ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 3 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа боомтуудын оператор компаниудад шахалт үзүүлж, хоёр дахь өдрөө ажил хаяж байгаа ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг уриалжээ.
"Цар тахлын эрсдэлтэй үед боомтуудыг нээлттэй байлгахын тулд ажилчид эрсдэлд орж ажилласнаар далайн тээвэрлэгчид цар тахлаас хойш их хэмжээний ашиг олсон. Эдгээр далайн тээвэрлэгч манай эдийн засагт оруулсан боомтуудын ажилчдын хувь нэмэр, их хэмжээний ашгаас тооцсон шударга гэрээг санал болгох цаг болжээ" гэж олон нийтийн X сүлжээнд нийтэлсэн Ж.Байдены мэдэгдэлд дурджээ.
Тэрбээр хэт өсгөсөн байж болзошгүй далайн тээврийн үнийг шалгахыг үүрэг болгосон гэж Цагаан ордон мэдээлсэн байна.
"International Longshoremen's Association" (ILA) үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй ажил хаялтын улмаас Мэн муж улсаас эхлээд Техас хүртэлх олон муж улсын боомтуудад хүнсний бүтээгдэхүүн, автомашины тээвэрлэлт зогсоход хүрч, эдийн засагт өдөр бүр олон тэрбум доллароор хэмжигдэх хохирол учирна гэж шинжээчид үзэж байна.
Үндэсний жижиглэн худалдааны холбооноос Ж.Байдены засаг захиргаанд хандан ажил хаялтыг зогсоохын тулд эрх мэдлээ ашиглахыг уриалжээ.“Everstream Analytics” байгууллагын мэдээллээр, ажил хаялт эхлэхээс өмнө өнгөрсөн ням гарагт АНУ-ын боомтуудад чингэлэг тээвэрлэгч ердөө гуравхан хөлөг онгоц байсан бол мягмар гарагт 38 гаруй хөлөг онгоц гацаад байна.
Ажил олгогчдын “United States Maritime Alliance” (USMX) холбоотой зургаан жилийн хугацаатай байгуулах шинэ гэрээний талаарх хэлэлцээ мухардсаны дараа 45 000 боомтын ажилчдыг төлөөлдөг “ILA” үйлдвэрчний эвлэл мягмар гаргийн шөнө дундаас эхлэн ажил хаялт зарлажээ.
USMX цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэхийг санал болгосон боловч ILA -гийн тэргүүн Харолд Даггетт зургаан жилийн хугацаатай шинэ гэрээнд жил бүр нэг цагийн цалинг 5 ам.доллароор нэмэгдүүлж, ажилчдыг ажлын байраа алдахад хүргэж болзошгүй боомтуудыг автоматжуулах төслүүдийг зогсоохыг шаарджээ. Улмаар мягмар гарагт Нью-Жерси муж улсын Элизабет хот дахь ачааны терминалын олон зуун ажилтан ажил хаясан байна.
Энэ ажил хаялт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, урт хугацаагаар үргэлжилбэл инфляцыг өсгөж болзошгүй гэж “Morgan Stanley” банкны эдийн засагчид дүгнэжээ. Америкийн импортын тал орчим хувь, экспортын 37 орчим хувийг далайгаар тээвэрлэдэг гэдгийг тэд дурдсан байна.
Харин “JP Morgan”-ы эдийн засагчдын тооцоолсноор ажил хаялтын улмаас Америкийн эдийн засагт өдөрт 5 тэрбум орчим ам.долларын хохирол учирч болзошгүй ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0