Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил “Хэвлэлийн эрх чөлөө- дижитал хувьсал” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн, ХЗДХЯ-наас ажлын хэсэг гарган боловсруулж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай мэдээлэл авч, салбарынхан байр сууриа илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх тухай талуудын байр суурийг хүргэж байна.
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
– Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг манай яам дээр боловсруулж байна. Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хадгалж үлдэх, чөлөөт хэвлэлийг хамгаалах тал заалтууд бүгд хэвээр үлдэж байгаа. Мөн 1998 онд туссан үзэл, санаа, зарчим, үнэт зүйл нь хадгалагдахаас гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглох зохицуулалт, төрөөс олон нийтийн мэдээллийн байгууллагад хяналт, цензур тавихгүй байх гэсэн суурь зарчим ч хэвээр үлдэнэ. Гол нь бид хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлын тухай зохицуулалтыг хуулийн төсөлд хийнэ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:
-Сэтгүүлчийн ёс зүйн асуудал нь бидний өөрсдийн хариуцлага юм. Үүнийг хуулиар зохицуулбал утгаа алдана. Харин хамтын удирдлага эсвэл өөрийн удирдлагын байгууллага хариуцах хэрэгтэй. Харин ёсзүйн хорооноос гаргаж байгаа дүгнэлтийг сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага засаад явах нь зүйтэй.
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэдэг бол нэг тогтолцоо, нэг систем юм. Үүнийг эрх зүйн хувьд баталгаажуулж өгөх нь мэдээж чухал. Дээр нь иргэний үнэнийг мэдэх эрхэд сэтгүүлч, редакцууд ёс зүйтэйгээр үйлчилж чадаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй.
Иймд сэтгүүлчдийн ажиллах арга зүй болон ёс зүйн код, сонгогдох төлөөллүүдийн асуудлыг салбарт нь үлдээгээд харин суурь зарчмыг нь хуульд оруулж өгвөл сайн байна.
“Глоб” интернэшнл төвийн тэргүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал:
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд сэтгүүл зүйн хараат бус байдал хамгийн чухал. Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь улс төрийн дарамт болон аливаа хөндлөнгийн шахалтаас ангид байх тухай асуудал юм. Редакц өөрийн дотооддоо мөрддөг ёс зүйн журмаар хараат бус байдлаа зохицуулдаг. Харин редакцын хараат бус байдлыг албан ёсоор хуулийн хүрээнд баталгаажуулах нь зөв. Иргэдийн үнэн, зөв мэдээлэл хүлээж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд л сэтгүүлзүй үйлчилдэг. Тэрнээс сэтгүүл зүй гэдэг сэтгүүлчид өөрсдийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллага байгуулаад ажилладаг зүйл огтхон ч биш.
Германийн “DW” академийн дижитал төслийн менежер Julius Endert:
-Олон улсад хэвлэл мэдээлэлд дижитал хувьсал гарсан ч манай улсын хувьд хүний үндсэн эрх, эрх чөлөө болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх хуульд өөрчлөлт ороогүй. Яг л энэ үндсэн эрхээ сэтгүүлчид эдлээд явж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлчтэй адил эрхийг мөн цахим орчинд ажилладаг сэтгүүлчид эдэлдэг.
“Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль” гэж байдаг. Энэ хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүн мэдээллээ хамгаалуулах зэрэг эрхүүд хангаддаг. Манай улсын Үндсэн хуульд сэтгүүлчийн үйл ажиллагаанд ямар нэгэн цензур тавихыг хориглодог.
Энэ бол маш чухал заалт. Монгол улс ч гэсэн ямар нэгэн цензурыг хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгож байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0