sonin.mn
МОСКВА. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт биткойны ханш дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Биткойныг тойрсон мэдээллээс тус криптовалютын ханш ихээхэн хамаарч байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Яагаад өсөх болов?
 
Эхлээд “Tesla”-г үүсгэн байгуулагч Илон Маск биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаас гадна компани нь төлбөр тооцоогоо криптовалютаар хийх боломжтой болох талаар мэдэгджээ. Түүнээс гадна өөр нэгэн технологийн аварга “Uber” компанийг үүсгэн байгуулагч Дара Хосроушахи мэдэгдэхдээ, компани цахим мөнгөнд хөрөнгө оруулалт хийх бодолгүй хэдий ч криптовалютыг төлбөр тооцооны арга хэрэгсэл болгон ашиглах боломжтой гэжээ.
Дараагийн мэдээлэл мөн л олны чихийг сортойлгосон юм. Тодруулбал, “Twitter”-н гүйцэтгэх захирал Жек Дорси, дуучин Жей-Зи нар “Btrust” биткойн хөгжүүлэгчдийг дэмжих санд 500 биткойн хандивлажээ.
Үүнээс гадна үйлчлүүлэгчдийнхээ хүсэл таашаалд нийцүүлж криптовалюттай гүйлгээ хийхээ Америкийн хамгийн том хоёр банк зарлав. Тэдний нэг нь хуучны санхүүгийн байгууллагуудын нэг “Bank of New York Mellon Corp.” байсан бөгөөд одоогоор компани криптовалютын хөрөнгийг банкны данс руу шилжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж. Удалгүй “JPMorgan”-г хамтран удирдагч, үйл ажиллагааны ерөнхий захирал Даниэель Пинто үйлчлүүлэгчид нь хүсвэл ийм арилжааг дэмжихээ илэрхийлсэн байна.
Биткойн өндөр үнэд хүрэхэд нөлөөлсөн өөр нэгэн мэдээлэл нь “Mastercard”-тай холбоотой байв. Компани криптовалютаар төлбөр тооцоо хийхийг худалдааны сүлжээнүүдэд зөвшөөрчээ. Гэсэн ч одоогоор зөвхөн “stablecoin”-г дэмжихээ тус компанийн цахим мөнгө, блокчейн технологи, түншлэл хариуцсан дэд захирал Раж Дамодаран онцлон тэмдэглэсэн байна. “Одоо байгаа криптовалютуудын дийлэнх нь шаардлагад нийцэхгүй учир дэмжих бодолгүй байна” гэж тэрбээр хэлжээ.
 
Криптовалютын хэтийн төлөв юу вэ?
 
“Биткойныг түгээмэл ашиглагддаг төлбөрийн арга хэрэгсэл болгоход дасгах үйл явц нь криптовалютыг чухал шинж чанартай болоход нөлөөлнө. Биткойны одоогийн үнэ өсөлтийн хурдасгуур болохгүй ч зарим тохиолдолд дэмжлэг болж, биткойны ханш хэт унахаас сэргийлнэ” хэмээн Оросын "Регион" компанийн дүн шинжилгээний газрын захирал Валерия Вайсберг ярьжээ.
 
 
 
 
“S&P 500”-ийн бусад том компани төлбөр тооцооны системдээ биткойныг оруулах тухайгаа цаашид мэдэгдсээр байх аваас биткойны үнэ шууд өсөх нь эргэлзээгүй. Гэсэн ч өсөлт удаан үргэлжлэх эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаална. Одоохондоо харилцан төлбөр тооцоо хийхэд тогтвортой криптовалютуудыг ажиглах боломж их байна” хэмээн “FxPro”-н ахлах шинжээч Александр Купцикевич ярьжээ.
 
 
 
“Ийм нөхцөлд биткойнд бооцоо тавих нь эртэднэ. Энэ валют энгийн харилцан төлбөр тооцооны хувьд хэтэрхий дэгдэмхий. Тухайлбал, биткойнд хөрөнгө оруулах нь “Tesla”-гаас илүү биткойнд ашигтай гэж үзсэн учир “Tesla”-гийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын асуудалд тийм ч бүрэн дүүрэн санал нэгтэй байгаагүй юм” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
Харин Оросын крипто эдийн засаг, хиймэл оюун ухаан, блокчейн нийгэмлэгийн ерөнхийлөгч Юрий Припачкин сүүлийн үеийн мэдээллийг тун нааштайгаар хүлээж авчээ.
"Mastercard шиг түвшний үндэстэн дамнасан санхүүгийн компанийн зах зээлд нэвтрэх нь криптовалютын зах зээлд “Tesla”-гаас нэг удаадаа 1.5 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалт авахаас илүү эерэг нөлөө үзүүлж, биткойны ханшийг хамгийн дээд үзүүлэлт болох 44.8 мянган долларын таамаглалын өсөлтөд хүргэсэн гэж бид үзэж байна. Зах зээл энэ хөрөнгөд итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд нэг утгатай дохио өгөх нь хөрөнгө оруулагчид криптовалютыг эерэгээр хүлээж авахад нь нөлөөлөхгүй байхын аргагүй. Биткойны үнэ өсөж, хөөсрөл нь буурч буй нь үүний үр дүн юм” хэмээн тэрбээр ярив.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг