sonin.mn

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­баярыг баривчилсан нь сүүлийн үед нийгмийг ба­га­гүй хөдөлгөөнд оруулж эхэллээ. Тэр дундаа танай намын нэр бүхий гишүүд намаасаа гарна гэх мэтээр нэлээд бужигнаан үүсэх тө­лөвтэй.  Энэ талаарх таны байр суурь ямар байгаа вэ?

-Манай нам  дотроо бу­жигнаад сүйд болчихсон юм алга. Хүн харахад л тэгж санагдаж байгаа биз дээ. Монголын улстөрд байдаг зүйлүүд л өрнөж байна. Ёс­той л нөгөө болдог зүйл болдгоороо болж байна гэдэг нь харагдаж байна гэж нийгэм ойлгож хүлээж авах хэрэгтэй. Нөгөө талаар манай нам  дотроо хагаралдаад “фрак­цилж”, эв түнжингүй байгаа зүйл ч алга. Хэрвээ намын дотоод асуудал үүсээд фракци байгуулдаг юм бол нам дотроо албан ёсоор зарлаад явах хэрэгтэй. Ба­рууны өндөр хөгжилтэй орнуудын гишүүд шиг соёл­той, асуудалд тодорхой хандах ёстой.

-МАН, МАХН-ын аль аль нь зүүний үзэл баримт­лалтай нам. Тэр ч утгаараа танай намын гишүүд нэг­дэх тухай асуудлыг байн­га хөнддөг. Энийгээ ч батлах мэт тиймэрхүү үг яриа гаргадаг гишүүд экс Ерөнхийлөгчийг баривч­лагдах үед нь  хамт байсан. Энэ бүхэн нийгэмд шууд хардлага төрүүлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдэхгүй ээ. Бусад хүн юу бодож байгааг өмнөөс нь таамаглаж, хардаж ярих эрх надад байхгүй шүү дээ.

-Тэгвэл хоёр намыг нэг­дэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгдвэл шив шиг шүү дээ. Хоёр ижил үзэл баримт­лалтай нам нэгдлээ гээд нэгдмэл байна гэсэн үг биш. Хэрвээ тийм зүйл болбол Монголын ард түмний төлөө нэгдэж байна гэж үзэхгүй. Хүссэн хүсээгүй өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж байна гэж ойлгогдоно. Хоёр өөр нам хамтарсан Засгийн газар байгуулсантай адил зүйл. Өнгөрсөн ху­гацаанд хэн хэн нь бие биеэ “алах” шахсан байж буцаад нэг­дэхгүй байлгүй. Би хувьдаа энэ ярианд итгэхгүй байна.

-Гэхдээ танай намын нэр бүхий гишүүд үүнээс бо­лоод намаасаа гарч орох дээрээ тулчихлаа. Энэ нь дээрх хардлагыг улам ба­­талгаажуулж өгөөд бай­гаа юм биш үү?

-Янз бүрийн бүлэглэл, фракци байгуулчихаад албан тушаал горьдоод байвал ямар хэрэг байх вэ дээ. Үнэхээр тийм зорилготой байгаа бол тэд фракци биш бантан хут­гагчид болно. Бүлэглэл фракцид тодорхой зорилго байх хэрэгтэй. Миний хувьд тэр гишүүдийн зорилго чу­хам юунд байгааг олж ха­рахгүй байгаа.

-Ингэхэд энэ удаагийн Сонгуулийн хуулийн ши­нэч­лэл таны санаанд хүрч чадсан уу. Хэдийгээр намынхаа байр суурийг ба­римтлах хэдий ч танд то­дорхой бодол төрөх нь ойл­гомжтой. Таны бодлыг сонирхъё?

-Орон нутгийн сон­гуу­лийн тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиа базаахгүй хийсэн гэж бо­дож байгаа. Энэ хуулийг бат­лагдах үед өөрийнхөө байр суурийг илэрхийлж бай­сан л даа. Холимог байж болно. Гэхдээ 48-аасаа гулгаж 28 руу орно гэдгийг хатуу эсэргүүцэж байсан. Энэ бол бүтэхгүй асуудал. Сонгуулийн нэг тойрогт өр­сөлдөж уначихаад 28-д жагс­сан хүмүүсийг түлхэж унагаад гишүүн болдог тог­толцоог дэлхий дээр лав хараагүй.  Харин өөрийнхөө улсад тэр тусмаа өөрийнхөө сууж байгаа парламентаас ийм шийдвэр гаргахыг биеэ­рээ үзчихлээ. Ичмээр хэрэг шүү.

-Нэгэнт асуудал тодорхой болсон хойно нь та ингэж хэлээд байна уу. Өмнө нь энэ талаар байр сууриа илэр­хийлж байсан уу?

-Хангалттай ярьсан. Ха­рин ч энэ саналын эсрэг бай­сан хэдхэн гишүүд бий. Нэрлэж ч чадна. Бид цөө­хүүлээ учраас хууль бат­лалцах үеэр дийлээгүй л дээ. Гэтэл цөөнх болсон хү­мүүсийн зөв байна гээд Үндсэн хуулийн цэц шийд­вэрээ гаргалаа. Яг ийм үйл явдал мөн л Оюу толгойн гэрээн дээр болсон. Бидний зургаан гишүүн эсрэг санал өгсөн. Тэгсэн ч олонх талдаа хүч хүрээгүй.

Би одоо ч энэ тухай ярих болно. Оюу толгойн гэрээ дутуу болсон. Гарсан цагаасаа эхлээд бөөн хэл ам. Газар доорх баялгийн эзэд нь энэ гэрээг хүлээж аваагүй. Хамгийн сүүлд энэ асуудлаар  Аюулгүй байдал, гадаад бодлогын байн­гын хороон дээр ажлын хэсэг байгуулаад Засгийн газар “Айвенхоу Майнз”-тай нэг хэсэг “үзлээ”. Үүрэг даалгавар өгөөд тэрнийхээ биелэлтийг Засгийн газраас сонсоно гэсэн үр дүнтэй сууж байна даа.

-УИХ-ын сонгуулийг зар­лах хугацаа юу юугүй хаяанд ирлээ. Гэвч манай улстөрчид 2008 онд ярьж байсан бүхнээсээ буцаад эхэл­сэн. Иргэний ухаалаг үнэмлэхээр сонгууль өгнө гэдэг асуудал сүүлдээ хоёр намын улстөрчдийн бие бие рүүгээ өшиглөдөг бөмбөг болоод хувирчихлаа. Ха­риуцлагыг хэн хүлээх вэ?

-УИХ-ын сонгууль цахим үнэмлэх, автомат тоолдог машинаар явна гэсний ха­риуцлагыг буруутай эзэд нь хүлээх ёстой. Өнөөдөр тэд бүгд л энх тунх, эрүүл саруул байж байна. Энэ улсуудад хариуцлага тооцох л ёстой. Уг чанартаа бол энэ бүгд Монгол Улсад хууль байдаг ч тэр нь үйл­чилдэггүй. Хариуцлага тооц­дог механизм байхгүй учраас цахим иргэний үнэм­лэхний асуудал бас л эзэнгүйдэх байх. Тиймээс би энэ асууд­лаар цөөнхийн  байр суу­рин дээр дуу хоолойгоо илэрхийлэх болно.

-Монголчууд зургаа дахь удаагаа УИХ-ын сонгууль өгөх гэж байна. Өнөөдрийг хүртэл хэрхэн, яаж сон­гуулиа өгөх соёлд яагаад су­ралцаж чадахгүй байна вэ?

 -Энэ бол байх л ёстой нийгмийн үзэгдэл. Манайх цаашдаа ч сайн муу зөндөө юм үзнэ л дээ. Бид эхнийхээ шатыг л туулаад явж байна. Улс орны оршин тогтнох настай нь харьцуулах юм бол энэ 22 жил юу ч биш. Монгол Улс хэзээ байгуулагдсан хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Бид нийгмийг шинэчлээд өөрчлөөд явж л байна. Хуучин хаант засаглалтай байсан, Чингис гээд ганц л хүн мэддэг байлаа.

1990 онд ардчилсан улс болно гээд парламентын засаглалаа байгуулаад 22 жил болж байна. Пар­ламентын засаглалаар яваад өндөр хөгжсөн улс орнуудыг бодоход юу ч биш. Гэхдээ нэг их замбараагаа алдсан аймшигтай юм болоогүй л дээ. Засвар бол олон жил хийгддэг юм байна. Тэгж байгаад л нэг тогтоно л доо. Парламентын засаглалд шилж­сэнээр миний харж байгаагаар төлөвшөөд тогт­сон МАН, АН хоёр нам байна. Одоо ингээд л жижиг намууд нийлж томроод эсвэл байхгүй болно.

-Тухайлбал?

-Жишээ нь МАХН гээд л хэсэг нөхөд гарч ирээд л. Монголын амьдралын түүх, намуудын түүх, улстөрийн үйл амьдралд явагддаг про­цесс нь явагдаж байна л гэж харж байна. Түүнээс биш Н.Энхбаяртаа биш, М.Энхсайхандаа биш. Жи­шээлбэл, 10 жилийн дараа гэхэд өнөөдрийн байгаа хү­мүүсийн ихэнх нь байхгүй байна шүү дээ. Дараагийн залуус улстөрд гарч ирэх гээд зүг чигээ олохгүй хамаа намаагүй юм ярьж байна. Тэгээд удахгүй төлөвшөөд л ирэх биз. Ерөнхийдөө зарч­маараа явж байна даа.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"