ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын хоолойг хаахаар сүрдүүлсэн Ираны эрх баригчдад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сануулга өгсний дараа өнөөдөр газрын тосны үнэ нэлээд буурлаа.
Трамп хэлэхдээ, хэрвээ Ираны тал Ормузын хоолойгоор нэвтэрч буй нефтийн урсгалыг зогсоох гэж оролдох аваас манай улс Иранд одоогийнхоос 20 дахин хүчтэй цохилт өгнө хэмээн анхааруулжээ.
Үүний дараа Азийн биржүүдийн өнөөдөр өглөөний арилжааны явцад Брент маркийн газрын тосны үнэ 6,5 хувиар хямдарч, 92,46 ам.доллар, Nymex Light Sweet маркийн нефтийн үнэ 7 хувиар буурч, $88,15 болсон байна.
Үүнээс өмнөхөн нефтийн үнэ 100 доллароос давсан бөгөөд энэ нь Ойрх Дорнодод дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн даамжирснаар нефтийн нийлүүлэлт удаан хугацаанд тасалдаж магадгүй гэсэн болгоомжлолтой холбоотой байв. Харин дайн удахгүй дуусна гэж Трамп мэдэгдсэний дараа бага зэрэг буураад байсан юм.
Болгоомжлол түгшүүр багасахын хэрээр Азийн биржүүдийн хувьцааны ханш өсжээ. Тухайлбал, Японы Никкей 225 индекс 2,7 хувиар, Хонконгийн Hang Seng 2 хувиар, Өмнөд Солонгосын Kospi 5,5 хувиар тус тус өссөн байна. Өмнө нь тус бүс нутгийн хөрөнгийн биржүүдэд огцом уналт болсон билээ.
Хэдийгээр газрын тосны үнэ буурсан боловч Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхлэхийн өмнөхөөс 20 хувиар өндөр байгаа юм.
Өчигдөр G7-гийн орнууд мэдэгдэл гаргаж, нефтийн үнэ өссөөр буй энэ үед дэлхийн эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “шаардлагатай арга хэмжээнүүд”-ийг авна гэжээ.
Б.Адъяахүү
Мягмар - 03 сарын 10,
2026
Сэтгэгдэл0