sonin.mn

Хотын дарга Э.Бат-Үүл жиргээчдийг ёс бусаар доромжиллоо гэж олон хүн дургуйцлээ илэрхийлэх болсон. Тухайлбал, Хотын дарга нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа жиргээчдийг “Лалрууд, галзуучууд” гэж хэлсэн байдаг.

Жиргээчдийн төлөөлөл болох иргэн Т.Мөнх-Оргил нийт жиргээчдийнхээ нэр хүндийг сэргээх, цаашлаад ийм үйлдлийг дахин гаргуулахгүйн тулд Э.Бат-Үүл даргын эсрэг гомдлыг Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд гаргасан. Бид түүнээс болсон үйл явдлын талаар тодруулж ярилцсан юм.

-Хотын дарга Э.Бат-Үүлийн эсрэг та гомдол гаргаад байгаа. Энэ хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Энэ сарын 10-нд Хотын даргын эсрэг шүүхэд гомдол мэдүүлсэн. Гом­дол мэдүүлэх болсон үндэслэл нь нэг хэ­сэг жиргээчдийг “Лалрууд, гал­­зуучууд” гэх мэтээр до­ромжилсон учраас түүнийг шүүхэд өгсөн. Төрийн өндөр албан ту­шаал хашиж буй хүмүүс олон нийтийн ца­хим хэрэгслээр ард түм­нээ ингэж доромжилж бо­лохгүй биз дээ.

Үүний хор уршиг юу болох вэ гэдгийг тэрбээр маш сайн мэдэж байгаа. Ту­хайлбал мэдээлэл тараад ирэхээр жир­гээ­чид гэдэг чинь “Галзуучууд, лалрууд” байдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд үүсээд байна шүү дээ. Тиймээс л би энэ хүнийг энэхүү үгэндээ уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа юм.

-Та түрүүн хэллээ. Хэсэг бүлэг хү­мүүсийг дором­жилсон гэж. Түүний хэлсэн үгэнд таны нэр хүртэл орсон байгаа юм уу. Нэг ёсондоо нэр зааж хэлсэн гэсэн үг үү?
-Үүнд ямар нэгэн нэр, хаяг дурь­дагдаагүй. Хэсэг бүлэг жир­гээч­дийн дотор л ийм нэгэн “Лалрууд” байна аа гэдгийг л хэлээд байгаа юм.

-Энэ талаар Э.Бат-Үүл даргатай уул­заж үзсэн үү?
-Ерөөсөө уулзаагүй. Ямар нэгэн байд­лаар энэ үгэндээ уучлалт гуйх ёс­той гэсэн шаардлага ч тави­а­гүй. Мэ­дээж энэ асууд­лыг шүүх л шийдэх ёстой юм байна гэж бодсон.

Аливаа асуудал хүний эрх болон, хүний эрхэнд ямар нэгэн байдлаар халдаж байгаа нөхцөлд энэ ардчилсан нийгэмд шүү­хэд өгөх нэг арга хэрэгсэл нь шүү дээ.

-Жиргээчид Хотын дар­гын нэр хүндэд халдсан учраас тэгж хэлэх болсон юм биш үү?
-Нийгэмд болж бүтэхгүй зүйлийг жиргээчид ил гаргаж тавьдаг. Өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг ингэж дором­жилж байна. Бид нар энэхүү бүдүүлэг үг хэллэгийг ойлгохдоо төрийн албан хаагч ард иргэдийн амыг барих гэж оролдож байна. Үүний эсрэг би тэмцэж байна. Түүнээс Э.Бат-Үүл даргад юу бодогдож байгааг би мэдэхгүй.

Харин түүний илэрхийлж байгаа өнгө аяс нь “Энэ хүмүүс болохгүй бай­на. Жир­гээчдийг хав­чих хэрэгтэй. Нийгмээс ял­га­варлан гадуурхах хэрэгтэй байна” гэж ойлгогдож бай­на.

Тухайлбал, “Бидний үед тиймэрхүү хүмүүсийг “Лалрууд” гэдэг байсан. Одоо та нар юу гэж нэрлэхээ өөрсдөө мэдэцгээ. Тэгээд тэр хүмүүсийг нийгэмд ямар нэгэн ажил хийх, эрх мэдэлтэй байхыг нь зогсоо” гэсэн утгатай үг хэлээд байна шүү дээ. Тэгж болохгүй. Э.Бат-Үүл ард ир­гэдийнхээ нэг хэсгийг ин­гэж ялгаварлаж болохгүй.

-Таны энэ үйлдлийг жиргээчид дэм­жиж байгаа юу?
-Зарим нь дэмжиж бай­гаа. Гэхдээ ингэж байж л хү­мүүнлэг ардчилсан ний­гэм бүрдэнэ гэж үзэж байгаа хүмүүс нь олон байгаа.

-Олон нийтийн зүгээс таныг ямар их завтай хүн бэ. Ер нь Т.Мөнх-Оргил гэж хэн юм бэ гэж сонирхож байгаа байх?
-Би хэн нэгэн дарга боссын доор долдой болж явснаас гудамж цэ­вэр­лээд явсан нь дээр гэж боддог. Гудамж цэвэрлэнэ гэдэг хамгийн нэр хүндтэй ажил шүү дээ. Би хэнээс ч дутахгүй амьдарч өөрийн гэсэн орон зай болон санхүүгийн асуудлаа өөрийнхөө хэм­жээнд ший­дэж хэрэглээнийхээ боол болохгүйгээр л явж байна.

-Таныг АНУ-д ажиллаж амьдарч бай­сан гэж сонс­сон. Ер нь та хаана ямар боловсрол эзэмшсэн бэ?
-ШУТИС-ийг Уул уур­хайн инже­нерээр, МУИС-ийг удирдлагаар төгс­сөн. 2002-2006 онд АНУ-д сурч амь­дарч байсан. Тэнд ажиллаж байхдаа монголчууд яаж амьдарч байна яг л тэр жишгээр явсан даа.

-Таныг АНУ-д ажиллаж байхдаа нэг ном гаргасан гэж сонссон юм байна?
-АНУ-д байхдаа “Америкийн шо­рон­гоос хувьсгалын зам руу” гэсэн ном бичиж, өнгөрсөн онд олон нийтийн хүртээл болгосон. Чи бод л доо зүгээр л нэг гудамжны мангар байцаан Э.Бат-Үүл тэр тусмаа ардчил­лын том лидерийг шүүхэд дууддаггүй л байхгүй юу.

Тэгэхээр би энэ номоо их л учир утгатай бичсэн. Энэ нь тус улсад бичсэн улстөрийн үзэл бодол, өөрийн орны улстөрийн үзэл бодол гээд бүгдийг нь хөндөж бичсэн л дээ.

-Монголд хүмүүнлэг ардчилсан ний­­гэм байж чадаж байна уу?
-Монголд хүмүүнлэг ардчилсан нийг­мийг сүүлийн 20 гаруй жил мартсан байна. Бид энэ нийг­мийг бай­гуулахын тулд их олон зүйл ёс сур­тахуун, уламж­лалт хэм хэм­жээнээсээ татгалзах ёстой. Яг энэ үед л ард түмэн “Та буруу ярьж байна” гэж зоригтой хэлэх ёстой” л доо. Яг ингэж хэлсэн хүмүүсээ л Э.Бат-Үүл дарга гутаан доромжилж ёс зүйгүй ааш авир гаргалаа шүү ээ.

Уг нь би асуудлын цаадах учрыг нь олж харчихаад яваад байгаа юм. Ардчилагчид чинь өөрсдөө эргээд ард­чиллаа нухчин дарах гээд байгаагийн нэг хэлбэр нь илэрч эхлээд байна.

-Тэгэхээр таны эцсийн зорилго Э.Бат-Үүл даргыг уучлалт гуйлгах гэж ойлгож болох уу?
-Э.Бат-Үүл дарга нийт жиргээчдээс уучлалт гуйх ёстой. Тэрбээр жиргээч­дийг “Би юм хийж байна. Та нар дуугүй сууж бай” гэх гээд байна. Тэр хүнд тийм эрх байхгүй.

Тэр дундаа нэг хэсэг хүмүүсийг “Лал­рууд” гэж дуудах эрхгүй гэдгийг л хэлэх гэсэн юм.

Эх сурвалж: