sonin.mn
Эмгэнэл
 
ЯДАМСҮРЭНГИЙН БАТСҮХ
(1966 - 2019)
 
Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Намыг үүсгэн байгуулагчдын нэг бидний дотнын анд, журмын нөхөр Ядамсүрэнгийн Батсүх удтал хүндээр өвчилж байгаад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр таалал төгслөө.
Я.Батсүх 1966 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрөх эмнэлэгт төржээ. 8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад нийслэлийн арван жилийн 4 дүгээр дунд сургуульд орж суралцаж байгаад улмаар 57 дугаар дунд сургуульд шилжиж дүүргэсэн байна. Я.Батсүх Сүхбаатар дүүргийн хүүхдийн 2 дугаар эмнэлэгт асрагчаар ажиллаж байгаад 1990 оны өөрчлөлт шинэчлэлийн үетэй золгож тухайн үедээ анхны хувийн хэвшлийн ААН болох “Ард” компаниа байгуулж удирдан ажиллуулж байлаа.
 
Тэрээр 1995 онд АНУ-д очиж суралцан эдийн засагчийн боловсрол эзэмшсэн байна. АХЭ-ийн Засгийн газраас 1997 онд түүнийг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны худалдааны атташегаар томилон ажиллуулж байв. 1998 оны эцсээр С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт түүнийг хилсээр гүтгэн АНУ-аас хууль бусаар хулгайлан авчирч, урт удаан хугацаагаар шорон гянданд хорьж, тарчлаан зовоож түүний эрүүл мэндэд нөхөж барашгүй хохирол учруулсан билээ.
 
Я.Батсүх 1989 оны эцсээр Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь гар бие оролцож, МоАХ-ын Анхдүгаар Их Хурал болон МоАН-ын Анхдугаар Их Хурлын бэлтгэлийг хангах, хурлыг зохион байгуулах асуудлыг биечлэн хариуцаж байсан болно. Тэрээр насан эцэслэх хүртлээ МоАХ болон АН-ын үйл хэрэгт өөрийн ухамсарт амьдралаа зориулж, ардчиллын төлөө мятрашгүй тэмцэгч гэдгээ нотлон харуулсан юм.
Бидний дотнын анд журмын нөхөр “ард” Батсүхийн маань үзэл бодолдоо ямагт үнэнч туйлбартай байж, байнга шинийг эрэлхийлдэг үйгагүй хөдөлмөрч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
 
АРДЧИЛСАН НАМ
 
2019.10.29