sonin.mn
“Карнеги сан"-гийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Томас де Ваал 2 дугаар сарын эхээр Карабах дахь нөхцөл байдал ямар байсан талаар илтгэл бэлтгэж танилцуулах үеэрээ Азербайжан-Армений дайн зогссоноос хойш шийдэгдээгүй байгаа дипломат бодлого, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлуудыг дурджээ. Газар нутгийн төлөөх дайн 3 сарын өмнө дуусч, ялагч, ялагдагч хоёрын байр өөрчлөгдсөн хэдий ч хямрал төгсгөл болсонгүй. Азербайжанчууд, армянчуудын хоорондын дайсагнал үргэлжилсээр, харин Орос улс хэцүүхэн сонголтын өмнө тулж ирлээ. Де Ваалын илтгэлийн гол санаануудыг ВВС агентлаг дараах байдлаар хураангуйлан нийтэлснийг орчуулан хүргэе.   
 
 
 
 
Гал зогсоох тохиролцоо ба тогтворгүй эвлэрэл
 
 
 
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Армений Ерөнхий сайд Никол Пашинян, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын гурван талт уулзалтаас гаргасан мэдэгдлийн дагуу 44 хоног үргэлжилсэн Карабахын дайн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зогссон билээ.
Азербайжаны тал Карабахыг тойрсон 7 район ба дайны явцад эзлэн авсан бусад газар нутгийг буюу Уулын Карабахын нутаг дэвсгэрийн 1/3 орчмыг эргүүлэн авчээ. Уулын Карабахын нутаг дэвсгэр гэдэг нь ЗСБНАзербайжан улсын бүрэлдэхүүнд байсан Уулын Карабахын автономит мужийн хилээр зааглагдсан газар орныг хэлж байгаа юм.Дээрх мэдэгдэл нь ямар ч тодорхой утга агуулаагүй товчхон баримт бичиг бөгөөд түүний нэлээд хэдэн заалтыг орвонгоор нь эсрэгээр тайлбарлаж байна. Тухайлбал, Армений зэвсэгт хүчнийг гаргах талаар гэрээнд дурдсан. Гэтэл энэ заалт хэрэгжсэн үү? Энэ асуултанд Баку, Ереван хоёр өөр өөр хариулт өгч байна.
 
 
Армений талын үзэж байгаагаар, дээрх заалт нь Карабахын эргэн тойрон дахь 7 район буюу Азербайжаны эргүүлэн авсан газар нутагт хамаарах ажээ. Харин азербайжанчуудын шаардаж байгаагаар, Армений цэргүүд Армений хяналтанд байгаа Карабахын бусад нутгаас ч гэсэн гарч явах ёстой төдийгүй Армений албан тушаалтнууд тухайн газар оронд зорчихдоо Бакугаас зөвшөөрөл авах ёстой гэнэ.  
Сөргөлдөгч хоёр талын хувьд энэ нь зарчмын асуудал бөгөөд талуудын таалалд нийцэхээр шийдвэр гарна гэсэн итгэл найдвар бараг алга. 
 
 
Дайн дууссан ч олзлогдогсдыг солилцож дууссангүй
 
 
Алиев, Пашинян, Путин гурвын хэлэлцээрийн нэг гол заалт бол олзлогдсон цэргүүд ба амь үрэгдэгсдийн цогцсыг буцаан өгөх тухай юм. Гэтэл 3 сар өнгөрчихөөд байхад эл асуудал бүрэн шийдэгдсэнгүй.
 
Хэдэн арав, зарим мэдээллээр, 100 гаруй армянчууд Азербайжанд байгаа бол Арменид олзонд байгаа азербайжанчуудын тоо /гэхдээ олон биш/ тодорхойгүй байна. Түүнээс гадна, 60 гаруй армянчууд дайн дууссаны дараа олзлогдсон бөгөөд Азербайжаны тал тэдгээр хүмүүсийг цэргийн олзлогдогсдын хувиар нутагт нь буцаахын оронд гэмт хэрэгт холбогдуулан шүүх гэж байна. Энэ асуудлаар НҮБ мэдэгдэл гаргаж, олзлогдсон цэргүүдийг солилцох асуудал сунжирч буйг буруушаагаад, Женевийн Конвенцид заасны дагуу тэднийг нэн даруй эх нутагт нь буцаахыг уриалжээ.  
 
 
 
Турк ба Орос
 
 
 
11 дүгээр сарын 10-ны мэдэгдэл нь Карабахт Туркийн гүйцэтгэх үүргийг огт тусгаагүй хэдий ч сүүлийн жилд Турк улс бүс нутагт өрнөж буй үйл явцын гол оролцогч нь болсон билээ. Туркийн цэргийн техник, ялангуяа цохилтын дронууд нь азербайжанчууд тулалдаанд ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүний сацуу Анкарагийн эрх баригчид Карабахын асуудлаарх дипломат яриа хэлэлцээнд оролцохыг эрмэлзэж байна. Ингэхдээ Карабахын асуудлаар олон жилийн турш хэлэлцээний үйл явцыг зохицуулж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг /ЕАБХАБ/ хатуу шүүмжилсэн хэвээрээ.
Яг одоогоор Туркийн тал Агдам орчим дахь Оростой хамтарсан хяналт-үнэлгээний төвд тун хязгаарлагдмал үүргийг гүйцэтгэж байна. Оростой байгуулсан хэлэлцээрийн дагуу Туркийн цэргийнхэн тус төвийг орхин гарахгүй бөгөөд эвлэрлийн үйл явцыг дронуудаас илгээсэн дүрс бичлэгээр ажиглаж байгаа аж.  
 
 
 
Хөшөө дурсгалуудын хувь заяа
 
 
 
 
Түүхэн дурсгалт газруудын талаарх маргаанд ч гэсэн хоёр үндэстний хоорондын дайсагнал илэрдэг. Дайны төгсгөлд Дундад зууны үеийн Армений хөшөө дурсгалууд Азербайжаны хяналтанд орсон байна.Карабахын хойд нутаг дахь Дадиванк сүмийг Оросын энхийг сахиулагчид хамгаалалтандаа аваад байгаа бол христийн шашинтнуудын бусад хөшөө дурсгалын хувь заяа Армени, Оросын соёлын зүтгэлтнүүдийн санааг зовоож байна.
ЮНЕСКО-гийн удирдлага Карабах дахь нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор төлөөлөгчдөө илгээхийг хүссэн боловч Азербайжаны тал энэ томилолтонд саад учруулсаар байгаа төдийгүй сөргүүлээд дараах асуултанд хариу өгөхийг шаарджээ: Армений цэргүүдэд эзлэгдээд байсан 7 районд түрэгийн болон исламын соёлын дурсгалт газруудыг эвдлэн сүйтгэж байх тэр үед олон улсын хамтын нийгэмлэг хаана байсан бэ?  
 
 
 
 
Оросод тулгарсан сорилт
 
 
 
 
 
Гал зогсоох тохиролцоог хянаж нь 5 жилийн мандаттай Оросын энхийг сахиулагчдын гол үүрэг. Гэтэл бодит байдал дээр Оросын 2 мянган орчим цэргүүд дэд бүтцийг сэргээн босгохоос эхлээд дүрвэгчдэд туслах гэх зэрэг маш олон ажлыг гүйцэтгэж байна. 
Арменийн хяналтанд үлдсэн Уулын Карабахын нутаг дэвсгэрт эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Уулын Карабахын Бүгд Найрамдах улсын удирдлагатай нягт хамтран ажиллах шаардлагатай. Гэтэл Азербайжаны тал тус БНУ-ын удирдагчдыг гэмт хэрэгтнүүд хэмээн тооцож, эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтанд оруулжээ.
 
 
 
 
Гурван талт хэлэлцээрт зааснаар, энхийг сахиулагчид 5 жилийн хугацаагаар Карабахт байрлах ба хоёр тал зөвшөөрсөн тохиолдолд хугацааг дахин 5 жилээр сунгах боломжтой. Азербайжаны талыг уг мандатыг сунгахаас татгалзахад хүргэхгүйн тулд Карабахын армянчууд амьдардаг районд байрлаж буй энхийг сахиулагчид Бакугийн уур хилэнг хөдөлгөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой болж байна. 
 
 
 
Олон улсын дипломатчдын үүрэг зорилт
 
 
 
Орос, АНУ, Франц гурвын хамтран даргалдаг ЕАБХАБ-ын Минскийн бүлэг нь дайнаас өмнө Карабахын асуудлаарх яриа хэлэлцээний олон улсын хэмжээн дэх гол талбар болж байсан билээ.  
Чухамдаа уг яриа хэлэлцээний явцад “армянчууд амьдардаг Уулын Карабахын нутаг дэвсгэрийн хэсгийг яах вэ?” гэсэн асуултын хариу тодорхой болох учиртай. Гэтэл саяхнаас Баку “Уулын Карабах нь ямар ч автономит эрхгүйгээр Азербайжаны бүрэлдэхүүнд орох ёстой” гэж мэдэгдэх болсон. Харин арменчууд Карабахыг тусгаар тогтносон бүгд найрамдах улс болгохыг уриалж байна. Оросын хувьд, Минскийн бүлэг ажлаа үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ тус бүлгээс сөргөлдөгч талуудад үзүүлэх бодит нөлөөг үнэлж дүгнэхэд хэцүү. Тодруулж хэлбэл, сөргөлдөгч талууд Франц, АНУ хоёрын оролцоогүйгээр гал зогсоосон бол Карабахт зөвхөн Оросын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Түүнээс гадна, Азербайжаны тал “Франц улс Арменийг дэмжсэн байр суурьтай байгаа учраас төвийг сахисан зуучлагч байж чадахгүй” гэж үзжээ. Харин АНУ илүү итгэл хүлээж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд Америкийн Төрийн Департаментын зүгээс Өмнөд Кавказыг сонирхох нь илт буурчээ.
 
 
 
 
Европчууд юу хийж чадах вэ?
 
 
 
Карабах дахь хүмүүнлэгийн хамгийн гол асуудлууд бол, дэд бүтцийг сэргээн босгох, дүрвэгчдийг орон гэрт нь буцаан авчрах явдал юм. Бодитой эвлэрэл тогтоохгүйгээр, хоёр улсын хооронд яриа хэлэлцээ хийхгүйгээр хямрал хэзээ ч шийдэгдэхгүй. Тэгэхээр эдийн засгийн тусламж үзүүлэх, энхийг сахиулах үйл явц болон иргэний нийгмийн санаачилгуудыг дэмжих гэсэн хоёр зорилт бий бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд Европын улс орнууд ба Европын Холбооны харьяа байгууллагууд удаан хугацаанд идэвхтэй оролцох шаардлагатай гэж илтгэлийг бэлтгэсэн судлаач де Ваал дүгнэлээ.
 
 
 
Б.Адъяахүү