sonin.mn
Нийслэлийн Засаг Дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Үүнтэй холбоотой тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Э.Бат-Үүл энэ тухай:  “Өнөөдөр намайг С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгт намайг яллагдагчаар татаад байна. Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан. 2000 оны сонгуулиар МАН маш том ялалт хийж, найман сард намайг хийгээгүй хэргийн төлөө Ганц худагт хорьсон.
 
Хүнд гар ч хүрээгүй байхад зодсон гэх үндэслээр шууд хорьсон тул миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед н.Цогтбаяр Ч.Амарболдын доор байсан. Тэр намайг хорьсныхоо төлөө дэд хурандаа болсон. Прокурор хүчингүй болгосон чинь намайг яллагдагчаар татсан. Ингэж гүжирдсээр ирсэн билээ.
 
Энэ хэргийн дараа намайг дахин юу асуугаагүй. Яриа ч үгүй. Би Ц.Элбэгдоржид гаднаас энэ хэргийг мөрдөх өндөр мэргэжлийн улсыг хөлсөлж авч ир. Манайхан мөрдөж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл явсан. Сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би прокурорт  шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.
 
Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа  тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа.
 
Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна. С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг  шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг.
 
Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон үс, цусны харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг яллагдагчаар татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй"  хэмээсэн юм. Харин эх сурвалжуудын өгүүлж буйгаар бол Э.Бат-Үүл С.Зоригийн хэрэгт холбоотой нь мөрдөн байцаалтаар нотлогдсон гэж үзсэн  тул яллагдагчаар татсан байна. 
Дашрамд дурьдахад  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар "Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлддэг." аж.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
П.Мандах