sonin.mn
Зуны спортын XXXII олимпын наадам эхлэхэд 95 хоног үлдэж байна. Токио хотын захирагч Юрико Коикэ гайхалтай олимп зохион байгуулахын тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллахаа мэдэгдсэн. Тэрбээр “Олимпыг амжилттай зохион байгуулахын тулд хүн бүхэнтэй хамтран ажиллаж, олимпод оролцохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн Япон болон хилийн чанадаас ирэх тамирчдыг харахыг хүсэж байна” хэмээн ярьсан. Хамгийн гол нь коронавирусийн цар тахлын улмаас Токиогийн олимп өмнөх наадмуудтай харьцуулбал өөр байх болно гэдгийг онцолжээ. Тэгвэл Олон улсын олимпын хорооны гишүүн Жон Коутс “Эргэлзэх зүйлгүй, олимп зохион байгуулагдана. Байж болох хамгийн аюулгүй олимп нээлтээ хийнэ. Бид Японы нийгмийн аюулгүй байдал, тамирчид болон бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авах болно” гэж онцолжээ. Олимпын эрх олгох тэмцээн халдвар хамгааллын өндөр дэглэм дор дэлхийн улс орнуудад үргэлжилж байгаа бөгөөд ойрын үед манай тамирчдын оролцох хэд хэдэн тэмцээн бий. Ингээд олимпын эргэн тойрон болон монголчуудтай холбоотой мэдээллийг багцлан хүргэе.
 
ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД БОЛОХ ОЛИМП
 
Дэлхий даяар халдварын нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбогдуулан олимпыг гадаадын үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Японы Олимпын хороо наадмын тасалбар худалдан авсан гадаадын үзэгчдэд төлбөрийг нь буцаан олгоно гэдгээ мэдэгдсэн. Харин спортын байгууламжуудад оруулах Японы үзэгчдийн тоотой холбоотой шийдвэрийг ирэх долоо хоногт эцэслэх аж. Наадамд 10 мянган тамирчин оролцох төлөвтэй байна. Тамирчдыг хоёр долоо хоногийн тусгаарлалтын дэглэмгүй, хялбаршуулсан журмаар Японд нэвтрүүлэх юм. Олон улсын олимпын хорооноос гаргасан Токиогийн наадмын урьдчилсан дүрмийн дагуу тамирчид коронавирусийн шинжилгээг дор хаяж дөрвөн хоногт нэг удаа өгөх ёстой. Гэхдээ “Токио 2020” наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлснээр, шинжилгээний давтамжийг ойртуулж магадгүй аж. Дүрмийн дагуу PCR шинжилгээ өгөх давтамж нь спортын төрөл, тэмцээний хуваариас хамаарна. Шинжилгээг олимпын, эсвэл паралимпын хотхонд байрлах тусгай лабораторид хийх ёстой. Хэрэв тамирчин эдгээр байгууламжаас гадуур байрлаж байгаа бол шинжилгээ өгөхийн тулд тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг ашиглах шаардлагатай аж. Ухаалаг гар утсанд зориулсан тусгай программаар шинжилгээний хариуг хянана. Токиогийн олимпын бэлтгэл ажил дуусах шатандаа орж байгааг зохион байгуулагчид онцолжээ. Тамирчид спортын 33 төрөлд 330 гаруй багц медалийн төлөө өрсөлдөнө. Олимпыг хойшлуулсан болон коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотойгоор зардал нэмэгдсэний улмаас наадмыг зохион байгуулах төсөв нэмэгдэж, 15.9 тэрбум ам.доллар болжээ.
 
 
МАНАЙ ТАМИРЧДЫГ ЯМАР ТЭМЦЭЭН ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
 
Манай тамирчдын хувьд спортын долоон төрөлд 21 тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Cпорт сонирхогчдын хувьд удахгүй болох “Токио-2020” олимп өмнөх наадмуудаас онцлогтой болно. Учир нь, Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх юм. Мөн ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх удаа олимпын наадамд оролцох эрхээ халааслаад байгаа. Түүнчлэн манай тамирчид цаашдаа олимпын эрхийн оноо авах олон улсын хуваарьт тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ базааж байна. Чөлөөт бөхийн тамирчид боломжит 12 эрхээс долоог нь аваад байна. Тэд ирэх сард Болгарын Софи хотноо олимпын эрхийн сүүлийн тэмцээнээс үлдсэн эрхүүдээ авахаар зорьж буй юм. Харин усанд сэлэлтийн тамирчдын хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг олимпын эрхийг нэмэх нь тодорхой. Учир нь, манай тамирчдаас 2019 оны ДАШТ-д өрсөлдсөн эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчнаас Олон улсын усанд сэлэлтийн холбооноос олимпод оролцох урилгыг илгээх юм. Ингэснээр олон улсын хэмжээний мастер М.Дэлгэрхүү, Г.Занданбал, Б.Энххүслэн, Х.Энхзул нарын хэн нь Токиод очихыг FINA ирэх сард шийдвэрлэнэ. Түүнчлэн манай улсаас сүүлийн дөрвөн олимпод дараалан медаль хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ баг авч болох олимпын 14 эрхээс 12-ыг нь авах боломжтой. Тэднийг олимпын өмнө Казанийн “Их дуулга”, Унгарын Будапештэд ДАШТ хүлээж байна. Дээрх хоёр тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо олимпод оролцох боломжтой бөхчүүдийн чансааг эцэслэн гаргах бөгөөд ингэснээр тухайн улс аль жинд ямар тамирчнаа оролцуулахаа шийдвэрлэнэ. Мөн энэ цаг мөчид хүндийг өргөлт, таэквондогийн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор хилийн чанадыг зорив. Хүндийг өргөлтийнхөн Узбекистаны Ташкентад очсон. Харин таэквондочид Кыргызстаны Бишкект хамтарсан бэлтгэлээ базаагаад Йорданы Амманд олимпын эрхийн тэмцээндээ оролцох юм. “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн ирэх сарын 21-23-нд болно. Харин 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Австри, Унгарт олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Тэд Хандгайт дахь “Олимп” баазад олимпод оролцох эмэгтэй багийн хамт бэлтгэлээ базааж байна. Сонирхуулахад, түүхэндээ багийн төрлөөр анхлан олимпын эрх авсан эмэгтэй шигшээ баг долоон тамирчинтайгаар бэлтгэлээ базааж байгаа бөгөөд үүнээс дөрөв нь Токиог зорих юм.
 
13 ТЕЛЕВИЗ НЭГДЭЖ  ОЛИМП ДАМЖУУЛНА
 
Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон “Токио 2020” зуны олимпын наадмыг Монголын өргөн нэвтрүүлгийн 13 телевиз хамтран албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулахаар болжээ. Өмнө нь Монголын телевизүүд зуны олимпын наадмыг хоёр удаа дамжуулсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн, уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, телевиз үзэгчдэд дуртай спортоо мэргэжлийн тайлбартайгаар үзэх сонголт өгсөн явдал байсан юм. Олимпын наадмыг өмнө нь 13 телевиз хамтран дамжуулсан түүх үгүй. Олимпын наадмын үеэр Токио хотноо дөрвөн сурвалжлах баг ажиллаж, Монголын тамирчдын мэдээлэл, олимпын наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг шуурхай хүргэх гэнэ. Олон сувгийн сонголт нь үзэгчдэд нэгэн зэрэг 13 өөр спортын төрлийн тэмцээн үзэх боломж олгох бөгөөд олимпизм, спортыг орон даяар түгээн дэлгэрүүлэхэд том түлхэц болох юм.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин