sonin.mn

Татварын ерөнхий газ­рын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт хол­богдох 13 хүний хэргийг шүүх хурал өчигдөр 09:30 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд эхэлсэн юм.

Шүүгчдэгчдийг шүүх хуралд оролцуулахаар Цаг­дан хорих 461 дүгээр ангиас авч ирсэн бөгөөд тэднийг бусдын эд хөрөнгийг зав­ших, үрэгдүүлэх, татвар тө­лөхөөс зайлсхийх, худал мэдүүлэг өгөх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан ту­шаа­лын байдлаа урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ ур­вуулах, хээл хахууль авах, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгаж бай­гаа юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн 150.3, 166.2, 254.2, 263.2, 265.2, 268.2, 272.2 зүйл ангиудад хамаардаг.

Шүүгдэгчдийн зарим өм­­гөөлөгч шүүх хуралд ирэ­э­­гүй тул тэдний зү­гээс хур­лыг хойшлуулах хү­сэл­тийг шүүх бүрэл­дэ­хүүнд тавьсан. Энэхүү хү­сэл­тийн да­гуу шүүх хур­лыг хоёр­дугаар сарын 17 хүртэл хойшлууллаа.
 
Хурлыг хойшлуулсан шалт­­гааныг тодруулбал шүүгдэгч Б.Жаргалын өм­гөө­лөгч К.Бауржан улсын дээд шүү­хэд шүүх хуралдаан нь дав­хацсан, шүүгдэгч Ч.Ган­сүхийн өмгөөлөгч Г.Оюун­­цэцэг БНСУ-д ахыгаа эмчил­­гээнд авч яв­­­­­сан тухай холбогдох ба­рим­­­­­туу­даа ирүүл­сэнтэй хол­боотой аж.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Энх­­батын өмгөөлөгч С.Жанцан нь дүүргийн эрүү­гийн хэргийн хоёрдугаар шүү­­хэд шүүх хурал­даан давхацсан аж. Мөн Шүүг­дэгч Х.Ханд­сүрэнгийн өмгөө­лөгч Г.Тунгалаг нь ОХУ-ын ир­гэн Платонов Максим Вик­торовичийг шүүх ху­рал­даанд гэрчээр оролцуулах са­налыг тус тус гаргасан байна.

Мөн шүүгдэгчдийн өм­гөө­лөгчдөөс энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гар­га­сан бүх шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах са­нал хүртэл гаргажээ. Тиймээс өмгөөлөгчдийн гаргасан дээрх саналуудыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээд хоёрдугаар сарын 17-ны 09:30 цагт болох хурлыг нээлттэй хийхээр болсон юм.

Хэргийг сануулахад Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлого хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Ч.Гансүхийн эгч Ч.Даваасүрэн, бага хүү Г.Ганзул нарыг өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн АТГ-аас саатуулан шалгаж байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийг өмнө нь нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан билээ.

АТГ-ын шалгаж тогтоосноор Ч.Гансүхийн бага хүү Г.Ганзулын дансан дахь 17 тэрбум, байцаагч О.Бямбасүрэнгийн дансанд шижүүлсэн таван тэрбум төгрөг, Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбатын эхнэр Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар, Ч.Гансүхийн төрсөн эгч, дүүгийнх нь дансанд төвлөрүүлсэн мөнгө зэрэг багтаж байгаа хэдий ч энэ нь өнөөг хүртэл хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй байгааг шүүгдэгч Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах хэлж байсан юм.

Ч.Гансүх ямар ч хэрэгт холбогдолгүй гэв

Шүүгдэгч Ч.Гансүхийн өмгөөлөгчид АТГ-аас мэдээлэл хийсний дараа “Бидний үйлчлүүлэгчийн үйлдсэн гээд байгаа дээрх хэрэг нотлогдоогүй. Ийм байхад АТГ-аас буруутай мэт мэдээлэл өгч байсанд гайхаж байна. Энэ маш ёс зүйгүй үйлдэл шүү дээ. Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүх гэдэг хүн 17 тэрбум төгрөгийг ямар нэг байдлаар өөрийнхөө болон хүүхдийнхээ дансанд хийсэн, мөн бусдын дансанд таван тэрбум төгрөг байр­шуулсан нь ч тогтоог­доо­гүй.

Тэгэхээр өнөөдрийн байд­лаар бусдаас нэг ч төгрөгийн авлига авсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Энэ бүхнийг шүүх шийдэх болно” гэж байв. Товчхондоо шүүх эцэслэн шийдээгүй байхад АТГ-аас олон нийтэд баттай мэдээлэл өгөөгүй гэдгийг онцолж байлаа.

Хамгийн сонирхолтой нь Ч.Гансүхийн өмгөөлөгчид түүний хэргийн талаар товч мэдээлэл өгсний дараа хууль хяналтын байгууллагууд амаа үдүүлсэн юм шиг эл хэргийн талаар ганц ч үг дуугарахаа больсонд олон нийт гайхаж эхэлсэн.

Ч.Ганбаяр: Хуулийнхан түүний өмгөөлөгчдөд амаа алгадуулахгүй шүү дээ

Бид өмнө нь Ч.Гансүхийн тухай нийтлэл бичсэний мөрөөр түүний дүү Ч.Ганбаяр ирж уулзахдаа “үнэн зөв мэдээллийг өгөхийг хүссэн юм” гээд “Хэрвээ үнэхээр Ч.Гансүх гэдэг хүний дансаар дээрх их хэмжээний мөнгө орж, гарсан нь мөрдөн байцаалтаар хангалттай нотлогдсон бол хуулийнхан түүний өмгөөлөгчдөд амаа алгадуулахгүй байсан шүү дээ. Түүнчлэн түүнийг анх Төв аймгийн цагдан хорих төвд саатуулсан.

Дараа нь Дархан-Уул аймаг болон Зүүнхараагийн цагдан хорих төвүүд рүү шилжүүлж өнгөрсөн оны аравдугаар сард энэ хэргийг авсан шүүгч нь цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн авч ирсэн.

Өөрөөр хэлбэл ахыг маань дөрвөн газар шилжүүлэн цагдан хорьсон нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал. Гэхдээ хамгийн гол нь 17 тэрбум төгрөг авсан гэдгийг хэн тогтоогоод байгаа юм бэ. Тэгээд ч бид ахтайгаа уулзаж энэ талаар асуухад өөрөө “энэ хэрэгт ахынх нь оролцоо байхгүй шүү” гэдгийг хэлж байсан. Ер нь манай гэрийнхэнд 17 тэрбум төгрөг битгий хэл таван сая төгрөг ч байхгүй.

Тиймээс сэтгүүлчид та нар АТГ-ын өгсөн мэдээллийн мөрөөр эргээд Э.Амарбат гэдэг хүнээс ахын маань хэргийн оролцоог дахин асуух хэрэгтэй. Тэгэхээр та нараас удахгүй болох шүүх хуралд нөлөөлхүйц сөрөг мэдээлэл гаргалгүйгээр олон нийтэд бодит мэдээлэл өгөхийг хүсч байна” гэсэн юм.

Ч.Гансүх гэж хэн бэ

Тэрбээр ҮТЕГ-т 21 жил ажилласан. Сүүлийн 12 жилд нь Хяналт шалгалтын хэлтсийн даргын албыг хашсан нэгэн. Өнө удаан буюу 21 дэх жилдээ ажиллаж буй түүнийг туршлагатай, мэргэжилтний хувьд “акул” гэж үнэлдэг. Өнгөрсөн хугацаанд тус газрын дарга олон удаа солигдсон ч тэрбээр хэзээний л ажилдаа үлдэж чаддаг. Учир нь Ч.Гансүх аж ахуйн нэгжүүдэд хэзээ ч гэнэтийн шалгалт оруулсан заавал “но”-г нь илрүүлж чаддаг хэмээн маш олон хүн гэрчилдэг.

Товчхондоо эл “мест” нь тус газрын хамгийн онцгой үүрэг бүхий хэлтэс. Зөвхөн татвар төлөгч төдийгүй татварын байцаагчдын аж­лыг шалгаж, хянах үүрэгтэй гэдгээрээ онцлогтой бас “орлоготой”. Тиймдээ ч үе үеийн ТЕГ-ын дарга нар түүний гараас хаашаа ч хөдөлж чаддаггүй байсныг олон хүн хэлдэг юм билээ.

Энэ бүхнээс харахад “өөгүй” гэмээр Ч.Гансүх хэ­ний захиалгаар ямар хэрэгт холбогдсон юм бол гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Ер нь бол албан тушаалтны иймэрхүү хэргийн ард нөлөө бүхий улстөрчид болон бизнесийн бүлэглэл, цагдаа, прокурор, шүүгчид байдаг нь нууц биш. Тиймдээ ч тэдний хэрэг хоног хугацаа өнөгөрөх тусам замхардаг болоод байна.

 

Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын нэр дээрх дөрвөн банкны 26 дансаар их хэмжээний мөнгө байршуулж байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Эл хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байсан. Гэтэл тун удалгүй тус газраас “Бид мэдэхгүй” гэсэн хачин тайлбар өгч хэргийг замхруулах шат руу нь залсан.

Мөн УМБГ-аас “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийг “Зоос банк”-наас хуурамч бичиг баримт үйлдэн 100 сая төгрөг авсан буюу мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Гэтэл мөн л энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг сулласан тухай олон нийт шуугиж байна. Ердөө ойрын хоёр жишээнээс л авч үзэхэд албан тушаалтны гэмт хэргүүд ийнхүү замхарсан гэсэн үг.

Товчхондоо хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэгдээд буй энэ хэргийн шүүх хурал өчигдөр бодитоор болсон нь үнэн. Гэвч хуулийн хүрээнд хойшлуулсан учраас анхан шатны шүүх хурлын эцсийн шийдвэр ирэх сарын 17-ны өдөр гарах бөгөөд Ч.Гансүхийн буруутай эсэх, эсвэл хуулийнхны өгсөн мэдээллийн үнэн эсэх нь тодорхой болно.

Р.Саруул

Эх сурвалж: