sonin.mn
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим албан ёсоор бүрдэж, ажилдаа ороод гурав дахь сар руугаа орж байна. Энэ хугацаанд “COVID-19”-ийн цар тахлыг эдийн засгийн хүндрэлгүй даван туулах, хамгийн гол нь нийт хүн амаа вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхийг гол чиглэлээ болгож буй. Гэхдээ зөвхөн “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх нь энэ Засгийн газрын зорилго уу гэвэл үгүй. Өөр өөрийн эрхэлсэн салбар бүрдээ сайд нар бодлогын реформыг эхлүүлжээ. Тэдгээрийн нэг нь БШУ-ы сайд Л.Энх-Амгалан.
2012 онд анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд УИХ-ын дэд даргаас гадна Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төрийн байгуулалтын байнгын хороо зэрэг хоёр байнгын хороог даргалсан туршлагатай. Өөрөөр хэлбэл, зөвхөн хууль тогтоогчийн байр сууриас төрийн бодлогод оролцож ирсэн тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллахаар болсон нь нийгэмд эерэг мессежийг өгч байв.
Салбарын сайд болсныхоо дараа “Өндөр төлбөртэй хувийн сургуульд улсаас олгодог хувьсах зардлыг зогсооно” хэмээн мэдэгдсэн нь хэсэгтээ анхаарлын төвд орсон. Өдгөө нийслэлийн хэмжээнд таван сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байгаа юм.
 
 
 
 
Л.Энх-Амгалан сайдын хувьд өндөр үнэтэй буюу 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгөхгүй гэдгээ илэрхийлсэн нь тэр. Тоон мэдээллээс харахад 2020 оны төсөвт төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардал болон Үдийн цайны санхүүжилтэд 13.3 тэрбум төгрөгийг баталсан бол энэ оны төсөвт 8.8 тэрбум төгрөг буюу 4.5 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
 
 
 
 
Түүний хэлсэн үг ч ёсоор болж төрийн өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журмыг яамнаас батлав. Түр журмын хүрээнд 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгож ирсэн тэрбум төгрөгийн хувьсах зардлыг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулахаар болсон юм.
Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 506 цэцэрлэгт 35292 хүүхэд, 167 сургуульд 48338 сурагч, 68 их, дээд сургуульд 70499 оюутан суралцаж байна. Үүнд жилдээ 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог байсныг ийнхүү тэрбумаар бууруулсан нь энэ.
Өөр нэг асуудал гэвэл их, дээд сургуулиуд дахь сургалтын хөтөлбөрийн давхардлыг халахаар болсон нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд боловсролын салбарт гарсан томоохон өөрчлөлт, дэвшил болж байна. 2019-2020 оны байдлаар улсын хэмжээнд 95 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг тухай статистик бий. Үүний 21 нь улсынх бол 71 хувийнх. Төрийн өмчийнхийг эс тооцвол сургууль бүр өөр өөрийн онцлог, сургалтын программаар мэргэжил эзэмшүүлдэг ч хөтөлбөрийн давхардалтай байх нь энүүхэнд.
Энэ байдлыг халах үүднээс төрийн өмчийн АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС зэрэг зургаан сургууль хамтарч ажиллах гэрээ үзэглэснээр хөтөлбөрийн давхардалгүй болох эхлэлийг тавиад байна. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуульд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтрахаар болсон нь шинэ хандлага, эерэг үзүүлэлт юм. Төрийн өмчийн томоохон их, дээд сургуулиуд нь хөтөлбөрийн давхардалгүй болж байгаа нь хувийн хэвшлийнхэнд дохио өгөх нь дамжиггүй.
Дотоодын их сургуульд суралцахын зэрэгцээ боломж олдвол гадагшаа гарч мэргэжил дээшлүүлэх сонирхол Монголын залууст бий. Гэвч төлбөрийн дүн тушаа болж ирсэн нь нууц биш. Тэгвэл энэ байдал мөн л ард үлдэхээр болсон нь АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургуультай байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжих нь. Ингэхдээ бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам.долларын хөнгөлөлттэйгөөр суралцах боломж бүрджээ.
Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+, магистрын хувьд голч дүн гурав байхад хангалттай юм билээ. Мэдээж элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байх шаардлагатай. Миссуригийн их сургуулийн хувьд гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24 мянган ам.доллар буюу дөрвөн жилийн хугацаанд 96 мянга ам.доллар байдаг. Харин гэрээний хүрээнд монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу дөрвөн жилийн хугацаанд 39.600 ам доллараар суралцах эрх нээгдсэн гэсэн үг. Магистрын сургалтад хамрагдах оюутнуудын тухайд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгөөр суралцах эрхтэй. Цаашид АШУҮИС-ийг Миссуригийн их сургуультай холбон хос дипломтой төгсгөх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Дараагийнх нь АНУ-ын Жорж Мейсоны их сургууль. Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Вержиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай. Харин 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байна. Гэрээнд 90 хүртэлх кредитийг сургууль хооронд шилжүүлэх юм. Жорж Мейсоны сургууль гадаад оюутнаас нэг жилд 26 мянган ам.долларын төлбөр авдаг.
 
 
 
Гэхдээ зөвхөн монгол оюутнуудад таван мянган ам.долларын тэтгэлэг олгохоор болж байгаа юм. Дээр нь тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх ам.долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх гэнэ.
 
 
 
Үүгээр зогсохгүй дэлхийн 100 шилдэг сургуулийн нэг Япон улсын Нагояагийн их сургуулийн зайны болон танхимын сургалт хосолсон докторын хөтөлбөрт Монгол Улсын төрийн албан хаагчид хамрагдахаар болсон нь сайн мэдээ. Салбарын сайдын хэлснээр Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг нь төрийн албан хаагчдыг чадавхжуулах гэсэн. Уг хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын төрийн албан хаагчид Монголдоо төрийн албан үүргээ гүйцэтгэхийн сацуу Нагояагийн их сургуулийн докторын хөтөлбөрт суралцах боломжтой болох юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь хууль, боловсрол, сэтгэл судлал, байгаль орчин, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр оюутан элсүүлнэ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан боловсролын сайдаар томилогдсоноос хойш богино хугацаанд хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлж, бодлогын реформынхоо суурийг тавьжээ. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд нь хөтөлбөрийн давхардалгүй болохын зэрэгцээ гадаадад боловсрол эзэмших хүсэлтэй оюутнуудад шат ахих боломжийг нээх нь Засгийн газар, ялангуяа сайдынх эрх үүрэг мөн үү гэвэл мэдээж мөн.
 
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин