sonin.mn

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 2023 оны эцсээр болсон Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдааны үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэлэхдээ, дэлхий даяар байдал тогтворгүй байгаа энэ үед тус улсын эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгааг тэмдэглэж байв. “Инфляцын дарамт, олон улсын ложистикийн сүлжээнд гарсан хүндрэл, бүс нутгуудад дэгдсэн хямрал сөргөлдөөн, хориг арга хэмжээ зэрэг нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг хойш нь татаж байна. Ийм хүнд нөхцөлд Казахстаны эдийн засгийн өсөлт 4.9 хувьтай гарах төлөвтэй байна” гэдгийг тэрбээр дурдсан юм.  




Төв Азид тэргүүлэгч эдийн засаг


Үнэхээр Төв Азийн хамгийн том эдийн засагт бодитой өсөлт гарч байна. Олон улсын валютын сангийн шинжээчдийн илтгэлд дурдсанаар, Төв Ази ба Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын дотроос Казахстан улс ДНБ-ний өсөлтөөр тэргүүлж байна. Тэдний тооцоолсноор, Казахстаны ДНБ-ний хэмжээ өнгөрсөн онд 259,3 тэрбум ам.долларт хүрсэн нь Узбекистан, Беларусь, Гүрж, Армени, Молдав, Киргиз, Тажикистаны ДНБ-нийг нийлүүлснээс давжээ. ОУВС-гийн таамаглалаар, 2028 он гэхэд Казахстаны ДНБ 354.7 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын дэвшүүлсэн амбицтай зорилт хэрэгжих аваас 2029 он гэхэд одоогийнхоос 2 дахин өсөж, 450 тэрбум ам.долларт хүрэх ёстой. Эл зорилтод хүрэхийн тулд эдийн засгийг жил бүр 6 ба түүнээс дээш хувиар тогтвортой өсгөх ёстой. Үүний тулд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажээ.  Одоогоор Казахстаны нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 13 мянган ам.доллар буюу ОХУ-ын үзүүлэлттэй ойролцоо байна. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэлэхдээ, Орос улс бол Казахстаны стратегийн түнш гэдгийг хэдэнтээ онцлон дурдаж байв. 2022 оны дүнгээр Казахстан-Оросын худалдааны эргэлт 27 тэрбум ам.долларт хүрсэн бол 2023 оны 1-10 дугаар сарын хугацаанд 21.4 тэрбумд хүрчээ. Энэ эрчээр худалдааны харилцаа эрчимжих аваас ойрын хоёр жилийн хугацаанд 30 тэрбумаас давна гэдгийг эдийн засагчид дурдаж байна. 2024 оны дүн мэдээ гарах үед Казахстан улс нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр Орос улсыг гүйцэж түрүүлж магадгүй гэдгийг ОУВС-гийн эдийн засагчид үгүйсгэхгүй байна.


Өөр нэгэн чухал үзүүлэлт бол тус улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын дотроос гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах тал дээр тэргүүлж байна. НҮБ-ын шинжээчдийн тооцоогоор, 2022 онд Казахстан руу чиглэсэн ГШХО-ын хэмжээ 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин 2023 оны эхний хагас жилд энэ тоо 13.3 тэрбум ам.долларт хүрснээс 2.9 тэрбум нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт оржээ.




Их гүрэн нурсны дараах нөхцөл байдал 




Казахстанчууд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж чадсаны учрыг олон улсын судлаачид, шинжээчид маш ихээр сонирхдог. Задран унасан ЗХУ-ын буурин дээр бий болсон шинэ залуу Бүгд найрамдах улс өөрийн гэсэн хөгжлийн зам, удирдлагын загварыг сонгож, ирээдүй рүү чиглэсэн эрчимтэй хөгжил рүү тэмүүлж байгаа нь бусад улсын анхаарлыг татах нь зүйн хэрэг.


Тусгаар тогтнолоо зарлаж байсан 1991 онд Казахстанд нөхцөл байдал туйлын хүнд байв. Нэгдүгээрт, далайд гарцгүй байдал нь эдийн засгийн боломжийг хязгаарлаж байв. Хоёрдугаарт, асар том газар нутагт хүн амын нягтрал маш багатай, дээр нь жигд бус байдлаар тархан суурьшиж байлаа. Түүнээс гадна 100 гаруй үндэстэн ястнаас бүрддэг тус улсын уугуул иргэд болох казахууд хүн амын олонх болж чадаагүй байв.



Гуравдугаарт, эдийн засгийн байдал маш хүнд байсан бөгөөд ажилгүйдэл, барааны хомсдол, гиперинфляц нүүрлэжээ. ЗХУ задрах үед Казахстаны эдийн засгийн үзүүлэлтүүд маш муудаж, 1992 онд мөнгөний ханш 2962.81 хувиар унаж байв. Түүнээс гадна ерөнхийлөгчийн ба Дээд Зөвлөлийн гэсэн засаглалын хоёрдмол хэлбэр тогтсон нь шинэчлэл хийхэд саад тотгор болж байв. Мөн иргэд олноороо хилийн чанадыг зорьсон тул мэргэжилтэй боловсон хүчин асар ихээр дутагдаж байлаа. Зөвхөн 1992-1994 онд гэхэд 1.1 сая иргэн эх орноо орхин гарчээ. 




Ийм хүнд нөхцөлд эдийн засгийн байдлыг тогтворжуулахын тулд “2005 он хүртэлх улс төр ба эдийн засгийн хөгжлийн стратеги”-ийг боловсруулан батлав. Энэ бодлогын хүрээнд төрийн өмчийг хувьчилснаар Зөвлөлт маягийн тогтолцооноос зах зээлийн тогтолцоонд шилжлээ. 1991 -2000 оны үед Казахстанд жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүхэл бүтэн давхарга бий болов. Төрийн эзэмшилд байсан 34.5 мянган обьектыг тэдэнд худалджээ. Үр дүнд нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1997 онд 4 хувиар өссөн байна.

Эдийн засагт нааштай өөрчлөлт дөнгөж гарч байсан тэр үед Азийн 1997–1998 оны санхүүгийн хямрал дэгдсэн нь Казахстаны эдийн засагт хүнд цохилт болов.




Эдгээр хүндрэлийг даван туулахын тулд 1997 онд тус улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев "Казахстан-2030” хөгжлийн стратеги төлөвлөгөөг батлав. Уг төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлж чадсанаар 2012 онд Казахстан улс дэлхийн өндөр хөгжилтэй 50 улсын эгнээнд багтлаа.



Өнгөрсөн 33 жилийн хөгжлийн түүхэндээ Казахстан улс Азийн хямралаас гадна 2007-2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, Крымээс үүдэлтэй Оросын эсрэг хориг, хамгийн сүүлд цар тахлын хямралыг даван туулсан юм.

Эдгээр хямралыг даван туулах бүрдээ Казахстан улс эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж ирсэн нь өсөлтөд хүргэж байсныг Азийн хөгжлийн банкны шинжээчдийн тайланд дурдсан байна. 




Ирээдүйн зорилт




Эдийн засгийн прагматик бодлого явуулж, бүтцийн өөрчлөлтийг шуурхай хийж, байгалийн баялгаа зөв ашиглаж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсаны үр дүнд өдгөө тус улс дундаас дээш орлоготой орнуудын эгнээнд багтаж, улмаар өндөр орлоготой улсуудын эгнээнд ороход ойртож байна. Статистик мэдээллээр, хүн амын ядуурлын түвшин 2001 онд 46.7 хувь байсан бол 2023 онд 2.6 хувь болж буурсан ба орлогын тэгш бус байдал, ялгаа багасжээ.




Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар, тус улсад 2011 оноос хойш ажилгүйдлийн түвшин 5 хувиас хэтрэхгүй байна. Мөн Казахстаны Хөдөлмөрийн хуулийг олон улсын шинжээчид өндрөөр үнэлдгийн учир нь, хүйсээс үл хамааран хөдөлмөр эрхлэгчид ижил тэгш боломжийг эдлэх ёстой гэсэн нөхцөл шаардлагыг хуульд тусгасантай холбоотой. Ингэснээр Казахстаны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин Төв Азийн бүс нутагт хамгийн өндөр байна.

Эдийн засгийн хөгжлийн өсөлтийг цаашид хадгалж, хөгжлийн шинэ шатанд шилжихийн тулд Казахстан улс эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх зорилтыг дэвшүүлжээ. Эл зорилтод хүрэх стратегийн бодлогыг тус улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Казахстаны зам-2050: нэгдмэл зорилго, нэгдмэл сонирхол, нэгдмэл ирээдүй” хэмээх илгээлтдээ /2014 он/ тусгасан байдаг.




Үүний тулд юуны өмнө нефть-хийн бус салбаруудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, санхүүгийн салбар ба хөрөнгө оруулалтын бодлогод шинэчлэл хийх замаар эдийн засгийн бааз суурийг төрөлжүүлэх, хоёрдугаарт, зах зээл дэх төрийн өмчит секторын хэт оролцоог хязгаарлах, шударга өрсөлдөөний орчныг бэхжүүлэх, хувийн хэвшилд тэгш боломж олгох, гуравдугаарт, төсвийн хөрөнгийг оновчтой зарцуулах бодлогыг хэрэгжүүлж байна.  

Үүний сацуу тус улсын засгийн газар 2030 он гэхэд Казахстаны Үндэсний баялгийн санд хуримтлагдсан хөрөнгийн хэмжээг 100 тэрбум ам.долларт /одоогийн байдлаар 60.2 тэрбум ам.доллар/ хүргэх зорилго тавьжээ. Энэ санд байгалийн баялгийн олборлолтоос бий болсон нэмэлт хөрөнгө төвлөрснөөр түүхий эдийн үнийн хэлбэлзэл болон эдийн засгийн уналтын үед тогтворжуулах хүчин зүйл болдог.

Өнөөдөр казахстанчууд инновацын чиг баримжаатай эдийн засагт шилжих зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Энэ чиглэл дэх гол зорилтууд бол улс орны нөөц баялгийг эдийн засгийн гол чухал ирээдүйтэй салбаруудыг хөгжүүлэхэд төвлөрүүлэн зарцуулах, бизнесийн ба хөрөнгө оруулалтын илүү тааламжтай орчныг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн эрчим, бүтээмжийг дээшлүүлэх явдал юм.


Б.Адъяахүү