sonin.mn
Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-АН-ын удирдлагуудын маргаан асуудал дагуулж эхэллээ.  Хоёр удирдлага, хоёр хурал, олон янзын шийдвэр, намын тамга ч хэнийх нь жинхэнэ бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, намын гишүүний хувьд та  энэ маргааныг хэрхэн харж байна вэ?
 
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард манай нам Их хурлаа цахимаар зохион байгууллаа.  Хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, баталгаажуулсан.  Улмаар дүрмийн өөрчлөлтөө Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлээд байна.  Ингээд намын дүрмийг шүүх баталсны дараагаар АН шинэ зохион байгуулалтад орох ёстой байв.  Гэвч намын дүрэм шинэчлэгдэх явцад АН-ын өмнөх дарга С.Эрдэнэ “Би намын дарга хэвээрээ байгаа.  Намын дүрмийг өөрчилсөн Их хурал хүчин төгөлдөр бус” гэсэн мэдэгдэл хийлээ. Намын Их хурлыг цахимаар зохион байгуулах ёсгүй байсан л гэнэ.  Миний санаж байгаагаар С.Эрдэнэ дарга өөрөө байхдаа  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг цахимаар тодруулж байсан шүү дээ.  Энэ мэт асуудлаар шалтгаалж АН-д түр зуурын зөрчил, үл ойлголцол бий болоод байна.   Зарим нэг хүний яриад байгаа шиг энэ бол намын хагарал, хуваагдлын асуудал биш.
 
-Ц.Тувааныг намын албан ёсны  дарга биш учраас Их хурал зохион байгуулж, намын дүрэм өөрчлөх ёсгүй гэж үзэж байгаа бололтой?
 
-Их хурал зохион байгуулах, дүрэм өөрчлөх асуудлыг Ц.Туваан дарга дур мэдэн зохион байгуулаад байгаа юм биш л дээ.  Энэ бүх эрх мэдэл намын Үндэсний бодлогын хороонд бий.  Тус хорооны шийдвэрээр намын Их хурлаа зохион байгуулж, дүрмээ баталгаажууллаа. Хэн намын дарга вэ гэхээс илүү ҮБХ-ны шийдвэр эцсийнх.  Нам өөрөө хамтын шийдвэрийн байгууллага шүү дээ.    Удахгүй энэ асуудлыг Дээд шүүх үнэн зөвөөр эцэслэн шүүж, намын дүрмийг баталгаажуулснаар асуудал нэг талдаа  гарах байх. Би Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч.  Өнгөрсөн  УИХ-ын сонгуулийн дараа Д.Баттулга дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч, дараагийн нийслэлийн намын дарга сонгогдтол надад тамга тэмдгээ түр шилжүүлсэн. Төв нам дээр ч мөн адил С.Эрдэнэ дарга УИХ-ын сонгуульд АН ялагдсаны дараагаар өөрийн үүрэгт ажил, намын тамгыг дэд дарга  Ц.Туваанд шилжүүлсэн. Энэ бол цэвэр ёс зүй, дүрмийн хүрээнд болсон процесс.  Түүнээс биш С.Эрдэнэ даргын албан тушаал, тамга тэмдгийг хэн нэгэн хүн хүчээр аваагүй, албадаагүй.  Нам нь сонгуульд ялагдсан учраас  улс төрийн хариуцлага хүлээсэн.  Ер нь дэлхийн аль ч улс оронд улс төрийн ийм соёл бий.
 
 
 
С.Эрдэнэ дарга өөрийн гэсэн дүрмээр л  намын даргыг сонгож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах гээд байгаа юм.
 
 
 
-Маргааныг Дээд шүүх эцэслэх юм байна гэж ойлголоо.  С.Эрдэнэ даргын талаас бас дүрмийн өөрчлөлтийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлсэн гэсэн. Асуудлыг хэрхэн шийдэх бол?
 
-Бид дүрмийн өөрчлөлтөө ямар нэгэн зөрчил маргаангүйгээр Дээд шүүхэд өгсөн байгаа.  Харин нөгөө талаас АН-ын Их хурал цахимаар хуралдсан учраас хүчингүй болгуулах, дүрмийн өөрчлөлтийг цуцлах  санал хүргүүлсэн гэж сонссон.  Шүүх процессыг харж, үнэн зөв шийдвэр гаргана гэж итгэж байна.  Ер нь шинэ дүрмийг шүүх баталгаажуулахгүй байх үндэс байхгүй.  Цахимаар хуралдсан гэдэг бол нээх чөдөр тушаа болохгүй байх.  Цар тахлын үед цахимд шилжээд бүх зүйл удааширсан гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна.
 
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно.  АН-ын дарга нарын маргаан ч сонгуультай холбоотой гэдэг нь харагдаж байна.  Тухайлбал,  С.Эрдэнэ дарга “Ерөнхийлөгч Х.Баттулгыг намын үйл ажиллагаанд нөлөөлж байна” гэж мэдэгдсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Монгол Улсын иргэн хүн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй.  Одоо  АН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг нь хүмүүст сонин байх шиг байна.  Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвших үү.  Ц.Оюунгэрэл нь байх юм уу.  Өөр хэн ч байж болно.  Ер нь хэн хаанаас ч нэр дэвшиж болно. Магадгүй  Х.Баттулга гэдэг хүн өөр намаас ч нэр дэвшиж болно.  Гэхдээ өмнө нь АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон шүү дээ.  Энэ намаасаа дахин нэр дэвших нь ёс зүйн хувьд зөв юм.  Ямар ч гэсэн АН нэр дэвшигчээ дүрмийн дагуу АН-ын Их хурлаараа, хамтаараа шийдвэрээ гаргаж тодруулна.  Түүнээс биш хэн нэгэн намын дарга бүх гишүүдийн шийдвэрийг төлөөлөхгүй.  Одоогоор бол С.Эрдэнэ дарга өөрийн гэсэн дүрмээр л  намын даргыг сонгож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах гээд байгаа юм.  Ардчилсан гэсэн  тодотголтой нам ийм байж болохгүй.
 
-АН-ын дүрэм Дээд шүүх дээр очоод “засагдсан”. АН-ын маргаанд эрх баригч намынхан оролцож байна гэх яриа ч байна.  Энэ асуудал байр сууриа илэрхийлэхгүй юу?
 
-Эрх баригч намын нөлөөлөл байгааг үгүйсгэхгүй.  МАН-ын хувьд АН хэрүүлтэй байх нь  ашигтай.  Гэхдээ үүнийг нээх явцуу утгаар нь хүлээж авах шаардлагагүй. 
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин