sonin.mn
СИНГАПУР. /asean.org/. “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” гэж нэрлэгддэг Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том чуулган өнөөдөр Сингапурт эхэллээ. Чуулганд АНУ, Хятад, Япон, Австрали, Европын Холбооны орнууд зэрэг 49 улсын батлан хамгаалах байгууллага, зэвсэгт хүчин, тагнуулын байгууллагуудын дарга нар, өндөр албан тушаалын төлөөлөгчид оролцоно.
 
 
Ази, Өрнөдийн орнуудын 600 орчим төлөөлөгч оролцох дөрвөн өдрийн чуулганы хүрээнд кибер болон технологийн өрсөлдөөний нөхцөлд аюулгүй байдалд учирч буй аюул занал, бүс нутгийн цөмийн аюулгүй байдал, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдал, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах зэрэг өргөн хүрээний сэдвээр олон тооны нэгдсэн хуралдаан, тусгай хуралдаан зохион байгуулна. 
 
 
"Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын манлайлал" сэдэвт нэгдсэн хуралдаанд хэлэх Пентагоны тэргүүн Ллойд Остиний үг, мөн уг хуралдааны үеэр аюулгүй байдлын асуудлаарх Хятадын шинэ санаачилгыг танилцуулах тус улсын Батлан хамгаалахын сайд Ли Шанфугийн хэлэх үг онцгой анхаарал татах төлөвтэй байна.
 
 
Украины асуудлаар аль нэг хуралдааныг албан ёсоор нэрлээгүй боловч чуулганы ихэнх хэлэлцүүлэг, илтгэлийн үеэр хөндөгдөнө. "Евро-Атлантын болон Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал" нэртэй хуралдаанд Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников оролцох төлөвтэй байна.
 
 
Түүнчлэн Ллойд Остин, Ли Шанфу нарын уулзалтыг энэхүү чуулганы үеэр зохион байгуулах Вашингтоны саналд Бээжин татгалзсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор АНУ, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нар олны анхаарлын төвд байна. 
 
 
Чуулганы хүрээнд мөн Австрали, АНУ, Филиппин, Японы Батлан хамгаалахын сайд нарын дөрвөн талт хэлэлцээ анх удаа болох төлөвтэй байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, талууд шинэ хэлбэрээр бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
 
Түүнчлэн  далай тэнгис дэх Хятадын үйл ажиллагаа дөрвөн талын хэлэлцэх гол асуудлуудын нэг байна гэж таамаглаж байна. Хэлэлцээнд оролцогчид Бээжингийн "нэг талын үйл ажиллагаа"-ны эсрэг Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийх боломжийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг Японы хэвлэлүүд онцолсон байна.  “Шангри-лагийн яриа хэлэлцээ”-г 2002 оноос хойш жил бүр хийж ирсэн боловч 2020, 2021 онуудад коронавирусний цар тахлын улмаас уг чуулган хоёр жил завсарласан юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг