sonin.mn

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норовсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн нь цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого болох нь тогтоогдлоо.

 

Улсын мал эмнэлэг, үржлийн газраас үхрийн бэлчээрээс ус, хөрс, ургамлын дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг болох Зөөвчийн овоо, Шар дов зэрэг газраас шаарын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, геологийн төв лабораторид шинжлэхэд дээрх материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой гарчээ.

 

Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтэний бичил шинжилгээний дүнгээр цацрагийн хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт энэ сарын 11-нд гарсан байна. Тус суманд дэлхий нийтэд хар мөртэй гэж алдаршсан Францын “Арева”-ийн охин компани уран олборлохоор зэхэж, одоогоор 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон талаар эх сурвалж мэдээлж буй.

 

Үхэр үхсэн тухай Цөмийн энергийн газарт мэдэгдэхэд хэдэн байцаагч очиж хэмжилт хийгээд үхэр уранаас болж үхээгүй гэсэн дүгнэлт гаргаад байсан юм. Үүнд Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.

 

Тэрбээр “Өмнө нь ийнхүү шинжилгээний дүнг нууцалж байсан тохиолдол бий. Орон нутгаас авч ирсэн ус, хөрсний дээжид шинжилгээ хийсэн лабораториуд бодит дүгнэлтээ танилцуулахгүй дүлэгнэдэг” гэв. Ж.Ганбаатарын хувьд дээрх шинжилгээний багт хамт явсан аж.

Эх сурвалж: