sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны хоёрдугаар сарын 12 /sportico.com/. Португалын шигшээ баг ба Саудын Арабын “Аль-Наср” клубын довтлогч Криштиану Роналду өнгөрсөн 2023 онд дэлхийн хамгийн их орлоготой тамирчнаар тодорчээ. Үүнийг Sportico цахим хуудаснаас гаргасан од тамирчдын орлогын жагсаалтаас харах боломжтой.



Роналду өнгөрсөн онд 275 сая долларын орлого олсноор жагсаалтын эхэнд бичигдсэн байна. Түүний дараа эхний гуравт Америкийн гольфчин Жон Рам 203 сая доллар, Аргентины шигшээ баг ба “Интер Майами” клубын довтлогч Лионел Месси 130 сая долларын орлоготойгоор багтжээ.  



Дөрөвдүгээрт, сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч Леброн Жеймс /125,7 сая доллар/, тавдугаарт, Францын шигшээ баг ба “ПСЖ” клубын довтлогч Киллиан Мбаппе /125 сая доллар/ нар тус тус орсон байна.


“Спортико” цахим хуудаснаас гаргасан орлогын чансаанд нийтдээ 100 тамирчныг хамруулсан бөгөөд тэдний дотор 40 сагсан бөмбөгчин, 16 хөлбөмбөгчин, 13 бейсболын тамирчнаас гадна гольфчид, америк хөл бөмбөгийн тамирчид, боксчид, автомашины уралдааны тамирчид ба теннисчид багтжээ. Харин ТОП-100-д эмэгтэй тамирчид багтаагүй бөгөөд өнгөрсөн онд хамгийн их орлого олсон эмэгтэй бол дэлхийн чансааны гуравт бичигдэж буй теннисчин Коко Гауфф /$22,7 сая/ юм.  


Спортын 8 төрөл ба 25 улсын төлөөлөл болох эдгээр 100 тамирчин өнгөрсөн онд нийтдээ 5,4 тэрбум долларын орлого олсноос 4,2 тэрбум нь цалин урамшуулал, үлдсэн 1,2 тэрбум нь спортоос гадуурх үйл ажиллагааны орлого юм. 



Б.Адъяахүү

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг