохицуулах хороо (С.Даваасүрэн)-нд тус тус даалгасугай.’’ гэсэн заалтыг мөн тогтоолд тусгахыг санал болгож байна. Монгол улсын маань бодит байдлаас урган гарсан дээрх саналуудыг УИХ дахь МАН-ын, АН-ын бүлэг дэмжинэ гэж найдаж байна.
 
5. “Мөнгө угаах болон тероризмыг санхүүжүүлэлттэй тэмцэх хууль зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох гэсэн “сүржин” заалт ахиад л ороод ирж.
 
1. Энэ чиглэлээр өндөр эрсдэлтэй улс болчихсон мэт жил дараалан ийм заалт оруулж ирээд байх ямар ч шаардлагагүй. 2016 оны мөнгөний бодлогод болон бусад зарим хуульд хангалттай хэмжээгээр суулгаад өгчихсөн.
 
2. Олон улсын стандарт гэсэн тусгай зүйл байхгүй. Монгол улс холбогдох конвенцид нь сайн дураараа нэгдэн орсон, холбогдох хууль тогтоомжинд тусгалаа олчихсон зүйл. Дээр нь 20 сая төгрөгнөөс дээш гүйлгээ бүрийг шалгаж мөнгийг банкнаас зугтах, болгоомжлох авир төрх үүсгэдэг ийм утгагүй зүйлээс татгалзаж “гудсан дор биш” банк руу очдог мөнгөний урсгал бий болгоё. Өөр бичих юм үнэхээр олдохгүй байгаа бол яаая гэхэв, үлдээж болно. Би бол хасах саналтай байна.
 
6. “Валютын дотоод захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх” гэсэн заалтыг дэмжих болно. 
 
 
Учир нь:
 
а. 2009 оноос хойш МҮХАҮТанхим гэх мэт хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд валютын захын оролцогчдын тоог нэмэгдүүлэх, ханшийн зах дээр спекулятив хүчин зүйлүүд нөлөөлж гажуудал үүсч буй талаар сануулж, тодорхой саналууд гаргаж байсан. “Улбар ягаан номын” 14-р хуудсанд энэ талаарх үндэслэлийг гаргаж ...
валютын дотоод зах дээр цөөн тооны, том оролцогчид спекуляц шинжтэй тоглолт хийх боломжийг олгож, захын үр ашиггүй байдлыг бий болгож байна.” гэж тэмдэглэсэн байна.Харин тэр боломж өгөх үндэслэл нь шөнө дундаас хойш хийсэн цочмог мэдэгдэл, өдөр дунд хийсэн “айлгах төлөвлөгөөнөөс" ихээхэн хэмжээгээр хамаарсан, цөөхөн хэдэн банкуудын спекулятив шинжтэй авир төрхөөс голчлон шалтгаалж, валютын дотоод зах маань спекулятив хүчин зүйл, буруу хүлээлтэнд тул эмзэг байдаг талаар харин огт дурьдаагүй байна...
 
b. 2012 онд УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооноос валютын ханш, валютын дотоод зах зээлийг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй тогтоол гаргасан бөгөөд харамсалтай нь олигтой хэрэгжихгүй, УИХ-ын архивт хадгалаастай хэвтэж байна. Харин үүнийг Монголбанкнийхан олоод уншвал хэрэгтэй бизээ.
 
7. Мөнгөний болон төсвийн бодлогын төлөвийг эдийн засаг, төсөв, инфляци, ажилгүйдлийн богино болон дунд хугацааны төсөөлөл, тооцоотой харилцан уялдаатай тодорхойлох, эдийн засгийн хүндрэлийг даван туулах мөнгөний болон төсвийн уламжлалт болон уламжлалт бус аргуудыг хослон хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газар (Ж.Эрдэнэбат), Монголбанк (Н.Баяртсайхан)-нд тус тус даалгасугай" гэсэн заалт шинээр оруулахыг онцгойлон санал болгоё.
Учир нь 
 
а. Олон жилийн турш төлөв, мөнгөний бодлогын хооронд нь уялдуулах талаар үе үеийн УИХ, эдийн засагчид, судлаачид ярьсаар ирсэн боловч бодлогын, институцийн болон бусад шалтгаанаас үүдэлтэйгээр энэ ажил хангалтгүй түвшинд хэрэгжиж ирсэн. Өмнөх Их хурлуудын үед ч энэ чиглэлээр чамгүй олон чиглэл, даалгавар өгч байсан. 
 
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ч энэ чиглэлийг цаашид гол чиглэлээ болгон барьж явах институцийн орчин үүссэн байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй байдал, өр, төлбөрийн тэнцлийн дарамт, эдийн засгийн сул идэвижилт зэрэг бодлогын олон сорилт төрийн институцуудийн бодлогын уялдаа холбоо, ялангуяа төсвийн болон мөнгөний бодлогын төлөвийг зөв тодорхойлох, зөв тохируулга хийж байхыг шаардаж буй онцгой цаг үе ирж байна гэдгийг УИХ төдийгүй гүйцэтгэх засаглал болон мөнгөний бодлогын хүрээнд сайтар ухамсарлах хэрэгтэй байна. 
 
Урьдын адил төсвийн бодлого нь “бөхийж”, мөнгөний бодлого нь “гэдийж” зайгаа барьдаг хандлагад цэг тавих цаг болсон. Энэ талаар ч олон улсын сайн туршлагууд байна. Тухайлбал, хамгийн анх, 1990 оноос инфляцийг онилох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн Шинэ Зеланд улс гэхэд Төв банк, Сангийн яам нь “Бодлогын зорилтуудын гэрээ” (The policy targets Agreement) байгуулж хамтран ажилладаг байна.
 
b.Мөнгөний болон төсвийн бодлогын уламжлалт бус хандлага, арга хэрэгслүүдээс айж цэрвээд байх огт шаардлагагүй бөгөөд зөв цагт нь зөв хэрэгжүүлбэл уламжлалт хандлага, арга хэрэгслээс харин ч илүү сайн үр дүн гарах боломжтой бөгөөд яг тэр “зөв цаг” нь одоо ирсэн байна.
 
Дээр нь энэ асуудал бол төсвийн сахилга бат гэж болзол нөхцөл тавьж буй мэт байн байн дурьдах эсвэл төсвийн шинж чанартай мөнгөний бодлогыг хумих гэх мэт онолын үндэслэлүүд нь маргаантай байдаг мөнгөний бодлогыг фискачлал, төсвийн бодлогын монетизац гэх мэттэй холбоотой гэхээсээ эдийн засгийн бодит орчиндоо зохицсон төсөв, мөнгөний зөв төлөв, зөв бодлогын тухай асуудал юм. Тогтоолын төслийн хавсралтын талаар:
 
1. “Мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан... инфляцийг 2017-2019 онд жилийн 8%-иас дээшгүй түвшинд байлгана." гэжээ. Бодит байдлаа одоо харцгаая.
 
1. Одоо инфляци 1-2% түвшинд, сүүлийн улирал бүр хасах гарсан. Албан баримт бичгүүдэд бүр дефлац боллоо гээд орчихсон байгаа. Үнэн хэрэгтээ дефлац биш дисинфляц буюу 2015 оноос инфляцийн есөлтийн хурдац буурсаар нийлүүлэлтийн гаралтай инфляцийн хүчин зүйлүүд нийт инфляцид нөлөөлөх нь маш бага хэмжээнд болж эдийн засагт нийлүүлэлт, дотоод эрэлт буурч байсан учраас инфляцийн өсөлтийн хурдац буурах буюу дисинфляц гэдэг үйл явц Монголын эдийн засагт яг одоо өрнөж байна.
 
Иймэрхүү байдлаар цааш үргэлжилбэл харин ёстой дефлац болж эдийн засгийн улам бүр буурсаар буй стагнац өсөлттэй хоршиж эдийн засгийн хямрал гүнзгийрэх эрсдэлтэй байгаа.
 
Үргэлжлэл бий...
Эдийн засагч С.Дэмбэрэл