сонин mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажил хориг тавьж, улстөржих үү. Ерөнхийлөгч аливаа хуульд хориг тавих бүрэн эрхтэй ч энэ үйлдэл нь хэрээс хэтэрч байгаа. Гэсэн ч нөгөө жишгээрээ хэд хэдэн хуульд хориг тавиад буй. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Эдгээр хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан баталсан. Гэсэн ч Ерөнхийлөгч нөгөө л зангаараа баталсан хуулиудад хэсэгчлэн хориг тавьж, тухайн хуулийн зүйл заалтыг улстөржүүлэх нь тэр. Түүний хориг тавьсан тухайн хуулийн заалтууд өөрийнх нь эрх мэдэлтэй холбоотой. Тиймээс өөрийн эрх мэдлийг хэвээр авч үлдэхийн тулд хориг тавьж буй нь энэ. Ерөнхийлөгч Авлигын эсрэг тухай хуулийн хоёр өөрчлөлтөд хориг тавьсан. Нэг нь АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан бол нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор болсон. Нөгөөх нь АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан бол одоо АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж томилуулдаг байх эрхзүйн өөрчлөлт оруулсан. Энэхүү хоёр заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл байгааг мэдээлэл хийх үеэрээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тэрбээр "Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хийж байгаа өөрчлөлт юм. Тодруулбал, өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар эүйлд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх найман чиг үүргийг заасан. Тэдгээрээс еөр чиг үүрэг хэрэгжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль гэх мэт өөр хуулиудаар Ерөнхийлөгчид эрх мэдэл олгохыг хориглосон.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг нь зөвхөн Засгийн газарт байна гээд заачихсан. Тиймээс Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлтийг хийсэн. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон үзэл санааны дагуу хийсэн” хэмээн тайлбарлав. Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН бүлэг хүлээж аваагүй тухайд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Энэ хуулийг сүүлийн 28 жилийн турш ярьсан асуудлыг дүгнэсний үндсэнд баталж, реформын шинжтэй олон заалтыг багтаасан. Орон нутгийн түвшинд гүйцэтгэх эрх мэдлийн хэрэгжилт сул байгааг үргэлж шүүмжилдэг. Томилгооны эрх мэдлийг хэт ИТХ-д төвлөрүүлсэн хэрнээ төсөв санхүү нь төв Засгийн газарт төвлөрдөг байсан.Үүнийг засах хууль” гэв. Дараагийн асуудал нь Шүүхийн тухай хууль. Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг боловсруулах ажилд нэлээд идэвх санаачилгатай оролцсон. Санаачилсан хуулийн төслөө татаж авч, улмаар ажлын хэсэгт 35 зүйл бүхий 100 хуудас санал хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн гаргасан тухайн саналуудын 98 хувийг УИХ хүлээн авч, баталсан. Гэтэл Ерөнхийлөгч өөрийнх нь бүх эрх мэдлийг УИХ булаагаад авчихсан мэтээр асуудлыг улстөржүүлж буйд МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж, хоригийг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлээд байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгч Монгол Улсын бүх шатны шүүгч, бүх шүүхийн ерөнхий шүүгч, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны бүх гишүүнийг томилдог. Энэ нь шүүх, шүүгчид Ерөнхийлөгчөөс хараат байж, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхээ хангуулж чадахгүй нөхцөлийг үүсгэж байна. Мөн хэт төвлөрсөн ийм эрх мэдэл нь шударга бусын хонгилыг үүсгэсэн зэрэг шүүмжлэл дагуулж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ эрх мэдлийг задалсан гэдгийг МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэрээ онцлон тодотгов. Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгчид бүх шатны шүүгчийг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох эрхийг хэвээр үлдээхийн зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний тал буюу 50 хувийг шүүгчдийнх нь дотоод ардчилалд Шүүхийн хуулиар үлдээсэн.
Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг яагаад хүлээж аваагүй тухайд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тайлбар хийсэн юм. Тэрбээр “Нэгдүгээрт, Улсын дээд шүүхийн харьяанд ШЕЗ байснаар шүүгчдийн туслахууд л шүүгчээр томилогддог, шүүгчдийн хүүхдүүд шүүгч болдог гажуудал үүссэн. Тиймээс шүүхийн томилгоог 100 хувь шүүхэд, мөн Засгийн газарт өгч болохгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид бүх эрх мэдлийг өгсөн боловч хэтийдсэн дарангуйлал руу чирэх нь өнөөдөр ойлгомжтой болсон. Ийм учраас эрх мэдлийг тараан байршуулах, ингэхдээ УИХ зөвхөн нээлттэй сонсголын аргаар шийдвэрлэх боломжийг шийдсэн. Ингэхдээ УИХ дангаараа шийдчихгүй. Үүнийг хараат бус, мэргэжлийн 11 гишүүнтэй ажлын хэсэг сонгон шалгаруулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд. Монгол Улсын Ерөнхийлөгч, парламент дахь олонх, цөөнх, Засгийн газрын төлөөлөл, Хуульчдын, Өмгөөлөгчдийн холбоо, их дээд сургуулиудын төлөөлөл оролцоно. Хоёрдугаарт, парламент гэдэг олонхи, цөөнх, нийт ард түмний дуу хоолой болж шүүлтүүрээр ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн 50 хувь нь оролцоно. Орохдоо нийт ард түмэндээ танилцуулж, нээлттэй сонсголыг ард түмэндээ хоёр сарын турш хийж, ард түмнээсээ 14 хоногийн турш тухайн нэр дэвшигчийн талаарх мэдээлэл цуглуулж, асуулт хариулт явж сонгон шалгаруулалт хийнэ. Монгол Улсын Дээд шүүхийн бүх шүүгч, ШЕЗ-ийн таван гишүүн, Шүүхийн ёс зүйн хороонд хэн гэдэг, хэдэн хүн ажилладаг болохыг хүн бүр мэддэггүй. Ийм хаалттай, нууц байсныг ард түмэндээ ил тод, шүүлтүүртэй болгосон учраас Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн юм” хэмээв.
 
 
 
Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтох нөхцөл бүрдүүлэх, нөгөө талаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах", иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан.  Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш маш олон хуульд хориг тавьж, улстөржүүлж байсныг олон нийт мартаагүй.
 
 
 
Хамгийн ойрын жишээ дурдахад энэ оны төсөв болон дагалдан баталсан хуулиудад уламжлал ёсоор хориг тавьсан. Уламжлал ёсоор гэсний учир нь Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш жил алгасалгүй төсөвт хориг тавьж байгаа юм. Товчхон эргэн сануулбал, Монгол Улсын 2018, 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, 2019, 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хууль, тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан түүхтэй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой атал өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлж, бүгдийг өөрийн хүслээр удирдах гэсэн санаа өвөртөлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан хуулиудад хориг тавьж, улстөржүүлж байна. Ерөнхиийлөгчийн ажил хуульд хориг тавьж, асуудлыг улстөржүүлж, ард түмнийг талцуулах юм гэж үү хэмээн бичвэрийн эхэнд асуусны учир энэ.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин