sonin.mn
Өнөөдөр Дэлхийн Музейн өдрийг тохиолдуулан Үндэсний номын сангаас дэлхийд цор ганц Данжуур номд зориулсан гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
 
Гэрэлт хөшөө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгалд зориулан бүтээсэн өөр хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ үнэ хүндтэй билээ.
 
Монголын музейн анхны дарга “Чөтгөр” хэмээх Н.Дэндэв гуай Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамъянтай тохирсоны дагуу “Монгол Даанжуур”-т зориулсан хөшөөг 1928 оноос эхлэн 27 жил бүтээсэн байна. Тэрбээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ.
 
Энэхүү ёслолын үеэр нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах зорилгоор Үндэсний номын сангийн фонд болон хувь хүмүүст өгсөн өвөрмөц, сонин содон гарын үсэгтэй номуудаар үзэсгэлэн гаргажээ. Аливаа гарын үсэг гэдэг өөртөө олон зүйл агуулдаг. Ном бэлэглэж байгаа хүн тухайн агшинд бодсон зүйлээ л бичдэг болохоор элдэв зохиомол зүйлгүй ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал, онцгой учралын он цагийн гэрч болж үлддэг.
 
Уг үзэсгэлэнд зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, СГЗ Го.Аким, Х.Чилаажав, Ж.Саруулбуян, гавьяат эмч, академич Э.Лувсандагва зэрэг хүмүүст бэлэглэсэн гарын номуудыг үзэх боломжтой. Мөн Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Т.Галсан, Б.Бааст, Ш.Дулмаа, Д.Нямаа нарын гарын үсэгтэй номын худалдаа болов.
 
Энэ үеэр ЕБС-иудын 10 дугаар ангийн сурагчдын дунд монгол бичгээр зүйр цэцэн үгийг зөв, сайхан бичих аяны хүрээнд шалгарсан 1080 хүүхдийн бүтээл болох “Мянган эрдэнийн судар” номыг Үндэсний санд гардуулсаныг “Үнэт ховор номын музей”-д заллаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг