сонин mn
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд (2022.08.03) түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Архангай аймагт  ажиллаж байна. УИХ-ын даргатай хамт Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Соёлын дэд сайд М.Батбаяр болон холбогдох албаны хүмүүс тус аймгийн Өгий нуур сумын нутагт орших Тамирын улаан хошуу дахь Хүннүгийн үеийн олдвор, Батцэнгэл сумын Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламж, Талын гурван хэрэм, Хүннүгийн нийслэл Луут хотын туурийг үзэж, нөхцөл байдалтай танилцсан. 
 
МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал Ц.Төрбат, Архангай аймгийн Өгий нуур сумын нутагт орших Тамирын улаан хошуу  дахь Хүннүгийн үеийн оршуулгын томоохон цогцолборын талаарх тайлбартаа, энэ газарт жирийн иргэдийг нутаглуулдаг байсныг тодотгоод эдгээр булшнууд нь энэ хошууны баруун талын гүн жалга бүхий өндөрлөг дэнж газарт жалганы хоёр эргээр байрладаг. Зүүн дэнжийг бүхэлд малтсан. Булшны нүхний гүн 5 метр орчим бөгөөд нутаглуулж буй хүний хөрөнгө чинээгээс хамаарч давхар австай, тэдгээр нь уран нарийн хийцтэй байдаг. Нутаглуулж буй хүмүүсийг зүүн зүгт хандуулан оршуулдгаараа онцлогтой. Зүүн талын 50 гаруй  булшийг судалж үзэхэд хоёр гэр бүлийн таван үеийн үр удмыг нутаглуулсан байсан нь генетикийн судалгааны үр дүнгээр илэрсэн гэдгийг онцолж байлаа. 
 
Мөн тэрбээр, Тамирын улаан хошуу дахь  Хүннүгийн үеийн оршуулгын цогцолборын онцлог нь ваар сав ихээр илэрдэг явдал. Нэг булшнаас дунджаар дөрвөн ваар сав олддог бөгөөд Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй таван төрлийн шавар, сав суулга илэрсэн нь уг дурсгалын онцгой байр суурийг харуулдаг. Түүнчлэн судалгааны өндөр ач холбогдолтой олон олдвор, хэрэглэгдэхүүн илэрсний дотор 13 дугаар булшнаас боловсруулж нүхэлсэн чонын шагай, хэлхээтэй зооснууд, гоёл чимэглэлийн хээ, чимэглэлтэй мөнгө, алтан ялтсууд, алтан ээмэг, 17 дугаар булшнаас бүрэн тоног хэрэгсэлтэй эмээл, төмөр бүүрэг, хазаар, амгай зуузай зэрэг гарсан байдаг. Бидний судалгааны гол зорилго нь Хүннүгийн үеийн овгийн бүрэлдэхүүн бүтцийг судлах, генетикийн судалгаа хийхэд чиглэдэг гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. 
 
Дараа нь Ажлын хэсгийнхэн Батцэнгэл суман дахь Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламжтай танилцсан.  Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламж болон Талын гурван хэрэм нь нийтийн тооллын нэгдүгээр зуун буюу одоогоос 2100 жилийн өмнө Хүннүгийн үеийн хаадын Төрийн хэмжээний тахил хийдэг байсан. Баруун, зүүн, төв гэсэн гурван хэсгээс бүрддэг  юм байна. Улаанбаатар их сургуулийн археологи тэнхимийн багш доктор, дэд професор Т.Идэрхангай Хүннүгийн нийслэл Луут хотын туурийн талаар танилцуулахдаа, Архангай аймгийн Өлзийт сумын нутагт оршдог Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн хотын туурийг Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотынх гэж үзэж байгаа. 2019 оны 07 дугаар сард энэ газраас ханз бичигтэй ваар олсон. Эртний ханз мэддэг хүмүүс уг бичээсийг шанью гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг нэн даруй малтах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотолсон. Хамгийн чухал нь “Тэнгэрийн хүү-Шаньюй” гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэсэн байна. Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн “Тэнгэрийн хүү Шаньюй тэнгэр мэт өнө мөнх мянга түм насал” гэсэн бичигтэй ваар илэрсэн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татсан гэдгийг онцлов.
 
Түүнчлэн 2021 оны малтлагаас хаад ноёдод, албатууд нь үнэнч байх ёстой гэсэн утга бүхий бичээстэй ваар олдсон байна. Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд, өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай байсныг тогтоож, энэ нь хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачдын үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт болсон. Хүннүгээс өмнөх улсууд нь хот байгуулж байсан түүхийн баримт одоогоор олдоогүй. Хамгийн эртний, анхны давхар хэрэмтэй энэ хот нь 2000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагдсан.  Хааны зуны том ордон малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоосон. Олдвороос 50000 гаруй ваарны хагархай олдсон. Ихэнх нүүр ваар хагархай ч, цөөн тооных нь  бүтэн байсан гэдгийг доктор, дэд професор Т.Идэрхангай дурьдав. Ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Хүннү гүрний нийслэл “Луут буюу Лунчен” хотын туурийн гадна талаар татсан  хамгаалалтын төмөр хашаа болон Соёл, мэдээллийн төвийн барилгын явцтай танилцлаа.  
 
Соёлын дэд сайд М.Батбаяр энэ талаар, Луут буюу Лунчен” хотын туурийн гадна талаар 300х250 метрийн хэмжээтэй хамгаалалтын төмөр хашаа барьсныг танилцуулахын зэрэгцээ Соёл, мэдээллийн төвийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгасныг онцлов. Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газарт орших түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, танин мэдэхүйн ач холбогдолтой археологийн томоохон дурсгалыг сонгож, судалгаа, сурталчилгаа, соёлын аялал жуучлалын сүлжээ байгуулахаар энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэв.  Тус төв нь гадаад, дотоодын аялагч, жуулчдад дурсгалын талаарх үнэн зөв мэдээллийг өгөх, археологийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг сурталчилан таниулахын зэрэгцээ тав тухтай орчинд олон талын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтойг Соёлын дэд сайд онцлон тэмдэглэсэн. 
 
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр, Түүхийн гэрч болсон ховор нандин өв, соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар орчин цагийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь энэ цагийн Та бидний эрхэм үүрэг. Монгол төрийн бодлогын төвд түүхийн үнэт өв, соёлыг сурталчилан таниулах, чадварлаг боловсон хүчний нөөц бэлтгэх, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудал байсаар ирсэн гэдгийг онцлов.
 
Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Монголын шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, археологич, палентлогич нарын олон жилийн  нөр их судалгаа, шинжилгээний үр дүнд түүх дурсгалын үнэт өв, соёл түүхэн олдворуудыг нээн илрүүлж байгаад талархал илэрхийлээд эдгээр олдворуудыг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчилан таниулахын тулд олон улсын стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламж барих асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдэгт санал нэгтэй байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.