Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25, монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан чөлөөт хэвлэлийн үндэс суурийг тавилцсан эрхэм хүмүүсийн яриаг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн зочноор “Сэрүүлэг” сонин, “ТВ-8” телевизийг үндэслэн байгуулагч С.Баярмөнх уригдаж энэ салбарт туулж ирсэн замналаа сонирхуулан ярилцсан юм. Тэрбээр Монголын чөлөөт хэвлэлийн салбарт 20 гаруй жил амжилттай ажиллаж яваа билээ.
-Монголд чөлөөт хэвлэлийн үндсийг тавилцаж “Халуун хөнжил”, “Гайхмаараа”, “Сэрүүлэг” сонин, “ТВ-8” телевизийг үүсгэн байгуулсан С.Баярмөнх гэдэг хүн хэвлэл мэдээллийн салбарынхан дундаа танил хэдий ч манай уншигчид төдийлөн сайн мэдэхгүй. Хоёулаа ярилцлагаа таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээр эхлэх үү?
-За тэгье ээ. Би хуучнаар ЗХУ-ын Украйны Львовын Цэрэг улстөрийн дээд сургуулийг цэргийн сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн. Ер нь цэргийн сэтгүүлч бэлтгэдэг сургууль Львов хот, Канадын бас нэг хотод л байсан гэдэг. Манай сургуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зэрэг арван хэдэн хүн л төгссөн юм.
Гадаадын цэргийн сургуульд тэнцсэн 200 гаруй сонсогчоос шүлэг яруу найраг оролддог, юм бичих сонирхолтой 10 гаруйхан хүн Львовын Цэрэг улстөрийн дээд сургуульд хуваарилагдан сурч төгссөн. Бид 1983 онд цэргийн бэлтгэлд нэг жил сураад яг сургуульдаа бол 1984 оноос суралцаж 1989 онд төгсөж ирсэн.
Тэр үед Львов хот бол ЗХУ-ын ардчиллын өлгий болсон хот байсан. Хуучнаар Польшийн газар нутаг байсан учир цаанаас Польшууд олноороо ирж наймаа хийдэг, барууны үзэл суртал дэлгэрүүлдэг, их чөлөөт сэтгэлгээтэй хот байлаа. Биднийг оюутан байхад ЗХУ, ялангуяа Львовт өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдлын тухай маш их ярьж жагсаал цуглаан өдөр болгон болдог байв.
Чухамхүү энэ бүхнийг дэргэдээс нь харж байсан нь бидний оюун санаанд хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Тэдгээр жагсаал цуглаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш идэвхтэй оролцдог байсан нь Монголд өрнөсөн ардчиллын үйлсийг удирдан манлайлах туршлага болсон нь дамжиггүй.
-Төгсөж ирээд л “Улаан-Од” сонинд орсон уу. Тэр үед “Улаан-Од” сонины редакцид мундаг сэтгүүлчид цугларсан, маш дайчин сайн сонин байсан гэдэг. Энэ талаар сонирхуулж яриач?
-Тэгэлгүй яах вэ. “Улаан-Од” тэр үедээ маш шинэлэг зоригтой нийтлэлүүд тавьж нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн том сонин байсан. Захиалгын тоогоор ч ланжгар байсан. Тэр үед Б.Чантуу гуай эрхлэгч байв. Үнэхээр өндөр шаардлагатай, ширүүхэн эрхлэгч байлаа шүү дээ.
Тэр үед “Улаан-Од” сонин бүх цэргийн төв хэвлэл гэдэг утгаараа цэрэг, арми, дотоодын цэрэг, хууль хүчний байгууллага, засан хүмүүжүүлэх байгууллагуудыг хамарч хөдөө гадаа маш их явдаг байлаа. Залуу ч байж дээ. Одоо бодоход гайхмаар их ажилтай байж. Дэслэгч цолтой цэргийн хүн болохоор тушаал аваад л гардаг байсан.
Өдөржин явж ирээд бараг л үүр цайтал материалаа бэлддэг байлаа. Тэр үед Ц.Баяраа, Л.Зоригт, Л.Төрбаяр, Т.Ганди, Ц.Элбэгдорж, Б.Эрдэнэбаатар, Д.Мархаахүү, Б.Цэдэн, Д.Жамьян гээд үнэхээр мундаг сэтгүүлчид ажиллаж байсан. Жинхэнэ ажил хэрэгч, авьяас чадлаараа өрсөлддөг хамт олон байсан шүү.
Тэр үед гарч байсан “Үнэн” , “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, “Утга зохиол урлаг” зэрэг сонинуудтай захиалагчийн тоогоор ана мана өрсөлддөг байсан. Ялангуяа нийтлэл, ярилцлагын чанарыг сайжруулахын тулд шөнө орой хүртэл мэтгэлцэж ярилцдаг байсан. Тэр үед ганц оносон гарчиг олж өгөхийн тулд шөнө орой болтол маргалдаж л байсан.
-Та “Улаан-Од” сонинд хэдэн жил ажилласан бэ. Сайн хувийн сонин гаргавал мөнгө олж болох юм байна гэж үзээд сониноосоо гарсан уу?
-Тэгж ойлгож болно. Миний хувьд 1993 онд “Улаан-Од”-оос гарч хувийн бизнесээ эхэлсэн. Тэр үед төрийн албан хаагчийн цалин утгагүй болж эхэлсэн. Нөгөө алдартай XX тогтоол гарч мөнгөний ханш навсайтал уначихсан. Инфляци бол гэрлийн хурдаар өөрчлөгдөж байсан.
Тэр үед зах зээл эхлээд хүмүүс ганзагын наймаанд яваад эхлэнгүүт бид ч гэсэн амьдралаа сайжруулахын тулд зайлшгүй томоохон сонголт хийх хэрэгтэй болсон. Бизнес хийж байгаа хүмүүс өвгөн бенц унаад эхлэнгүүт би тэднээс юугаараа дутуу юм гэсэн цагаахан атаархал төрөөд эхэлсэн.
Яг тэр үед Ц.Баяраа, Л.Зоригт, Л.Төрбаяр бид дөрөв “Халуун хөнжил” сонин гаргасан нь үнэндээ бидний тооцоолоогүй амжилтад хүрсэн юм. Сонингоо гаргахын хажуугаар Орос, Хятад руу наймаанд явдаг болсон.
-“Халуун хөнжил” сонин гарангуутаа үнэхээр шуугиан тарьсан шүү. Харин харамсалтай нь удахгүй хаагдсан нь та нарт томоохон цохилт болсон байх даа?
-Бид тэр үед “Улаан-Од” сониноос хараахан гараагүй байсан юм. Нэг ёсондоо нууцаар давхар сонин гаргаад явсан хэрэг. Тэр үед 032 дугаар ангид байлдааны газрын зураг хэвлэдэг машин байсан юм. Тэр үедээ бол офсет хэвлэл байсан.
Байлдааны газрын зураг хэвлэдэг маш нарийн технологитой машин дээр нууцаар “Халуун хөнжил” сониноо хэвлэж байлаа. Тэр үед сонин 60 мөнгө, нэг төгрөгөөр зарагддаг байхад бид дөрөв “Халуун хөнжил”-өө шууд таван төгрөгөөр зарж эхэлсэн. Гудамжинд гаргаад зартал ёстой шуурга шиг л шуураад алга болсон.
Ганцхан дугаарын ашиг нь гэхэд л гурван жилийн цалинтай тэнцэж байсан юм даг. Дараа нь эхний дугаараа дахиж хэдэн удаа хэвлээд бүр 15 төгрөгөөр зарсан. Шунгинаад л алга болсон.
Анх сониноо киоскуудад аваачиж өгөхөд “паа пүү” болж байсан сонин борлуулагч нар сүүлдээ манай сонинг авах гээд бараг л дугаарладаг болсон. “Хүүхдийн 100”-гийн сонин борлуулагч бүр хэдэн мянгаар нь авдаг байсан. Сүүлдээ манай сонин 25 төгрөгөөр ч олдохоо больчихсон байлаа.
Тэр үед талийгаач сексологич Д.Болдцэрэн эд нарын тиймэрхүү сонин гарч байсан ч “Халуун хөнжил” шиг амжилттай болоогүй юм. Бид нар мэргэжлийн сэтгүүлчид болохоор сониндоо ямар материалыг хэзээ гаргахаа сайн мэдэрдэг байсан нь амжилтанд хүргэсэн байх.
Тэр үед чинь “Хос багана”, “Янаг хорвоо” энэ тэр гээд сонин гардаг л байсан. Тэгж байтал сүүлдээ цагдаа сэргийлэх дээр маш их дуудагддаг болсон. Тэгж явсаар 1994 онд байхаа “Халуун хөнжил” сонинг хаасан. Тэгэнгүүт нь өөр сонин гаргаж эхэлсэн л дээ.
-“Гайхмаараа” сонингоо гаргаж эхэлсэн үү. Тэр үед “Сэрүүлэг” сонин гараагүй байсан байх аа?
-Тэр үед бид Оросын хэвлэлийн зах зээлийг маш анхааралтай судалдаг байсан. Тэр үед Оросод “Гайхмаараа” сонин шиг интертайнмент чиглэлийн сонин маш их гарсан. Тэрнээс санаа аваад л дараагийнхаа сонинг гаргасан.
Тэр үед чинь харь гаригийнхан, “Алтан цөгц”-ний хэрэг гээд л нийгмийг шуугиулсан маш олон сенсаци дэгдэж байлаа. Бид нар ч тэдгэээрийг алдалгүй шүүрч нийгмийн ороо бусгаа үеийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай сурталчилсан гэж боддог. Тэр үед Ц.Баяраа ах бид хоёр “Гайхмаараа”-г хийж байлаа.
Гэхдээ “Гайхмаараа” сонин “Халуун хөнжил”-ийг бодвол гүйлгээ борлуулалт их удаан байсан. Нийт масс ялангуяа хөдөөний уншигчдад бидний шинэ сонин ерөөсөө хүрч чадахгүй байсан. Тэгэнгүүт нь “Сэрүүлэг” сонингоо гаргаж эхэлсэн юм. Гэхдээ энэ сонинг хийх санаа надад олон жил бодогдсоор л явсан.
Намайг 1994 онд Москвад явж байтал “Просто Мария” гэдэг кино гарч жинхэнэ шуугиан тарьж байсан. Гол дүрийн жүжигчин хүүхнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Н.Ельцин хүлээн авч уулзаж, “Найрамдал” медалиар шагнаж байлаа шүү дээ. “Сэрүүлэг” сониноо гаргахаас өмнө “Гайхмаараа”-г хийж байхдаа “Халтар царайт” киноны хоёр жүжигчнийг монголд авч ирсэн нь тэр үедээ жинхэнэ шуугиан тарьсан.
-Аа одоо санаж байна. Стерлита, Тони хоёр ирж байсан. Тэр ажлыг та хэд хийсэн хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Тэр үед “Халтар царайт” гарах үед гудамжны хөдөлгөөн бараг л зогсдог байсан. Хөдөөнийхөн бол “Халтар царайт”-ыг үзэх гэж мотоцикл дээр долоо наймуулаа сундалдан давхиж яваад осолдож байсан эмгэнэлтэй хэрэг ч бий. Тэр үед кино ид гарч байх үеэр Монгол телевиз дээр очоод Х.Наранжаргал гуайтай уулзсан юм.
Энэ киног монголд авч ирсэн хүн шүү дээ. Х.Наранжаргал гуайгаас жүжигчдийнх нь хаягийг олж аваад Монгол дээд сургуулийн багш Камило гэдэг Куба залуугаар орчуулга хийлгэж холбоо тогтоосон. Венесуэлийн телевиз рүү факс явуултал зөвшөөрсөн хариу удалгүй ирсэн.
Тэгээд жүжигчдийнх нь намтар ирэнгүүт нь “Гайхмаараа” сонин дээрээ цувралаар гаргаад эхэлсэн. Тэгтэл “Гайхмаараа” сонины борлуулалт ёстой л гайхмаар огцом нэмэгдсэн. Тэр үед монголын нийгмийг үнэндээ шоконд оруулсан юм шүү. Гэхдээ эхэндээ уншигчид жүжигчдийг нь монголд авч ирнэ гэхэд ерөөсөө итгэхгүй байсан.
“Аа эд нар худлаа сенсаци дэгдээж мөнгө олох гэж байна” гээд хүлээж авахгүй байсан. Тэгэнгүүт нь бүх аргаа хэрэглээд хоёр жүжигчнийг урьсан. Гэтэл тэр үед толгой эргэмээр их доллар нэхэж байгаа юм чинь. Тэгээд яах вэ дээ.
Шаварт унасан шарын эзэн гэгчээр хамаг байдгаа шавхаад Стерлита, Тони хоёрыг менежэртэй нь цуг аваад ирсэн. Улаанбаатарт 11 хонохдоо тэр гурав биднийг бараг хоослоод буцсан даа. Манай Львовт төгссөн “Мөнгөн аяга” компанийн захирал залуу тал мөнгийг нь гаргаж бид нар талыг нь гаргасан ч үнэндээ гайхмаар их зардал гарсан юм шүү.
Тэр үед “Гайхмаараа” сонин өдөр болгон 50 мянга орчим хувь хэвлэгдэн гараад орой нь гэхэд л дуусчихдаг байсан. Тэгэнгүүт нь хэвлэл захиалганд оруултал “Гайхмаараа” сонин шууд дөрөвдүгээр байранд ороод ирсэн. Тэр үед “Нүгэл буян” сонин 40-хэдэн мянган захиалагчтай байв.
Харин хэн ч мэдэхгүй “Гайхмаараа” сонин Стерлита, Тони хоёрын хүчээр шууд л 19 мянган захиалагчтай болж байлаа. Гудамжинд бол 20-иод хоногийн турш 40-50 мянгыг зарж байсан юм шүү. Тэр үе ёстой л “шар” сонины алтан үе байсан даа. Сүүлдээ нөгөө Стерлита, Тони хоёртойгоо бараг л муудалцаад салсан.
Капиталист нийгмийн хүн бол капиталист л байдаг юм билээ. Үзэгчид танхимд пиг дүүрчихээд байхад нөгөө хоёр чинь урьд нь тохирсон мөнгөө шууд нугалах үнэ хэлээд тэр мөнгийг нь өгөхгүй бол танхим руу гарахгүй гэж биднийг үнэндээ гарах гарцгүй болгож байгаад мөнгөө нэмж авч байсан.
Эхэндээ Тони бол шагналын мөнгө авахгүй хоол, байр, замын зардал л та нар гарга гэж тохиролцоод ирсэн нөхөр шүү дээ. Харин ирснийхээ дараа “Та нар Стерлитад ийм их мөнгө өгч байгаа юм чинь надад адилхан мөнгө төл” гээд суучихсан. Тэгээд өгч салсан даа.
Тэр үед “Найман шарга” валютын захын наймаачид “Мөнгөн аяга” компанийн захирал болон Ц.Баяраа ах бид гурвыг их сайн таньдаг болсон доо. Тоглолт болгоны өмнө 5-10 мянган ам. доллар зээлж аваад удалгүй буцаагаад хүүтэй нь өгдөг байсан. Монголд анх удаа төв цэнгэлдэхийг дүүртэл үзэгчид цуглуулан гадаадын жүжигчдийг тоглуулсан нь тэр шүү дээ.
Тэднийг ирээгүй байхад 11 өдрийн бүх билет зарагдаж дууссан байлаа. Тэр үед ямар ч тоглолтын үнэ 500 төгрөг байсныг бид шууд 3000 төгрөг болгож байсан юм. Тэр ч үүднээс монголын урлагийн салбарынхан бидэнд баярлаж л явдаг байлгүй.
-“Халуун хөнжил” сонинг сүүлд нь өөр хүмүүс гаргаж байсан санагдах юм. Тэр ямар учиртай юм бэ?
-1994 оны үед чөлөөт хэвлэл рүү нэг сүрхий дайрсан юм. Олон сэтгүүлч баригдаж хоригдох шахаж их хэцүү байдал үүссэн л дээ. Тэгэнгүүт нь бид сониноо хэдэн залууд зарчихсан юм. Тэгээд нөгөө хэд ч олигтой хийж чадахгүй удалгүй алга болсон юм. Харин бидний хувьд хоёр хоёроороо сонин хийж эхэлсэн.
Л.Төрбаяр, Л.Зоригт ах хоёр “Хөх тэнгэр” гэдэг сонин хийсэн бол Ц.Баяраа ах бид хоёр “Гайхмаараа” -гаа хийсэн. “Гайхмаараа” сонинг үндсэндээ 1994,1995 онуудад л хийсэн юм. Тэр сонингоо цааш нь улам хүчтэй аваад явах боломж байсан ч нийгэм улстөрийн чиглэлийн сонин гаргавал илүү үр дүнд хүрнэ гэсэн бодол аль 1993 оноос л миний толгойд яваад байсан.
Ер нь аливаа сонин гэдэг тэр үед цаг үеийн л асуудал байсан. Ингээд цаг нь болж “Сэрүүлэг”-ийг гаргаж эхэлсэн. Тэр үед Оросод зөвхөн секстэй холбоотой таван сая захиалагчтай сонин байсан ч удалгүй тераж нь унаж эхэлсэн. Ер нь л нийгмийн сэтгэлзүй тиймэрхүү цаг үеийн сониноос уйдаж эхэлсэн. Тэгэхээр цоо шинэ сонин хэрэгтэй болсныг мэдэрч “Сэрүүлэг”-ийг гаргасан л даа.
-“Сэрүүлэг” сонин гарч ирээд жинхэнэ шуугиулсан л даа. Эхлээд хараар гарч байсан билүү?
-“Сэрүүлэг” сонинг хийхийн тулд маш их бодсон. Би нэгэнт архи хийж чадахгүй, газар ухах сонирхолгүй болохоор миний хоолоо олж идэх арга нь ерөөсөө л сонин байсан. Тэгэхээр яавал сониноо илүү олон хүнд хүргэх вэ гэж хангалттай бодсон. Сайн ч төлөвлөгөө боловсруулсан.
Тэр үед нийгэмд онц ноцтой гэмт хэрэг их гарч байсан. Авдрантын гурван хоригдол оргож Лхагвасүрэн нь үлдээд шоронд хаалттай хурал хийхэд манай сонин л дэлгэн тавьж байлаа. “Сэрүүлэг” сонин нийгэмд гарч байгаа сенсаци болгоныг мэдэрч тавьж байснаараа бусдаас онцгой байж чадсан.
Хоёр хүүхэд онгоцны дугуйнд нуугдаж суугаад Япон руу нисчихсэн байсныг том сонинууд зүгээр л мэдээ болгоод гаргачихсан байсныг “Сэрүүлэг” сонин л нийгэмд сенсаци тарин гаргаж байсан. Тэр хоёр хүүхдийн нэгнийх нь халааснаас гарч ирсэн нэг төгрөг, онгоцны сэнсний утаанд хар болсон цамц зэргийг нь анх удаа “Сэрүүлэг” сонин л дэлгэн тавьж байлаа.
Хоёр хүүхдийн ээжийн яриаг оруулаад хоёр гурван бүтэн нүүрээр гаргаж байсан. Анх хэн ч мэдэхгүй байсан “Сэрүүлэг” сонин жилийн дараа л монголын нэг номерын сонин болсон. Тэр үед манай сонинд л улстөрчид, том бизнесменүүдийн том том хөрөг гарч эхэлснээрээ нийгмийг байлдан дагуулсан түүхтэй.
-Яг оргил үедээ “Сэрүүлэг” сонин хэдэн мянган захиалагчтай байсан бол?
-Оргил үедээ 31 мянган захиалагчтай байсан. Гудамжныхаа борлуулалттай нийлээд 50 мянгаас буулгүй олон жил болсон. Энэ рекордыг эвдэхэд хэцүү шүү. Өглөө цуглаад шөнөжингөө ажилладаг байлаа. Тэгж байж л тийм амжилттай ажиллаж байсан хэрэг.
-“Сэрүүлэг” сонин тэр сайн сэтгүүлчид баг хамт олноо хэрхэн бүрэлдүүлж байв аа?
-Бэлэн сайн сэтгүүлч хэзээ ч ороод ирдэггүй юм шүү дээ. Оюутны ширээнээс нь хүлээж аваад уйгагүй зүтгүүлсээр байгаад л сургаж авдаг байлаа. Тэр үед хашир туршлагатай сэтгүүлч гэвэл Д.Болдхуяг л байсан. Хаа очиж “Сэрүүлэг”-т байсан хүүхдүүд цөмөөрөө их сайн яваа. Ихэнх нь сайт, сэтгүүл эрхэлж явна.
-Хэдийгээр анхных нь эрч жаахан суларсан ч “Сэрүүлэг” сонин монголын чөлөөт сэтгүүлзүйн салбарт бараг 20 жил амжилттай амьдарсаар байгаагийн гол нууц нь юунд байна вэ?
-Нийгмийг хамарсан том сонин нэг л эрчээрээ яваад байдаг зүй тогтолтой. Дунд нь би төрийн ажил хийгээд сониноо жаахан орхигдуулсан тал бий. Бидний гол зарчим бол энэ сонинд орсон бүх материал хаанаас нь ч харсан уншууртай, хүнд мэдээлэл дамжуулах чадвартай байх ёстой гэдэг л хатуу зарчимтай.
Энийг нь уншаад түүнийг нь хаяна гэж хэзээ ч бодож болохгүй. Би сэтгүүлчдэдээ тийм л шаардлага тавьдаг. Мэдээ нь хүртэл уншууртай байх ёстой. Миний хувьд нийтлэлийн бодлого руугаа айхтар сүрхий ороод байхгүй ч сонины гал тогоо руу бол идэвхтэй оролцоно шүү. Бурханы авралаар надад сайн, сайн сэтгүүлчид таарч байсан учир “Сэрүүлэг” сонин энэ олон жил амжилттай яваа юм.
Манайд байсан залуучуудаас өдөр тутмын сонины эрхлэгч ч байна, телевизийн захирал байна. Ер нь бүгдээрээ их сайн явж байгаа. Гэхдээ энд зориуд тэмдэглэн хэлэхэд эхний хэдэн жил үнэхээр одоо бол гайхаж халширмаар хөдөлмөрлөсөн юм шүү. Манай нэг сэтгүүлч надад “Баярмөнх эрхлэгчээ би одоо маргааш юу хийх вэ гэж зүүдлээд байх боллоо.
Арай галзуурах гэж байгаа юм биш байгаа” гэж хүртэл хэлж л байсан. Бурхны зурсан зургаар “Сэрүүлэг” хаягийн дор их сайхан хамт олон бүрдсэн нь ийм олон жил амжилттай явах нөхцөлийг бүрдүүлжээ гэж одоо бодогддог юм даа.
-Монголын хамгийн олон захиалагчтай сонины эзнээр олон жил шалгарсан хүний хувьд сонины бизнес танд ямар ашиг өгсөн бэ. Одоо танд үл хөдлөх хөрөнгө зэгсэн бий юу?
-Монгол Улсын тухайд 1997 онд л анхны хувьчлал явагдаж байлаа шүү дээ. Тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд “Ямар ч найраа байхгүй. Мөнгөтэй нь л авах ёстой” гэж ярилцлага өгч байлаа шүү дээ. Яг тэр үед гуравдугаар хороололд “Номин”-гийн Ш.Баярсайхан манай нэг найз бид гурав 310 сая төгрөгөөр обьект худалдан авч байлаа.
1997 оны 310 сая төгрөг гэдэг чинь базарваань их мөнгө байлаа шүү дээ. Тэр обьект “Номин”-гийн хамгийн анхны үл хөдлөх хөрөнгө болж байсан. Хорооллын тэр дэлгүүр бол миний гаргасан мөнгийг жил хагасын дотор л буцаагаад өгч байсан. Тэр үеэс хойш газар авч барилгын бизнес хийж эхэлсэн.
Анхны байшин маань хотын төвд таван давхар баригдаж байлаа. Түүний дараа 13 дугаар хороололд бас нэг байшин барьсан. Хэвлэлийн буянаар үүнээс гадна хэд хэдэн обьект байгаа. Ер нь барилгын бизнесээ хаяхгүй гэж бодож байгаа.
Миний төрийн ажил хийсэн долоо, найман жил бол барилгын салбарын цэцэглэлтийн үе байсан. Тэр үеийг бүрэн ашиглаж чадсангүй. Гэхдээ яах вэ, чамлахаар чанга атга гэгчээр бага сага юм бий, бий.
-Та бид хоёрын одоо ярилцаж суугаа “Оранж плаза” таны хувийн өмч биз дээ?
-Подвальтайгаа 10 давхар энэ обьект миний эзэмшлийнх ээ. Гэхдээ энэ бүхнийг хамаагүй зарлаж болдог ч юм уу. Сайн мэдэхгүй л байна.
-Түүнээс гадна Драмын театрын хашаанд баригдаж байгаа 30 гаруй давхар барилгыг таных гэж яригдаад байх юм. Энэ үнэн үү?
-Биш биш. Энэ бол харин ташаа ойлголт явж байгаа юм байна. Гэхдээ боломжийн газар гайгүй өндөр байшин барих санаа, төлөвлөгөө бол бий.
-Таны эзэмшлийн “ТВ-8” телевизийн талаар дүрс нь бүдэг, барзгар гэсэн шүүмжлэл явдаг юм билээ. 2014 оны долоодугаар сард бүх телевиз тоон системд шилжсэн байх ёстой. Танай телевиз энэ талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Би бол сэтгүүлч мэргэжилтэй хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн л дээ. Бусад телевизийн эздийн тухайд маш их мөнгөтэй улстөрч, бизнесменүүд байдаг л даа. Гэхдээ манайх зүгээр суугаагүй. Удахгүй маш том техникийн шинэчлэл хийнэ.
-Чөлөөт хэвлэлийн салбарыг зөв өрсөлдөөнтэй, зөв менежменттэй болгохын тулд хамгийн түрүүнд ямар ажил хийвэл зохилтой вэ?
-Хэвлэл мэдээллийн бизнес бол их ойлгомжгүй салбар юм л даа. Баруунд бол хэвлэл мэдээллийг төр засгаас нь их сайн дэмждэг. Манайд бол дэмжих нь байтугай болж л өгвөл амыг нь барьчих гээд байдаг шүү дээ.
Ардчиллын өндөр хөгжилтэй орнууд хэвлэл мэдээллийн салбарыг онцгойлон анхаардгийн гол шалтгаан нь ерөөсөө чөлөөт хэвлэл бол ардчиллын баталгаа болдог болохоор л тэгж хайрлан хамгаалаад байгаа хэрэг.
Ардчиллын торгон хил болсон чөлөөт хэвлэл рүү өнөөдрийн манайхан шиг халдаж довтолдоггүй болохоор зөв голдирлоор хөгжөөд байгаа юм шүү дээ. Манайхан энэ тал дээр л эргэлт гаргах цаг болсон. Чөлөөт хэвлэл бол төр засаг улстөрчид нь эрүүл байх гол үндэс суурь юм.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
1980-ààä îíä àðìè ÷àíãà îíû ÿëãàà îðãèëäîî áàéëàà. Õóãàöààò öýðã¿¿ä àëáààí õààãààä õàëàãäàíà ë ãýäýã Îôèöåð áîëîõ ñîíèðõîë òóí áàãà. Êàðèíòèé ÷ þì óó øèíý öýðãèéí íýã æèëèéã çîäóóëààä ºíãºðºº÷èõ òýñâýðã¿é áààãèéíóóä ë öýðãèéí ñóðãóóëüä çóãòààæ ÿâäàã áàéñàí ¿å ë äýý.Öýðãèéí ñóðãóóëüä ÿâàõ óó ë ãýýä ãóéãààä áàéäàã îðîñ õýëíèé øàëãàëò àâñàí íýð ç¿¿ëãýýä ýëñ¿¿ëäýã áàéñàí Áàÿðìºíõ èõ áàÿæñàí þì áàéíà. Àçòàé ë ýð þì.Õýðýâ öàã õýâýýð áàéñàí Ýëáýãäîðæ ýíý 2 øèíåëýý ÷èðæ õîðìîéãîî ºøèã÷èæ, öýðýãòýý äýýðýëõ¿¿ëñýí íýã õîøóó ÷ ÿâàõ áàéæ äýý. Çà çà àìæèëò õ¿ñüå