sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын иргэдийн дийлэнх нь эхлээд бусад хүмүүст хэрхэн нөлөөлөхийг харахыг хүсэж байгаа учир “COVID-19”-ийн вакцин хийлгэх гэж яарахгүй байгааг Сөүлийн их сургуулиас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 67.7 хувь нь коронавирусний вакцинжуулалтын хувьд хүлээзнэхийг илүүд үзэж байгаа бол ердөө 28.6 хувь нь аль болох хурдан хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80 орчим хувь нь яваандаа “COVID-19”-ийн эсрэг вакцин хийлгэх бодолтой байна. Харин ердөө 1.8 хувь нь хэзээ ч вакцин хийлгэхгүй гэж мэдэгдсэн бол 32 хувь нь коронавирусний вакцинд итгэдэггүй гэж хариулжээ.
БНСУ-ын Засгийн газар намар гэхэд хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Ерөнхийлөгчийнх нь мэдэгдсэнээр, тус улсын бүх иргэнийг вакцинд үнэ төлбөргүй хамруулна.
Өмнөд Солонгост цар тахал дэгдсэнээс хойш 70 мянга гаруй хүн халдвар авч, 1100 гаруй хүн нас барсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг