sonin.mn



УИХ-ын гишүүн Н.Батбаяр санаачилж, Ерөнхийлөгчийн Тамгын Газраас "Төрийн тулганы гал бадраах” ёслолыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан билээ

Үүнтэй холбогдуулан  “Иргэдийн Алъяанс төв”-ийн тэргүүн Ж.Занаа “Төрийн тулганы гал бадраах” ёслолд зөвхөн нэг хүйсийн төлөөллийг оролцуулсан нь хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан үйлдэл” хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Түүний гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Н.Батбаяраас тайлбар авсан байна.
Н.Батбаяр гишүүн “Төрийн тулганы гал бадраах”-даа төрийн тахилгатай уулсын газар шорооноос дээжлэн авчирсан учраас монгол ардын уламжлал, ёс заншлын дагуу эмэгтэйчүүдийг оролцуулаагүй  гэж тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүлээн авч, “Төрийн тулганы гал бадраах” ёслол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэх шийдвэр гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа тайлбартаа “Төрийн тулганы гал бадраах”-даа гэрийн суурь, тулганы өрөн дотор Бурхан Халдун хайрхан, Отгонтэнгэр хайрхан, Дарьгангын Алтан овооны хөрс, шорооны дээжийг залсан байх бөгөөд эдгээр төрийн тахилгатай уулын оргилд эмэгтэй хүн гардаггүй Монгол ардын заншлыг баримталсан байна”  гэсэн байна.

Э.Мягмар