sonin.mn
Тэгнээт давааг зорьсон Тэмүчин, Бэлгүдэй хоёр оройхон давааны ар луу тонгойж яваад жим дагаж гүйсэн мөртэй таарав. Жим дээрх бор шороог огло огло татуулан, хол хол дэгдэлхийлэн гүйжээ.
 
Хэмжээ нь Сочихэл эхийнхтэй ойролцоо ч гутал нь ногттой. Сочихэл эх гутлаа ногтолж явмааргүй, хүчтэй өсгийдэж гишгэснийг үзвэл лавтай эрэгтэй хүн, хол хол дэгдэж гүйсэн нь хөнгөн шалмаг. Мөр мөшгөхдөө Тэмүчин хувь илүү. Дагаж уруудвал жинхэнэ дайчин хүний дуут сум унасан байхыг олов. Гүйдэл дунд саадагнаас нь сугарсан бололтой.
 
Болцууг нь үхрийн эвэр нааж, нүхэлж хийгээд үзүүрт нь мушгирсан гурван хяртай болд зэв суулгажээ. Мушгирсан хяр нь сумыг агаар зүсэхэд эргэлдүүлэн улам эрчтэй болгож, үхрийн эвэрт гаргасан нүх нь тэр бүрийд янз бүрээр исгэрэн шуугиж сүр жавхланг үзүүлдэг. Ийн эвэр, болд хослуулж хийсэн сум нэн ховор, чухам их язгуурт хүмүүнд л буй. Уран ганган хийцтэйн дээр хурц, чигч... 
 
Жим дагаад сандрангуй гүйсэн болон тулааны үед хэрэглэдэг дуут сумтай яваа нь яавч эгэл нэгэн анчин биш тул хоёр хөвүүнд сэжигтэй, сэрэмжтэйг сануулав. Тэд том чичлүүр хутгаа тэмтрэн үзэцгээгээд, нумаа нуруунаасаа авч, ийш тийш сэрэмжлэн харж, биесээ далдлан торолзгонын бутанд шургаад мөр явсан зүгт сэм дөхөв. 
Хэсэг зулзаган нарс ургасан хэсгээр тойрч, давааны хярын өтгөн ой руу ороод өнөөх мөр алга болчихов.
 
Тэд чимээ анирдан урагшилсаар нэгэн их үсрээ хад тэгнэн унасан унангин доогуурх бачуу хонгилоор шурган гартал овойсон хар бодон дараад уухирдан хэвтэж буй бор баавгайтай халз тулчихав. Тэрхэн хавьд газар онгичигдож, мод мөчрүүд нь тараан шидэгдсэнийг үзэхэд тайгын тэр хоёр хүчтэн энд тэнхээ тамираа шавхан тэмцэлдсэн бололтой. Хөвчийн эзэн майга бор хэдийнэ амь тавьсан гахайн улаан сугыг ханзлан салбайлгаж орхижээ.
 
Бөөгнөрсөн бор хөвд, унанги навч мөчрүүд, орооцолдож ширэлдсэн чөдөр өвсөн доороос гэнэтхэн гараад ирсэн хоёр хүүг хараад баавгай хамраа өлийлгэн сарталзуулж, баруун савраараа гахайн толгойг хүчтэй савлан цохиж, цээжээ хүржигнүүлэн сүрийг үзүүлэв. Тэмүчин, Бэлгүтэй хоёрт саяны гарч ирсэн унангин доогуураа эргэж шургахаас өөр зугтах газар үгүй болжээ. Баруун талд нь унангинууд овооролдон үргэлжилж, зүүн талд нь том бяцархай хад лүглийнэ.
 
Гэвч арав хүрэхгүй алхмын цаана буй баавгай нэгэнт ухасхийн дайрах аваас хэрхэвч тэр нүхээрээ эргэн шургаж амжихгүй, нэг нь амжсан ч ардах нь гарцаагүй араасаа даруулахаар байлаа. Хоёр хүү эрхгүй арагш ухрахад нуруу нь ширэлдэж овоорсон их унангинуудын сэрвийсэн цагаан мөчирт туллаа. Бэлгүдэй чичлүүр хутгаа сугалж, Тэмүчин олсон болд зэвт байлдааны дуут сумыг зэвэлж, нумаа татав. 
 
Баавгай цээжээ өргөн хойд хоёр хөл дээрээ цогнойн босоод архирав. Гахайн хурц соёонд хүүлүүлсэн сүвээний шарх ангайж, бөөр, гуяыг нь цусаар бялдаж, намар цагийн тарган шар өөх балбайн цувжээ. Шархадсан, дээр нь хоолоо харамнасан баавгай хоёр хүү рүү дайрах нь тодорхой. Тэмүчин сумаа хар хэнхдэгэнд нь л онож зоохгүй бол гэдэс, цавь, хүзүү гээд бусад хэсэгт нэмэргүй, шархадсан баавгайг улам л улангасуулах болно. Ийнхүү босоод ирсэн баавгайг халз өмнөөс нь харваж амин газарт нь сум зооход хэцүү аж. Өвчүүний зузаан хэрсэн, яс зүрхээ сайтар хамгаалж өгнө.
 
Цээжээ ялимгүй хөндөлдүүлэх аваас улаан сугаруу нь зоож болно, эсвэл дөрвөн хөллөхөд нь халз урдаас хар хэнхдэг рүү нь сумаа шигтгэж байж сая сум зүрхэнд нь хүрнэ. Хэрвээ зүрхэлж л эс чадваас өөрсдөө бариулах болно. Эхний сум баавгайн зүрхэнд мадаггүй хүрэх учиртай. Тэмүчин баавгайг дөрвөн хөллөхийг хүлээн анав. Хоёр хөл дээрээ өндийн зогссон баавгай урд хөлөө хий савардан хоёр муухай орилсноо хөвүүдийг өчүүхэн ч хөдлөхгүйд уур хилэн нь улам бадарч, өмнө нь хэвтээ аварга бодон дээгүүр сунаж гараад шууд дайрав. Тэмүчин сумаа тавьлаа. Гэвч сандарснаас түүний сум хар хэнхдэгэнд нь биш цээжээ буулгах хүчиндээ доош бууж ирсэн эрүүг нь хэжин цохиж, хүзүүнд нь зоогдсонд, баавгай муухай бархирч толгойгой хажуу тийш хүчтэй савав. 
 
Тэмүчинг дараагийн сумаа баавгайн ангайсан амруу тавьж орхив. Бэлгүдэй эрслэн тулаанд орж буй дайчин эрийн төрхөөр Уухай хашгиран баавгайн өмнөөс урт чичлүүр хутгаа далайсаар ухасхийв. Яг энэ мөчид исгэрэн шуугих чимээ гарч, нэгэн их эрчтэй сум хажуугийн бяцархай хадан дундаас шунгинан ирээд хоёр хүүд бараг тулж байсан баавгайн улаан сугаанд лүгхийтэл шаан орлоо. Зүрхэндээ сум зоолгосон баавгай эрчиндээ Бэлгүдэйг дайран зүүн талруугаа түүдэг шиг өнхрүүлээд, Тэмүчингийн хормойг сэт савардан гарч, амандаа зоолгосон сумтайгаа тэр хоёрын гарч ирсэн хонгил руу толгойгоон шаан унав. Бэлгүдэй баавгайн саварт дайрагдан унах зуураа зүүн хаанд нь бас хутгаа зоогоод амжжээ. 
 
Баавгайн тарган гүүнийх мэт тонтгор бөгс хэд оволзсоноо сулран гулдайв. Тэр хадан дундаас нисэн ирсэн сум баавгайн голт зүрхэнд нь тусаж, нам унагасныг харсан Тэмүчин нэгэнт аюулгүй болсон баавгайг орхиж хадны зүг гайхан харлаа. Бэлгүдэй ч босоод ирж байв. 
 
- Тэмүчин... Тэмүчээ...ээн... хэмээн баярлан хөөрсөн хашгираан сонсогдож, тэр бяцархай хадан дундаас урт алингар барьсан хүү шар шувууны өд сэвэлзүүлсэн торгон малгайны орой шоволзуулсаар гарч ирэв. 
 
Гялалзсан хурц харцтай, шоволзсон өндөр хөх хөвүүнийг хараад Тэмүчин ч мөн баярын дуу хадаалаа.
 
- Жамухай..., 
 
Өргөн эмжээр дагнасан дээлэн дээр мөнгөн тольтой асгарга дарж, богино илд гархилжээ. Бэлгүдэй тэр хоёрын үзсэн сэжигтэй мөрний эзэн энэ байж... Суравчилсан ханцуйндаа зүүсэн мөнгөн саатай цацаг нь гялалзан савлана. Жамух хадан дундуур хөнгөхөн дэгдэж, хэдхэн үсрээд тэр хоёрын дэргэд ирлээ. 
Дөрвөн жилийн өмнөх Есүхэй баатар эцгийг нь амьд ахуйд Жадараны тэргүүн Хар Хадааных Ононы сав руу буун ирж өвөлжсөн юм. Тэгэхэд Тэмүчин Хар Хадааны хөвүүн Жамухтай Онон голын мөсөн дээр өдөржин шагай харваж, мөс мөргөлдүүлж, гулган тоглож, зугаатай сайхан өдрийг олонтаа үдэж билээ.
 
Жамух тоглож наадахдаа эвтэй, хөгжүүн, хурдан шалмаг, ямагт нэгийг санаачилна. Тэгэхэд нэг насаар ах Жамух Тэмүчинээс төдий өндөргүй байсан билээ. Хоёр талаас нийлэн тоглож наадахгүй хэд хоноход хоёр хөвүүн биесээ учиргүй их үгүйлдэг байв. Бэгтэр ахархаад, бас яхирлаад хэзээ ч өөртэй нь эвлэг тоглож нааддаггүй, Хасар дураар, өөрийнхөөрөө муйхарлан зүтгэдэг, Бэлгүдэй болхи, эвлэг биш учир тэдэнтэй тоглоход тийм зугаатай сайхан байдаггүй учир Тэмүчиний хувьд Жамухтай өдрийг мөсөн дээр өнгөрөөнө гэдэг чухам аз жаргал болно. Тэмүчин түүнийг ямагт Жамухай гэж дуудна. Ийн дуудах нь өөрт сонсголонтой сайхан байдаг ажээ. Жамух ч өөрийг нь тийн дуудахад нэн дуртай.
 
Хад Хадаан бол Бодончар дээдсийн дунд хээлт эмээс төрсөн Жажирадайн үр хойчис юм. Тэдний овог өнөр, хүчит бяртан, эрэмгий баатрууд олонтой, бас эд баялаг арвинтай. Хавар салж нүүцгээх цаг ирэхэд хоёр хүүд аятай байсангүй. Есүхэй Жадараны нүүдэл хөдлөхөөс өмнө тэргүүн Хар Хадаантай уулзахаар очиход Тэмүчин дагажээ. Жамух түүнийг үнэхээр ирнэ гэдэгт итгэн хүлээж байв. Хоёр хүү юу хэлэхээ үл мэдэн дэмий л мөсөн дээр өөд өөдөөсөө харан зогсож, харилцан мишилзтэл инээмсэглэнэ. Тэгэж тэгэж,
 
- Манайх нүүж байгаа юм хэмээн Жамух хэлэв. 
 
Тэмүчин нүүж байгааг нь мэднэ, гурав хоногийн өмнө уулзахад удахгүй нүүх гэж буйгаа ч Жамухай нь хэлсэн. Гэсэн ч Жамухт өөр үг олдсонгүй.
 
- Ирэх өвөл танайх бас наашаа бууж өвөлжих болов уу?
 
- Яахыг тэнгэр мэднэ биз ээ? гээд Жамух эрүүгээ дээш өлийлгөөд - Гэхдээ би тэнгэрээс манай овгийг нааш нь нүүлгэж өгөөрэй гэж олонтаа гуйна аа хэмээн нэмэв.
 
- Би ч бас олонтаа гуйна аа хэмээн Тэмүчин давтжээ. 
 
Жамухай нь гэнэтхэн нэгийг санав бололтой энгэрийнхээ товчийг мултлан хүзүүндээ усан мөнгөн гинжээр зүүсэн, зүлгэгдсээр ирмэг өнцөгүүд нь толийж гялалзах соёолон гурын гурвалжин шагайгаа мултлан Тэмүчинд барив. Тосож аваад, хүзүүндээ зүүхдээ илгэн сураар оосорлон зүүсэн хүрэл цутгамал шагайгаа Жамухайд хариу барьжээ. Хоёр хүү шагайгаа солилцсоны дараа буглагаасаа барилцаад нүд нүдээ ширтэж байгаад ийн хэлцжээ.
 
- Хөх мөнх тэнгэрийн дор
Хөрмөг цагаан сарны дор
Хөрст газрыг овойж байхад
Хүмүүн бүхнийг хагацаж одоход
Уулын модод унаж байхад
Урсгал усан тасарч байхад ч
Энэ Жамухай, Тэмүчин хоёр
Эгүүрд хамтдаа байж
Эвдрэлгүй андалж явсу...
Энх амгаланг баталсу...
Хэзээд хамтдаа байж
Хэмгүй андалж явсу бид... гэлцэв.
 
Жамухайг аав нь дуудтал тэр хоёр өөд өөдөөсөө харан зогсжээ. Аавын дуудлага гурвантаа болсон учир Жамух эргэж гүйв. Голын эргийн дэнжийг давж, цааш далд орохынхоо өмнө эргэж харсанд хурц харц нь тэр холоос тодхон гялалзаж байжээ. Тэгээд малгайн орой нь шомболзсоор далд орж билээ.
 
Жамухай нь чухам дараа тэнгэрт хандаж овгийнхноо Онон луу нүүлгэж өгөөрэй хэмээн хэр гуйсныг мэдэхгүй, Тэмүчин юутай ч дараа өвөл, бас түүний дараагийн өвөл ээлжлэн ирэхэд бүгдэд нь тэнгэрт хандан бишгүй ихээр гуйсан ч Жадараны хөх оосортой цомбогор цагаан эсгий гэрүүд Онон голоор дахиж үзэгдсэнгүй билээ. 
 
Харин өнөө ойд ингэж таарах гэж. Хэрвээ Жамухай харваагүй бол Тэмүчин лавтай өнөөх бодон шиг баавгайн дор элэгдүүлэх байсан биз. Бэлгүдэй бяртай ч тайгийн эзнийг хэрхэн тогтоож дийлэх билээ. Тэгээд ч тэр энэ намар их сульдаж тамирдсан байсан юм. 
 
Жамух энэ жилүүдэд суга өсөж, баавгайг ч агнах эртэй болжээ. Царайд нь бардам сайхан итгэл, цог жавхлан гэрэлтэнэ. Өмссөн хувцас нь ч өнгөлөг. Хажууд нь Тэмүчин хаврын харшсан төлөг шиг байв. Өсөж гавьсангүй, өмссөн нь навтас, харлаж хөхийгээд царай ч дарж, нүд нь гуниг дүүрэн. Гэвч Тэмүчинд үүнийг санах сөгөө байсангүй, баавгайн дайралтаас амь аврагдсандаа баярласнаас нь илүүгээр Жамухайгийнхаа дүр төрхийг ингээд хараад зогсож буйдаа машид баясан, цээжин дотор нь наран саран зэрэг зэрэг урган мандах лугаа болов. 
 
Баярлаж хөөрсөндөө Жамух Тэмүчиний хоёр мөрнөөс хашин бариад зөөлөн сэгсэчсэнд, Тэмүчин тохойноос нь зууран авав. Газрын дээр зогсож байсан Жамух Тэмүчинээс бүтэн толгой өндөр харагдана. 
 
- Тэмүчин, ингэж учрах гэж...
- Жамухай... учралгүй хичнээн ч их удав аа. 
 
Тэмүчингийн амнаас энэ үг зүгээр л унаад ирэв. Түүний хувьд тоолшгүй олон, тийм атлаа барж цөхсөн өдөр, сар, жилүүд өнгөрчээ. Энэ он жилүүдэд тэр хичнээн ихийг үзэж туулав аа. Онон мөрний мөсөн дээр Жамухайтайгаа шагай солилцоод салсан цагаас хойш төдөлгүй эцэг нь тэнгэрт одож, өнчрөлийн тавилант болов. Тэмүчин ес, Хасар долоо, Хачиун тав, Тэмүгэ гурав, Тэмүлүн ой гарантай, гуч шүргэж яваа цэл залуухан эхийнхээ хормой тойрон эргэлдсэн бүлтэгнэсэн хэдэн нялхас үлдсэн билээ. Эцэг нэгтэй Бэгтэрийн нас арав гарч, Бэлгүдэй наймтай байлаа. 
 
Гэтэл төд удалгүй Тайчууд ах дүүс нь тэднийг ад шоо үзэн хар нутагтаа үлдээн одсоноор гээгдэж, орхигдохын гашууныг амсав. Нүүгэлтсэн их нүүдлийн сүүлч бараа тасарсан ч тоос нь тэнгэрт тулан манарсаар л байжээ. Гэрээс гармааргүй, хэрвээ гарвал өчигдөрхөн эсгий гэрүүд бөмбийлдөж, хүүхэд шуухад гүйлдэж, үхэр мал мөөрөлдөн майлалдаж, хүлэг морьдын эрчтэй туурайг тачигнуулан, саадаг сум сэрэлзүүлсэн эрчүүд нааш цааш давхилдаж, аргалын зөөлөн цэнхэр утаа хаа сайгүй суунаглан халуун дулаан байсан бүхэн өнөө эл хуль оргин, харлан хөнхийж, хахь хөндий харагдаад, эзгүйрсэн гэрийн буурийг сахиж үлдсэн голомтийн үнс салхи хөдлөх төдийд пурхийж, догонцон гүйлдэх хар хэрээ бархиран хар далавчаа самардан дэгэлзэнэ.
 
Тэр бүхэн, сэвэлзэх салхи ч хүртэл энэ ертөнц бүхэлдээ харь хөндий бас хатуу, хахир шүү гэж шивэгнэн буй мэт... Хэдий хоймор нь сүглийн ханхайх эцэг нь үгүй ч гэртээ ороход л цор ганц халуун бүлээн элэг дотныг мэдэрнэ. 
 
Нүүдлийн хойноос, бас ард нь үлдсэн тэнгэрт тулан манарсан тоосыг нь харах хэдий хэцүү байсан ч Тэмүчин нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн, зүрхэндээ гуниг бөмбөрүүлэн бүрий болтол харж зогссонсон. Эх нь түүнийг гадаа тийн удтал зогсож бүхийд ирж, мөрөн дээр нь гараан тавьж хэсэгхэн зэрэгцэн тэр тоосыг харж байснаа хэнгэнэтэл шүүрс алдаад эргэж билээ. 
 
Бөөр нь нимгэрээд цэлдийсэн улаалзайн эрхий хурууны өндөг хэрийн том үрэл бөнжигнөсөөр юу юугүй амруу нь унаад ирэх гэж байв. Тэмүчин хүзүүгээ сунган амаа ангайж, унаж ирэхийг нь хүлээж байна хэмээн зүүдэлж байтал эжий нь хучлагыг нь агдчин угзарч тэр нэг өглөө сэрээжээ.
 
Үүр дөнгөж цайж байв. Эхийнхээ сандарсан төрхийг хараад нойрмоглон гулдайх нь үгүй болж ухасхийн араас гарахад айлууд хэдийнэ ачаалаад, түрүүч нь хөдөлчихсөн байлаа. Урд орой нь тоглож наадаж явахад нүүх ямар ч сэжүүр байгаагүйсэн. Тэмүчин юу болоод буйг ойлгож ядан эх өөдөө харвал уруулаан хэмлэн, харц нь хуурай цахилан байжээ. Тэгээд ээж нь түүнийг аргамжаатай морьд руугаа гүйлгэж билээ.
 
Гэтэл ганц бөгтөр хонгорыг үлдээгээд бусдыг бүгдийг нь туучихсан байв. Аргамжааны гадаснууд нь л ердойн үлджээ.Чухам хожим Мэнлиг эцэг Төөдүүлийг дагуулан явж, Таргудайг тойгдон, хэрэг явдал болгон байж найман шаргыг нь эргүүлэн авчирч билээ. Есүхэй эцгийнх нь өв хөрөнгө болсон хар, хүрэн голдуу азарга азарга адуун сүргүүдийг, хэдэн суурь хонь, үхрийг хуу туун одсон юм. 
 
Эх нь бөгтөр хонгороон зайдалж, гэрийнхээ урд гурван тугаар хөллөн залсан Есүхэйн хар сүлдийг дааж ядан данхалзуулан бариад нүүдлийн араас цогиулж билээ. Тэгээд дөрөв таван өрх айлыг буцаан авчирсан ч тэд нь тав хоногийн дараа өглөө мөн ор мөргүй алга болцгоосон байв. Хүмүүс ямар хурдан, бас ямар өршөөлгүйгээр нүүрээ хувиргадгыг, зангаа зангируулж, элгээ эвхдэгийг тэгэхэд Тэмүчин тод харж, бяцхан зүрх нь шархирч байжээ. Өчигдөрхөн хүчирхэг эцгийнх нь дэргэд өхөөрдөн, өгөөмөр гараа сунгаж, дайны олз, ангийн хишиг, адуу малынхаа шилдгээс өргөн барьж байсан хүн өнөөдөр өнчирсөн ядмаг түүнийг өшиглөчих шахан дэргэдүүр нь дэргүүлсээр гарч буйг харахад дэндүү гашуун. Нэг хоёроороо биш нилэнхүй олноороо тийн урваж, шарваж, хувирч өөрчлөгдөж буй нь бүр ч гайхам... 
 
Энэ гашууныг залгуулаад үгүйрэн ядуурахын туйлыг үзэж, хэдэн жилийг баран ядан туулав. Гэгээрч буй үүрийг угтан өндийж байхдаа өнөөдрийн өл залгах хоолыг хэрхэн олно гэхээс өөр зүйл үл санагдах. Гахайн сүргийн хадраад сэндийчээд орхисон ухдсаас дэл сул цагаан үндэс хайж, хушинд авиран хэрэмний нөөшилсөн самраас эзнийг нь чарлуулан чарлуулан самардаж, царсан шор гозолзуулан затгас ухаж, хавчаахайн суманд шилээ сэт харвуулаад нүхээ олохгүй хамаагүй харайх болзогоны хойноос чавхдаж, нүүдэлч малчин овгуудын барагтайд иддэггүй загасны махны эхүүн үнэрт шөл повор повор буцалгаж, өвлийн жаварт эвхэрч, зуны наранд тавирч явахдаа ядуурал, үгүйрэл гэгчийг голдоо ортол мэдэрсэн. 
 
Үгүйрэхийн туйлтай зэрэгцээд өчүүхэн дорой, хүчгүй сул оршихийн бэрхийг давхар мэдэв. Хэрээ бархирвал хэн ирж буй бол хэмээн зүрх түгшиж, морьтны бараа харагдвал нуугдаж хорогдох газар, зугтаж бултах сиймхий хайж, ийш тийш бүлтэлзэцгээн, хүчтний өмнө хүчгүй нь яагаад буруутдагийг гайхаж ядна.
 
Гээд ч балчир Тэмүчиний туулсан нь дууссангүй аж. Тэсэж үлдсэн бяцхан ам бүл нь өрсөлдөөн тэмцэл, өширхөл хорслын золионд хуваагдан бутарч, өнөө энд ийн бядан яваа билээ. Тэмүчингийн зүрх сэтгэлийн туршлага энэ дөрөвхөн жилд ийм л арвиджээ. Өнчрөл, гадуурхагдал, үгүйрэл, айдас, өширхөлийн гашуун бүхнийг үзэж туулжээ.
 
Энэ туулсан, үзсэн, харсан, шаналсан, уйлсан, мэдэрсэн, ухаарсан, эцэст нь хэрхэн тэвчиж чадсан бүхнээ уйлан хайлан байж Жамухайдаа яримаар байв. 
Энэ хугацаанд Тэмүчин хоёр хүнийг онцгой ихээр бэтгэрэн үгүйлж байсны нэг нь Жамухай нь байлаа. Тоглож наадах наадам, наргианы нөхөр бус, энэ хүнд бэрхийг хуваалцах, өр зүрхэнд нь өнөд бат түшин оршиж чадах тийм л хүмүүн.
 
Нөгөө нь Бөртэ. Тэгээд гэнэтхэн, бүр амь тулж, сандарсан хүнд мөчид өнөөх хүсэн хүлээж, санан бэтгэрч байсан хүн нь гараад ирсэнд юуг хэлэх, юуг өгүүлэхээ үл мэдэн, дэмий л хамгийн түрүүнд уруул давсан үг нь энэ “Учралгүй хичнээн ч их удав даа” байлаа. Мөн үү гэж эргэлзмээр, зүүд үү гэж алмайрмаар. Тэмүчингийн зүүд ер бусын бодитой мэт байдаг тул заримдаа аль нь зүүд, аль нь бодит байдал болохоо ялгаж салгахад хэцүү болох нь бий. Зүүд л биш байгаасай... Зүүд л биш байгаасай. 
 
Гэнэтхэн ард нь архирах мэт дуун гарч, араас нь тасхийх чимээ гарсанд хөвүүд огло тусан харцгаажээ. Зүрхэндээ сум зоолгоод, толгойгоороо хонгил нүхрүү шаан унасан баавгай сүүлчийнхээ амьсгааг хүржигнэтэл татаж, ондойсон бөгс нь хажуулан унахдаа баруун хойт хөл нь эвхэж байгаад тавьсан нумны хөвч мэт гэнэтхэн тийрч, хөх хожуулыг ховх цохисон байв. 
 
Төдийд сая Тэмүчин мөчийн өмнө юу болж өнгөрснийг санан, 
- Амийг минь аврав, Жамухай... анд минь гэлээ. 
 
- Энэ ан бид хоёрынх. Бидний сум нийлж байж түүнийг номхотгов биш үү хэмээгээд Жамух баавгайн улаан суганаас гозойх сумныхаа гичрээс угзачин таталсаар сугалан гаргаж ирэв. 
 
Өөрийнх нь чичлүүр хутга баавгайн зүүн далнаас дээхнүүр зоолттой байхыг харсаар үл тоосонд Бэлгүдэй баахан гайхаж, бас жаахан гомдол төржээ. Гэхдээ чичлүүр хутга бараг хар сээрэнд нь шахам зоогдсон тул аминаас хол байв. 
 
- Хэрвээ чи зүрхэнд нь яг зоогоогүй бол энэ баавгай биднийг лав дарж унах байв биш үү, Жамухай. 
 
- Хэрвээ чи гэнэтхэн гарч ирээгүй бол би энэ баавгайг зориглож харвах байсан уу? Бас чиний тавьсан хоёр сум баавгайн амийг ойн эзэн савдагийнх нь оромж руу лавтай хөөж мэдсэн байх аа. Чиний харвалт гайхам хурдан байлаа. Шархадсан баавгайн дайралт даргай нумын тавилтаас ч хурдтай байдгыг сая харав. Гэтэл чиний харвалт түүнээс ч хурдан байна. Хоёр ч сум тавьчихсан шүү дээ.
 
Гурвуул баавгайн хөлнөөс хойш үгтээсэнд дийлдсэнгүй, Бэлгүдэй нэг бүдүүн шиндүү аваад ивээс тавьж, цээжин дороос нь цахдан хөшиж, нөгөө хоёр нь чангааж байж сая нэг баавгайн толгойг хонгилоос гаргав. Бүдүүн хөгшин эвш байжээ. Жамухын хэлсэн үнэн байлаа. Тэмүчиний тавьсан хоёр сум хоёул баавгайг үхэлд хүргэхээр шархдуулжээ.
 
Баавгайн эрүүнд хальтарч хүзүүнд нь цохисон байлдааны сум гүрээг нь онгойтол ярьсан тул хүрэн улаан цус хадан дундаас бургилах булгын ундрага мэт годгодон, хавийн газрыг хүрэнтүүлэн шожигнон урсаж байв. Бачим тавьсан хоёр дахь сум баруун завжаар орж, багалзуурыг нь хаван чихнийх нь араар гарчээ. Ингэж шархадсан ямар ч амьтан, баавгай хүртэл удаан тэсэхгүй билээ. Гэсэн ч мэдээж хэрэг Жамухын зүрхэнд туссан сум шиг нам унагахаар биш тул баавгай үхтлээ Тэмүчин, Бэлгүдэй хоёртой хэрхэн тэмцэлдэх байсныг төсөөлөхөд аймшигтай. 
 
Бэлгүдэйн хутга ч хар сээрнийх нь дунд үерүү гүн шааж оржээ. Ингэж сээрнийхээ үед шархадсан амьтан хэдий амар үхэхгүй ч шилээ татаад хөдөлж чадахгүй болчихдог юм. Бэлгүдэй үений завсарт хавчуулагдсан хутгаа баавгайн дал руу хүчлэн жийж байж сугалаад, энэ аварга амьтантай ганц хутгатай халз тулж, бүр хар сээрнийх нь үе хүртэл гүн шааж чадсандаа сэтгэл хангалуунаар зузаан цээжээ түхэлзүүлэн, уруулаа жимбийлгэн, ихэд бардамнав. “Миний хутга ч бас баавгайг хөдөлж чадахааргүй л болгосон байна” гэмээр байсан ч тэр үг хэлсэнгүй. Жамухыг ихэд хүндлэхийн зэрэгцээ бас айдаг билээ.
 
Тэмүчин баавгайн гүрээнээс цусанд нилэнхүй будагдчихсан сумыг авч, цус болоогүй шилний зогдорт нь шудраад, 
 
- Жамухай, анд минь баавгайн гүрээг хагалж чадсан хүчтэй энэ сум лавтай чинийх буй за. Нарсан төглийн цаадах харгуй дээр унагасан байв гээд Жамухад барив.
 
Жамух саадгаа татаж үзээд, 
 
- Тийм болов. Харгуй жим уруудан дэгдэж явахад сугарч унажээ. Саадаг минь хэзээ ч сумаа асгаж яваагүй юмсан. Гайхалтай байна. Жир бус энэхэн явдал нь уг сум чамаар харвуулж, баавгайн гүрээг ханахын тулд тэр харгуй дээр үлдэж хоцорсон нь үнэн болов - гээд сумаа хоёр гардан авч мөсийг нь магнайдаа мөчидхөн хүргэв. - Тийм болохоор энэ дуут сум чухам анд чамд дуртай аж. Энэ чиний сум гарцаагүй мөн буй за гээд Жамуха баруун хөлөө өвдөгцлөн сууж, малгайгаа өвдөг дээрээ тавьж, сумыг хоёр гардан дээр өргөөд Тэмүчинд эргүүлэн барилаа. 
 
Тэмүчин мөн адил баруун хөлөө өвдөгцлөн суугаад, саадгаа татаж нэгэн сум гаргаж ирэв. Арц модон гичиртэй, хүрэл зэвтэй тул ан авд чадалтай биш ч эрхэм ховроор гялалзан хүрэнтэх тэр сумаа хүндэтгэн толгой дээрээ өргөж, 
 
- Мөрөн Ононы мөсөн дээр
Мөн бүхнээр учраад
Мөхөшгүй андгай өргөсөн
Мөнх анд Жамухай билээ...
Хөвчин тайгын гүнд,
Хүрэн баавгайн зоон дээр
Хүрч дахин учралдав бид.
Хөх тэнгэрийн санаа буй...
Эрслэх бачим мөчид
Эвш баавгайн зоон дээр
Эргэж бидэн учралдав
Эртний тавьсан ерөөл буй
Уулын модод хагдарч дууссан ч
Урсгал усан хатаж тасарсан ч
Эгүүрд хамтдаа байж
Эвдрэлгүй андалж явах 
Хэзээд хамтдаа байж
Хэмгүй андалж явах
Хуучин үгээ баталж
Хурдан сумаан солилцсу...
Урьдын үгээн давтаж
Учигт сумаан солилцсу хэмээгээд Жамухт барив.
 
Жамух сүүлчийн мөрүүдийг нь давтахад, Тэмүчин өлгөж аваад хоршиж байж хоолойгоо хүнгэнүүлэн дахин өгүүлэлцээд, нүдээ хагас аньцгааж, духаа үл ялиг духайлгаад өндөрт өргөсөн сумыг тэргүүн дээрээ солилцов.
 
Тэгээд тус тусынхаа сумны гичрийг магнайдаа хүргээд, саадагтаа дүрсний дараа мөр мөрнөөсөө барилцан, магнайгаа нийлүүлцгээв. Тэмүчин, Жамух хоёрын андалдсан хоёр дахь учир энэ бөлгөө. Энэ бяцхан атлаа сүрлэг сайхан ёслолыг Бэлгүтэй сэтгэл хөдлөн баясан харж зогсжээ.
 
Сумаа солилцож, андынхаа тангаргийг бататгаад Жамуха,
- Андын сургийг
Аяны хүмүүнээс 
Асуун сурч байв. 
Анирлан сонсож явав.
Эцэг баатар нь тэнгэрт одож
Эзгүй нутагт гээгдсэн ч 
Эрмэлзэн тэмцэж явааг чинь
Эрхбиш сонсож
Элгээн өвтгөж явав би.
Мэнд бүтэн явааг чинь
Мэлмий тогтоон үзлээ.
Мэндийн үгээ солилцож, 
Мэлмэлзэн ширтэлцэв бид.
Амар мэнд явааг чинь
Азаар учран үзэж
Андын тангаргаа ч бататгаж
Аятай сайхан байна гэв. 
- Гэгээн өдрийн нарыг
Гэнэт халхлах үүл мэт
Хүчир хатууд учирч
Хүнд хэцүүг туулж
Гэмтэн лугаа бөхөлзөж
Гэдсээн өлсгөж
Ачраан шавхан барж,
Амиан тэсхиж явав би.
Андыг үзээд 
Араас ачаа авах мэт амсхийв
Өвчүүнээс бул авах мэт саруулсав би гэлцлээ.
 
Жадаран аймгийнхан Хилгэ мөрний эхээр намаржиж буй агаад тэдний ангийн отог Гүнгурттайн ар хормой, Ашинга голын эхэнд гарсан гэнэ. Жамух өглөө гурван анчны хамт гарч, сүрэг гахайн мөр дагаж жаал явсанд сүргээс нэг бүдүүн нь салж өөр зүгт одсоныг Жамух, их сүргийг нөгөө гурав нь дагажээ.
 
Салаад нэлээн явтал баавгайн бархирах, бодонгийн хуугичих, модод тас нясхийн хугар тусах, хад чулуу харжигнах дуун сонсогдож, Жамуха яаравчлан тийш очжээ. Жим уруудан хол хол үсэрхийлэн гүйсний учир нь тэр байв. Тэгээд аянганд ниргүүлсэн бяцархай хадны цаанаас хөвчин их тайгын хоёр хүчирхэг амьтны амь өрсөн улангассан тэмцлийг харан нүд баясган суусан гэнэ. 
 
Бодон хэдий гань галзуу тэмцсэн ч хөвчийн эзэн дийлжээ. Баавгай бодонгийн соёонд хэд хэд шархдсан ч баруун сүвээнийх нь шарх нэн гүн, намар цагийн зузаарсан сэмжийг нь бултайтал ярсан байна. Гэдэс нь арайтай л цувчихсангүй. Тэр шарх удах тусам баавгайг сульдаан тамирдуулах нь магад учир Жамух бяцархай хадан дунд бие далдлан хүлээн суужээ. Сульдан тамирдаагүй цагт нь хэжмэг харвах аваас тун осолтой. Их үд өнгөрөхөд тэр санасандаа хүрч болно гэж тооцсон байна. Гэтэл бодонгийн шурган зугтах гээд амжилгүй баавгайд гүйцэгдсэн өнөөх хонгилоор хоёр хүн гараад ирсэнээр хүлээх учир үгүй болж, сумаа тавьсан нь тэр. 
 
Хөвүүд энэ тэрхэнийг ярилцах зуураа байвгаагаа өвчив. Мундаг тарган баавгайн аж. Арьсан дээрх шар халим нь л өлөн гурван эрийг элбэгхээн цатгахаар... Жамух баавгайн духны арьсыг хоёр чихтэй нь авъя, та хоёр арьсыг нь ав, махаа дааж чадах хэмжээгээр үүр гэлээ. Гэр хол, тэгээд унаагүй яваа тул их мах авч явж үл чадна. Баавгайн арьсыг Бэлгүдэй, Тэмүчин жаахан цул мах үүрэхээр бэлдэж төхөөрөв. Жамух зөвхөн зүлднийг нь аваад, бусдыг эргэж морин ачаатай ирж авахаар болов.
 
Бэлгүдэй бодонгийн төө урт хоёр соёог мулт цохин авч, махыг нь огт хөндсөнгүй. Уг нь энэ мэт бариулсан зэмийг харлаг барлагууд л иддэг юм. Гэтэл өнгөрсөн хэдэн жилд Тэмүчиний галд ийм зэм бол олдошгүйеэ ховор байлаа. Жамух бол тэр бодонгийн томыг нь гайхан нэг өшиглөж үзсэнээс өөрөөр өчүүхэн ч хялайж харсангүй. 
Гал асааж, тос нь гал дээр шажигнан гоожсон баавгайн тарган махнаас шараад, амтархан зажлан суухдаа Жамух Бэлгүдэйд хандан, 
 
- Өчигдөр оройхон манай анчид ээжтэй чинь таарч, отог дээрээ авчирсан. Бага зэрэг аяншиж яваа бололтой билээ. Өглөө эрт Тайчуудын Таргудайн хүрээнд очоод буцаж яваа хоёр мэргэд хүмүүнтэй хамт явж одсон гэв. 
Тэмүчин Жамухаас санаа нэн зовнисон тул энэ яриаг цааш үргэлжлүүлж эс чадна. Бэлгүдэй,
- Эх маань тэгээд Мэргэдийн хүрээ рүү явж одов уу?
- Тэгсэн. Мэргэдийн хөтөлгөө морийг унаж явав. Өдийд Хилго мөрөн гатлаа биз. Хэрвээ та хоёр араас нь явж буй бол Галуут нуурт буй Мэргэдийн хүрээнд нь хүрэхээс нааш гүйцэхгүй. Эндээс буцацгаавал яана.
 
Бэлгүдэй Тэмүчин өөд яах вэ гэж буй мэт харав. Тэмүчин юу ч хариулсангүй, хөмсгөө нумруулан, царай барайлган өрвөлзөн асаж буй галын дөл харан суулаа. Сэчихэл эхийг юуны учир тийн явган ганцаар холыг зорин явааг Жамухай өөрсдөөс нь эс асуусныг бодоход лавтай Жадаран нарт үнэнээ хэлсэн болов. Одоо бол Жамухтай учирсан нь баяр баясгалан бус зовиурт дарамт болон хувирав. Тэр уранхай навсархай дээлтэй, ханзархайг нь сураар үдэж тогтоосон гуталтай, царай дорд, уулзалдаагүй дөрвөн жилд төдийлөн өссөнгүй, хатингар туранхай зутруу яваа нь Жамухын өмнө тийм ч ичгэвэртэй биш, харин Бэгтэрийн амийг тэвчсэн нь үнэхээрийн шившигт явдал санагдана. Уруудан зутарч болох ч ургаа хөнөөнө гэдэг уруудал зутралынхаа өмнө сөхөрч унасны шинж биш үү? Ядарч зүдэрч болох ч эв эвдрэлцэнэ гэдэг эрхэм сайн бүхнээ эвдэж алдсаны илрэл биш үү? 
 
Жамух ийн зовинон буйг нь мэдсэн мэт мөрөн дээр нь гараа тавьж,
- Анд бүү зов. 
Өнөө гантай ч өөр нэгэн жилдээ өнтэй. 
Өчигдөр үймээнтэй ч маргаашдаа амгалантай
Ган болд илдийг ганцхан удаа ширээдэггүй. Энэ өдрийг хүртэл хатуужсан чинь эрхбиш одоо болсон буй.
Хатуу чанга бол 
Хабланг хүртэл халираана биш үү.
Баатар чанга бол
Баавгайг хүртэл гишгэлнэ биш үү. Бид үүнийг сая харав биш үү. Хожмын өдөр харвах сум минь хамт, хатгалдах жад минь нэг явах буй. Тэр өдөр ирэхэд тэврэлдэн учиръя гэлээ. 
Сочихэл эхийг хайн цааш замнах нэгэнт хэрэггүй болсон тул Тэмүчин жаахан мах, Бэлгүдэй баавгайнхаа арьсыг үүрэн буцахаар болов. Жамух тэр хоёрыг даваан дээр гаргаж өгөөд, салахын өмнө Тэмүчиний буглагаас чанга зууран барьж,
- Лавлан барих гар минь, лугшин цохилох зүрх минь үргэлж чамтай хамт байв, Тэмүчин. Хожим ч мөн адил. 
Гаслан зовлон тохиовоос 
Гарцаагүй надад дуулгаж бай. 
Хэцүү бэрх учирваас 
Хэлцээгүй надад ирж бай гэж өгүүлээд эргэн давааны ар луу дээр дээр дэгдсээр гүйн оджээ.
.
/Хэсэглэн авав/
 
Б.Номинчимэд