sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг залуу инженер шагналыг хүртсэн “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Эрхэмбаярын Тодгэрэлын Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  
 
-ЭХ ОРОНДОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ-
 
-Оны босгон дээр залуу инженерүүдээ манлайлан “Шилдэг инженер” болсонд  баяр хүргэе. Шагнал авах гэж байгаагаа хэзээ мэдэв. Энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Баярлалаа. Төр засгаас миний хийсэн бүтээснийг минь үнэлж, шагнаж урамшуулсанд баяртай байна. Чадварлаг инженерүүдээс өөрийгөө шалгарсанд итгэж өгөхгүй байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал хүртээх болсон талаар дуулгасан. Маш нэр төрийн хэрэг гэж бодож байгаа. Цар тахалтай холбоотой шагналаа хараахан гардаж амжаагүй явна. Миний хийж байгаа ажилтай Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд,  яамны дарга нар өөрийн биеэр ирж танилцаж байлаа. Монголчууд бүтээн байгуулалтаа өөрсдөө хийж чаддаг болсныг үнэлж, энэ шагналыг хүртээсэн болов уу гэж бодож байна.
 
-Хэт хүнд даацын төмөр бетон гүүр ба түүний хүчитгэсэн дам нурууны барилгын технологийн арга аргачлалыг боловсруулан, практикт анх удаа нэвтрүүлснээрээ таны ажил онцлог гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
 
-Энэ нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил байсан. Энд нийт 600 гаруй инженер ажилласан. Зам, гүүр барихад хамгийн чухал нь зураг төсөл. Үүнийг зураг төслийн инженер гүйцэтгэнэ шүү дээ. Хамгийн гол нь сайн судалгаатай зураг төсөл гаргах нь чухал. Би техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулахдаа өөрийн орны онцлогт тохируулан  аль нь манайд ашигтай, ашиггүй вэ гэдгийг бодсон. Гүүр болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энгийн иргэний нүдээр харахад яг ижил гүүр мэт харагдах боловч хоорондоо эрс ялгаатай.
Даацаас эхлээд л ялгаа нь харагдана. Мөн тухайн газар орны уур амьсгал, байгалийн онцлогт тохируулан барьдаг юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тухайд зундаа маш их халуун байдаг газар. Зун 50 орчим хэм дулаан, өвөлдөө 30 хэм хүрч хүйтэрдэг. Энэ хоёрын хооронд 80 хэмийн зөрүү бий. Тиймээс энэ зөрүүнд гүүр хэлбэлзэж, асуудал үүсгэх үү гэдэг судалгаа хийсэн байх жишээтэй. Төмөр замын гүүр барихад онцгой чанартай арматур ашиглах ёстой. Манай компани ийм арматур ашигладаг технологи нэвтрүүлээд 10 гаруй жил болж байна.
 
-Өмнө нь та ямар томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан бэ?
 
-Монголд төмөр замын гүүр, туннель барих ажлыг манай компани анхлан гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, Төмөртэйн орд газарт гурван гүүр барьж, ерөнхий инженерээр би ажилласан. Мөн Улаанбаатар хотод Толгойт чиглэлийн нэг гүүрний шинэчилсэн зураг, хоёр төмөр замын эх засварын зураг төсөл дээр ажиллаж байсан.
 
-Та чухам яагаад гүүрийн инженер мэргэжлийг сонгосон бэ. Энэ мэргэжлийн үнэ цэнийг тодорхойлбол?
 
-Би удам дамжсан инженер. Манай гэр бүлд гүүрийн инженер гурав бий. Аав, дүү хоёр маань гүүрийн инженер мэргэжилтэй. Би АНУ-д барилгын инженерээр суралцаж байсан юм. Ингээд Монголд ирж гүүрийн инженерээр суралцсан. Хүүхэд байхын математикийн хичээлдээ дуртай, инженер болох хүсэлтэй байлаа.
 
 
 
Хамгийн гол нь өөрийн дур сонирхол мэргэжилдээ эзэн байхын эх үндэс гэж боддог. Мөн миний ажил дан ганц хүнийх биш, баг хамт олных байдаг. Хажуугаас минь дэмжиж, тусалдаг олон хүн бий. Би эзэмшсэн мэдлэгээ бусдад хүргэж, улс эх орондоо бүтээн байгуулалт хийж байгаа нь хамгийн том шагнал гэж боддог. Үүнд миний мэргэжлийн үнэ цэнэ оршиж байгаа юм.
 
 
 
-Монголчуудыг залхуу, хойрго, бүтээн байгуулалтын ажлаа гаднын төсөл, хөрөнгөөр хийдэг гэх шүүмжлэлүүд дагадаг. Харин монголчууд хийж чаддаг гэдгээ төмөр замын бүтээн байгуулалтын ажлаар харуулж байна. Та монгол инженерүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ? 
 
-Ер нь монгол инженерүүд дэлхийн хэмжээнд бүтээн байгуулалт хийх чадвартай болчихсон гэж би харж байна. Миний эхний ажил төмөр замын гүүр байсан. Цаашид дэлхийн жишигт нийцэх дүүжин гүүр зэрэг бүтээн байгуулалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
 
 
Эх сурвалж: Ergelt.mn