sonin.mn

 

Явуулын амьтны хүрээлэн ажиллуулж буй “Талын жононгууд” ХХК-ийн захирал Л.Сайнбатаас зарим зүйлийг тодрууллаа. 
 
-Танай явуулын амьтны хүрээлэн хаана байрладаг юм бэ. Яагаад газаргүй болчихов оо? 
 
-Уг нь манай амьтны хүрээлэн Зайсанд бурхан багшийн хөшөөний хашаанд байрладаг юм. Бид 200 м.кв талбайг сарын нэг сая төгрөгөөр түрээслэдэг. Саяхан төрийн өмчийн талбайг түрээслэхийг хориглосон захирамж гарч биднийг талбайгаа чөлөөлөхийг шаардсан.
 
 
Явуулын амьтны хүрээлэнг зуны улиралд л үзүүлдэг. Яг улирал нь ирчихээд байхад биднийг газраа чөлөөл гэж байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч түрээсийн мөнгөө хугацаанд нь төлж ирсэн биднийг урьдчилан хэлж ярилгүй гэнэт хөөж байгаа нь буруу.
 
 
Хүүхэд багачуудынхаа хүсэл сонирхолд нийцсэн, тэдний үзэх дуртай амьтны хүрээлэнг хаах болсныг манай компани эсэргүүцэж байна. Тэд энэхүү шийдвэрээ эргэж харах ёстой.
 
 
Тэгэхгүй бол ирэх сарын 2-нд 100 амьтан 1000 гаруй иргэн оролцсон томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Жагсаалд оролцохоор орон нутгаас ч хүмүүс ирж байгаа. 1000 гаруй иргэний 50 хувь нь хүүхэд. Тэд өөрсдийнх нь үзэх дуртай амьтны хүрээлэнг хаахыг эсэргүүцэж байгаа юм. 
 
 
-Яагаад явуулын амьтны хүрээлэн ажиллуулах болсон бэ?
 
-Би хоёр хүүхэдтэй. Тэгээд ч багаасаа амьтан хайрлаж өссөн. 20 аймгаар явуулын амьтны хүрээлэнтэйгээ аялсан. Тэр үеэр орон нутагт цагаан тагтаа мэдэхгүй хүүхэд энэ ямар амьтан бэ гэж асууж байсан. Монголын хүүхэд, залууст амьтны хүрээлэн үнэхээр хэрэгтэй.
 
 
Томчуудын хүүхдүүд ч яахав гадаадаар аялаад янз бүрийн зүйл үзээд ирдэг биз. Гэтэл эгэл жирийн ардын хүүхдүүдэд Улаанбаатар, орон нутагт ч тэр үзэх зүйл ховор байна шүү дээ. 
 
 
-Одоогийн байдлаар хэдэн амьтантай байгаа вэ. Аюулгүй байдлыг хэрхэн анхаардаг нь сонирхол татаж байна? 
 
- Манай амьтны хүрээлэнд талын зэрлэг чоноос эхлүүлээд халуун орны матар зэрэг 30 төр лийн 100 гаруй амьтан бий. Энэ жил Хятадаас тогос зэрэг сонин сод он амьтад оруулж ирэхээр захиалчихсан байсан юм.
 
 
Гэтэл одоо байдал ийм болчихлоо. Хүүхэд, залуусаа бодоод амьтны хүрээлэнгээ ажиллуулмаар байвч төр, засгийн хурган дарга нараас болоод ажилд минь саад учраад байна. 
 
 
-Хаах биш өөр газарт оч гэвэл Та яах вэ. Төр, засгаас чухам юу хүсч байгаа юм бэ? 
 
-Төр засгаас би нэг ч төгрөг хүсээгүй. Зөвхөн миний явуулын амьтны хүрээлэнг ажиллуулах газрын зөвшөөрөл олгохыг л хүсч байна. Тэгж чадвал өөрийн бүхий л чадлаараа амьтны хүрээлэнгээ илүү өргөн хүрээнд ажиллуулах болно. Бас надад 10 гаруй хүүхдийн гадна талбайн тоглоом бий. Хэрвээ газартай болчихвол хүүхдүүдээ нэг тоглоомонд 100 төгрөгөөр суулгана гэж амлаж байна.
 
 
Эх сурвалж: