sonin.mn
I. ЧИНГИС ХААНЫ ЦОГЦ ҮЗЭЛ
 
Монголд оюун сэтгэлгээ өнөө үед хүнд хямралд нэрвэгдэж, зүйл зүйлийн дарамтанд өртөөд байна. Ертөнцийг болон Монголын нийгмийг үзэх янз бүрийн үзлийн урсгалууд хорьдугаар зууны эхэнд, дундуур, эцсээр Монголчуудын сэтгэхүйг эзэмдсэн хэвээр оршин тогтнолоо. Эдгээр урсгалыг нэгт, марксизм-ленинизм, сталинизм, Ардчилсан социализм, хоёрт, шарын шашин, бөө мөргөл, гуравт, либерализм, консерватизм, социал-демократ үзэл, монетаризм, дөрөвт, христос шашин, ислам, буддизм, язу тарни, тавд, Монголын үндэсний үзэл, Их Тэмүүжиний үзэл хэмээн тодруулж болно байх.
Ийм эрээвэр хураавар үзэл урсгалуудын дунд жирийн Монголчууд байтугай дээд боловсролтой, өндөр хэргэм цолтой олон хун будилж төөрөлддөг. Тэр тусмаа Монголчууд дөжирч, аливаа үзэлд хайнга хандаж, үл тоомсорлох нь сэтгэл түгшээдэг.
Бид эдгээр урсгалаас огт судлагдаагүй орхигдсон Их Тэмүүжин Чингис хааны үзэл, огт судлагдаж болдоггүй шарын шашин хоёрыг л авч үзье. Шар малгайтны шашин Чингис хааны үзлээс хоёр зуун жилийн хойно бүрэлдсэн.
 
 
 
Чингис хааны үзлийг улаан малгайтны, буддын тэр тусмаа шарын шашинтай хутган будилах хэрэггүй.
 
 
 
Сүүлийн үед Буддын шашныг бурхны шашин бас шарын шашныг бурхны шашин хэмээн үздэг болов. Монгол улсад XVI зууны эцсээр буддын шашин буюу бурхны шашин Энэтхэгээс орж ирээгүй, харин Түвдээс бурхны шашин биш улаан малгайтны биш чухамдаа шууд л шар малгайтны шашин орж иржээ. Иймээс "Ардын хувьсгалаас өмнө буддагийн шашин шарын шашны хэлбэрээр Монголын оюуны амьдралд хязгааргүй ноёрхож байсан билээ. Шашин ийм хүчтэй нэвтэрсэн орон дэлхийд тун ховор юм” гэж Д.Дашжамц, С.Пүрэвжав хоёрын бичсэнийг зөв гэж бид үздэг.
Үнэхээр буддын буюу бурхны шашин нь Монгол улсад шар малгайтны шашны хэлбэрээр дөрвөн зуу гаруй жил оршин тогтнож улмаар Монголчуудын уламжлалт шашин хэмээн өргөмжлөгдөж, XXI зуунд төрийн шашны зиндаанд дээдлэгдэх гэж санаархаж байна. Энэ 400 гаруй жилийн туршид шар малгайтны шашинг Монголчууд төрөлх хэл дээрээ биш Түвд хэл дээр, харийн үл ойлгогдох хэл дээр биширч ирсэн дэлхийн цорын ганц үндэстэн болж хувирсан. Үүнд л Монголчууд бидний түүхэн эмгэнэл, үл тайлагдах нууц оршдог гэж хэлж болох биз. Хэрэв Хубилай хааны үеэс буддын болон улаан малгайтны шашин /тэр үед шар малгайтны шашныг үндэслэгч их лам Зонхова төрөөгүй байв/ Монголд Шарын шашин шиг түгсэн бол буддын болон улааны шашныг Монголчууд түвд хэлээр, энэтхэг хэлээр, тэгэхдээ хоёуланг нь харь хэл дээр шүтэх байсан байх.
Шарын шашныг Монголын уламжлалт шашин гэж тунхаглахыг ламтангууд, зарим эрдэмтэд санаархдаг боллоо. Хэрэв Монгол ундэсний уламжлалт шашнаар өргөмжлөгдөх гэж байгаа бол шарын шашин Чингис хааны үзлээс өмнө манай эриний өмнөх Монгол орны жинхэнэ бодит хөрснөөс ундран төрж гарах ёстой байжээ. Гэтэл манай эриний өмнөх олон мянган жилийн тэртээд бөөгийн үзэл, бөөгийн мөргөл, бөөгийн ёс үүссэн болохоос биш шарын шашин Монголын хөрсөн дээр бий болоогүй, бий болох ч ёсгүй байв. Нүүдлийн соёл хүмүүншлийн гүнээс шарын шашин биш чухамдаа бөөгийн үзэл эх үндсээ авсан. Бөөгийн үзэл Монголчуудын төрөлх унаган хэлээр олон зуун дамжин өнөөг хүртэл уламжлагдан ирэв.
 
 
 
Бөөгийн үзэл шинжлэх ухааны бие даасан тусгай судлагдахууны хэмжээнд тавигдахгүй явсаар олон зууны нүүр үзлээ. Энэхүү үзлийг одооноос сонирхон судалж эхэлсэн нь сайшаалтай. Бөөгийн үзэл ялангуяа Их Тэмүүжин Чингис хааны үзлийг төлөвшүүлэхэд түүхэн гоц үүрэг гүйцэтгэжээ.
 
 
 
Чингис хаан болон алтан ургийнхан, өрлөг жанжнууд, Чингис хааны их цэрэг, Монголчууд бүгд л бөөгийн үзлийг, бөөгийн ёс горимыг чандлан баримталж, ёсчлон гүйцэтгэсээр ирсэн бөгөөд бөөгийн үзэлд гүнээ итгэн үнэмшиж байсан учраас ХIII-ХVI зууны туршид аль ч шашинд уусаж өртөж оролгүй, урваж дайвалгүй явж чадсан гэлтэй. Бөөгийн үзлийг бөө мөргөлтэй, тэр тусмаа бөөгийн ёс зүйтэй адилтгаж боломгүй. Бөөгийн үзэл нь олон мянган жилийн турш Монголчуудын ертөнцийг үзэх үзлийн илрэл болж, Монгол орныг жижиг улсын зиндаанд бус чухам том гүрний /Хүннү гүрэн, Сүмбэ гүрэн, Түрэг гүрэн/ хэмжээнд, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний /Чингис хааны Их Монгол гүрэн/ зиндаанд оршин тогтнуулахад том үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн үзэл өөрийн оршин амьдрах бүхий л үеийн туршид Монголчуудыг аймхай бус зоригтой, дуулгаварлаг бус идэвхитэй, арчаагүй бус авхаалжтай болгож, чин үнэнийг, шударга ёсыг дээдлүүлж, цайлган цагаан сэтгэлтэй болгон хүмүүжүүлж чаджээ. Монголын их нэгдсэн гүрэн байгуулагдсан үед бөөгийн үзэл, бөөгийн ёсны аль аль нь хөгжлийнхөө шинэ шатанд дэвшиж орсон. Эл шатанд бөөгийн үзлийг төрийн бодлогын түвшинд өргөмжилж хэрэглэх нөр их ажлыг Чингис хаан хийж гүйцэтгэв. Бөөгийн үзлийн зэрэгцээгээр Их Тэмүүжин Чингис хаан 
“Сур дөрөө сунатал 
Төмөр дөрөө дөлөртөл жийж 
Их улсаа зовон зөөж
Зонхилон хураахуй цагт” Мөнх тэнгэрийн үзэл, төрт ёсныхоо үзлийг зүдрэн байж туурвиад энэ үзэлд түшсэн алтан хайрцагныхаа бодлогыг
“Зуун үйлийг үйлдэн бүтээвээс 
Үйлийн охь
Үнэн үгэндээ хүрсэн хүний 
Сэтгэл бэх” гэсэн зарчмаар амилуулан хэрэгжүүлж,
"Алд бие минь алжааваас алжаатугай 
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай 
Бүрэн улс минь бүү задартугай"
"Халуун зуураан эвийг хичээлтэй”, 
“Хас их төрийг минь өдөр шөнө хичээн сахилтай” хэмээн захисан ажээ.
Их Тэмүүжин Чингис хааны үзэл, түүний хас их төрийн бодлого нийгмийн шинжлэх ухааны судлагдахуунд огт өртөгдөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн нь нийгмийн шинжлэх ухааны судлаач бидний алдаа. Чингис хааныг улс төрийн агуу лут бодлоготон, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагч, өмчит их улсын эзэн, хас их төрийн тэргүүн гэсэн байр сууринаас судлах шаардлагатай. Чингис хааныг зөвхөн дайн дажин хийж, бусад улс орныг эзлэн түрэмгийлж, тэсэхүйеэ дарлан зовоож мөлждөг мэтээр Монгол их гүрний түүхийг цул хараар бичиж сурталчилснаас Чингис хаан судлал үүсч хөгжих боломж хаагдсан байжээ. Их Тэмүүжин Чингис хааны үзэл, түүний бодлого хоёрыг үндэслэж тодорхойлох шаардлага хурцаар гарч байна.
 
Чингис хаан төр улсаа эрхэмлэн байгуулах явцад төрт ёсны үзэл, мөнх тэнгэрийн үзлээ цогцлон бүрдүүлж чадсан төдийгүй бас эл үзэлдээ тулгуурлан хас их төрийн бодлогыг эмхлэн цэгцэлж чадварлаг хэрэгжүүлсэн. Энэхүү үзэл бодлогоо тэрбээр юуны түрүүнд бодит үнэний шалгуураар, ухаант сэтгэлийн шандсаар, тэр үеийн Монголын хахир хатуу амьдралын зарчмаар цогцлуулан ард түмний хэлээр, зүйр цэцэн үгсээр томъёолсон аж.
 
Их Тэмүүжин Чингис хааны цогц үзэл, цогц бодлогыг манай судлаачид шинжээчид бодитоор томъёолж зөв оношилж чадаагүйгээс Чингис хааны үзлийг бөө мөргөлтэй, буддын шашинтай адилтгадаг. Бөө мөргөл, бөөгийн шашин гэхээс биш бөөгийн үзэл гэж ярьдаггүй болсон. Бөө мөргөлийг бөөгийн шашинтай хутгах явдал ч гарч байна. Бөөгийн мөргөл гэсэн ухагдахууныг бөөгийн үзэл гэсэн ухагдахуунтай адилтгаж болохгүй хэмээн бид үзэж байна. Бөө мөргөлийг бөөгийн шашин гэж үзэх нь буруу. Бөөгийн үзэл, бөөгийн ёс суртахуун, бөө мөргөл нь суурин соёл иргэншлийн үр дагавар биш чухамдаа Монголын нүүдлийн соёл хүмүүншлийн нандин бүтээгдэхүүн, гоц түүхэн уламжлал, соёлын үнэт дээжис байв. Олон зууны туршид бөөгийн үзэл, бөөгийн ёс суртахуунд тулгуурласан бөө мөргөл нь бөөгийн шашин болж хувирч чадсангүй.
 
 
 
Нүүдлийн соёл иргэншил нь асар их зардал, олон сүм хийд элдэв төрлийн төмөр, гуулин, шавар бурхад, том том өргөл барьц шаардлагагүй авсаархан бөгөөд их бага нүүдлийн нөхцөлд тохирсон, хүн бүрт хүртээмж сайтай, төрөлх хэл дээр сургаал номоо айлддаг бөөгийн мөргөл ёсыг бий болгож төлөвшүүлсэн бөлгөө.
 
 
 
Сүүлийн 400 жил Монголчуудаар албадан, сохроор шүтүүлсэн шар малгайтны шашин нүүдлийн соёл, хүмүүншлийн бүтээгдэхүүн хэзээ ч болж чадахгүй бөгөөд тэрбээр далд зорилгоор XVI зууны эцсээр Монгол гүрэнд хүчээр импортлогдсон харь хэлний мунхруулагч шашин бөгөөд байсаар ч байна. Чингис хааны цогц үзэл бодлого нь христос эсвэл буддын эсвэл ислам шашны номлолд тулгуурлаж бий болох ёсгүй байв. Эдгээр шашин нь Монгол гүрний, Монголчуудын нүүдлийн соёл хүмүүншлийн бодит үнэнийг хэзээ ч зөвөөр илэрхийлж үл чадах догматик хоцрогдсон шашин байсан гэдгийг Чингис хаан өөрийн зөн билгээр, зөв бурууг ялгагч увидасаараа ухаарч ойлгосон. Эцэг эх, өвөг дээдсээсээ өвлөн авсан бөөгийн үзлээ Чингис, Өгөдэй хаан хэзээ ч ямар ч нөхцөлд христос эсвэл буддын аль эсвэл мусульман шашнаар орлуулж солиогүй. Эл гурван том шашныг бодвол бөөгийн үзэл нь Монголын бодит амьдралаас үүсэлтэй бөгөөд Монгол гүрнийг, Монголын төрийг төвхнүүлэхэд Монголчуудыгаа дайчлан идэвхийлэн оролцуулах дотоод оюун сэтгэлийн үлэмжийн шандастай байсан аж.
Манай ном зохиолуудад бөөгийн үзэл гэхийн оронд бөө мөргөл гэж онцолж их хэрэглэдэг. Жишээлбэл: “Хүннүгийн үед бөөгийн мөргөл дэлгэрч байжээ”, “Сяньбигийн Тай Зу хаан дөч гаруй газар тахилга явуулж маш олон удганыг цуглуулж, бөөлүүлж байсан”, “Кидан аймаг нь маш олон бөө удгантай байсан”, “Уйгарын хаант улс... мөн бөөгийн мөргөлтэй байжээ” гэх зэрэг. “Чингис хаан өөрөө бөөгийн мөргөлийг хамгийн их шүтдэг хүн байлаа. Чингис хаан улс төр, цэргийн талаар их эрх олж Монголыг нэгтгэн, Монголын их хаан болсон явдал бол бөөгийн мөргөлийг ашиглаж биедээ татсантай нягт холбоотой” хэмээн бөө мөргөлийг Монгол гүрний төрийн бодлоготой адилтган бичдэг явдал үлэмж дэлгэрсэн.
 
 
 
Монгол гүрний хас их төрийн бодлого нь бөөгийн мөргөлд биш, бөөгийн цогц үзэлд тулгуурлаж байсан хэмээн томъёолбол бодит үнэнд арай илүү ойртож очно. Бөөгийн цогц үзэл одоо болтол аль нэг бүтээлд томъёологдоогүй л байна. 
 
 
 
Бөөгийн үзэл арга билгийн ухаантай шүтэн барилдаж байсан учир Монголчуудын, эсгий туургатнуудын, хаад ноёдын Монгол төрийн ертөнцийг үзэх үзэл болж чаджээ. Чингис хаан бөө мөргөлийг, бөөгийн ёс суртахууныг гойд сайн эзэмшсэн төдийгүй бөөгийн зарим горим үйлдлийг төрийн ёслолд хэрэглэж байв. Хамгийн гол нь тэрбээр бөөгийн үзлийг лавшруулж төрт ёсны үзлээ, мөнх тэнгэрийн үзлээ дэлхийн их гүрний төрийн бодлогын түвшинд хүргэж томъёолсон. Чингис хаан төрийн том бодлого явуулахдаа бөөгийн үзлийг бөө мөргөл, бөөгийн ёс суртахуунтай хутгахгүйгээр нарийн зааглаж, төрт ёсны үзэл, мөнх тэнгэрийн үзлийг хоосон хийсвэрлэлийн түвшинд бус Монголын бодит амьдрал лугаа нийцүүлэв. Монгол бөөгийн үзэлд хаан, хатан, цэргийг төрийн гурван тулгуур гэж тодорхойлсон нь Хүннүгийн үед ч, Монголын бусад гурний үед ч зөвшөөрөгдөж байсан. Монголын их нэгдсэн гүрэн нэгэнт Чингис хааны том бодлогын ачаар байгуулагдсан нь бөөгийн үзлээс ургуулж мөнх тэнгэрийн үзлийг, төрт ёсны үзлийг төлөвшүүлсний бодит үр дүн болж өгсөн.
 
Энэ нөр их ажлыг зөвхөн Чингис хаан өөрөө л гүйцэтгэх ёстой байж. Тэрбээр ерөнхий бүгдийг сайтар мэдэх, тодорхой бүгдийг чанд жолоодох ёсыг баримталж өмчит их улсыг мөнх тэнгэрийн үзлийн, хас их төрийг төрт ёсны үзлийн үндсэн ойлголт болгон дэвшүүлжээ. Чингис хаан Монгол гүрний бүх газар нутгийг улсын өмч болгож газар эзэмшлийг улсын газар, дархалсан нутаг, соёрхлын газар гэж зарласны дагуу улсын иргэн, соёрхсон өмчийн иргэн гэсэн нийгмийн бүлгүүд ийнхүү бүрэлдсэн болно.
 
Монголын их нэгдсэн гүрнийг байгуулахад онцгой гавъяа байгуулсан 95 хүнийг мянгатын ноёд болгож, өмч өрх тусгаарлан өгснийг тодруулж дурдъя. Чингис хаан Шихихутагт хандаж “Чи миний зургадугаар дүү биш үү. Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё”, “Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв". “Бидний эх ба дүү нар хөвүүдэд эсгийн туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан үүдтэний дотроос харъяалах ардыг хувааж өг. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно", “Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай”, “Нийт улсын үндсийг хувааж заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж тэмдэглэгтүн. Надтай зөвлөж Шихихутагийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй” гэж зарлиг болгов. Мөнх тэнгэрийн үзэл нь өмчит их улс гэсэн ойлголтоор Монголын бодит амьдралтай холбогдож, “Мөнх тэнгэрийн ивээл”-ээр зохих хувь хүртэн харъяалах иргэдийг өгөх явдал Монголын бодит амьдралд хэрхэн яаж амилсныг илэрхийлж байна.
 
Хас их төр, хас тамга, их хуралдай, сэцдийн зөвлөл, их засаг хууль, Чингис хааны түшээ болсон есөн өрлөг, дөчин түмэн монгол, Чингис хааны зургаан түмэн гэх зэрэг нь Чингис хааны өөрийн дэвшүүлсэн төрт ёсны үзлийн бодит биелэл болж өгчээ. Монголын их нэгдсэн гүрний их хааныг эрхт тэнгэрийн хөвүүн хэмээн өргөмжилж, энэ хөвүүн нь эзэн, баатар, хаан гэсэн өргөмжлөлт лут үүрэг хүлээн хэрэгжүүлнэ. Баатар гэдэг нь Монголын их нэгдсэн гүрний их цэргийн манлай жанжныг, эзэн гэдэг нь их гүрний хас тамгыг барьсан хас төрийн тэргүүнийг хэлж байгаа юм. Хаан гэдэг нь мөнх тэнгэрийн хүчин дор гал, нар, сараар сүлдэлсэн өмчит их улсын Ерөнхийлөгч бөлгөө.
Чингис хаан өөрөө их цэргийн манлай жанжин, хас төрийн тэргуүн, өмчит их улсын Ерөнхийлөгч байхын тулд их хааны гучин таван эрдэм гойд эзэмшсэн хүн байв. Үүний ачаар Чингис хаан гэгээн ухаан, төв сэтгэлийг олж, гэгээн ухаанаар ёс журмыг, төв сэтгэл үнэн шударгыг бат итгэлтэйгээр хэвшүүлсэн аж. Энэ тухай Чингис хаан өгүүлэхдээ: "Намайг хаан болохоос өмнө Монголчуудын дотор ямар ч эмх замбараа байсангүй. Үр хүүхэд нь эцэг эхийнхээ үгэнд ордоггүй, нөхөр нь эхнэртээ итгэдэггүй, эхнэр нь нөхөртөө захирагддаггүй, баян нь ядуудаа тусалдаггүй, дордос нь дээдсээ хүндэлдэггүй тэдгээр ард түмнийг миний улс гүрэнд нэгтгээд, миний хамгийн түрүунд санаа тавьсан асуудал бол тэдний дунд ёс журам, үнэн шударгыг тогтоох гэсэн явдал юм" гэжээ.
Хас их төрийг барьж өмчит их улсаа жолоодохдоо Чингис хаан төрт ёсны үзлийг Мөнх тэнгэрийн үзэлтэй шүтэлцүүлж бөөгийн үзлээр дамжуулан ухаант сэтгэл олж авав. Өнөөгийн философийн ном зохиолд гэгээн ухаан /разум/-ы тухай бичдэг атал төв сэтгэл, ухаант сэтгэлийн талаар огт дурддаггүй билээ. Гэтэл Чингис хаан, алтан ургийнхан ухаант сэтгэлийг онцлон дээдэлж гэгээн ухаан, төв сэтгэл хоёр нь ухаант сэтгэлд жинхэнэ амиллаа олдогийг Чингис хаан үнэхээр үнэлж байв. Ухаант сэтгэл бол их төр улсаа жолоодох сэтгэлийн их шандас мөн гэж Чингис хаан томъёолсныг өнөөгийн Монголчууд бид ойлгох ухаарахгүй явсаар бүр мөсөн мартсан гэж хэлэхэд буруутахгүй байх.
Чингис хаан: “Өөрийн ухаант сэтгэлээс сайн нөхөр үгүй” гэж сургасан.
Чингис хаан сэтгэл хэмээсэн ойлголтыг гүн гүнзгий ухаарч мэдсэн төдийгүй, сэтгэлийг хар сэтгэл, егүүтгэлгүй сэтгэл, хатуу сэтгэл, хайрлах сэтгэл, харам сэтгэл, өгөөмөр сэтгэл, төв сэтгэл, түвшин сэтгэл, ухаант сэтгэл гэх зэргээр зааглаж тодруулсан байдаг. Гүн ухаанд, социологид, шашны номлолд сүнс /душа/-ийг, сэтгэц /психика/-ийг голдуу бичиж тайлбарладаг бөгөөд “дух” гэдэг үгийг ухаан, оюун сэтгэл, сүнс, сүлд, санаа, урам зориг, амь, онгод хэмээсэн утгаар хэрэглэсээр байна. Гэтэл Чингис хаан сэтгэл гэдгийг зүгээр нэг хэрэглэсэн биш чухамдаа хааны 35 эрдмээс ундарсан гэгээн ухаан, төв сэтгэл хоёр дээр сүндэрлэж гийсэн ухаант сэтгэлийг хас төрийн бодлого лугаа чиглүүлж чаджээ.
 
 
Чингис хаан ухаант сэтгэлийг их төрийн бодлоготой холбож амилуулахын тулд нэгт: ерөнхий бүгдийг сайтар мэдэх, хоёрт: тодорхой бүгдийг сайтар жолоодох, гуравт: үнэн худал, зөв бурууг ялгаж чадах, дөрөвт: авах гээхүйн ялгалыг олж мэдэх гэсэн дөрвөн их ухаан төгс эзэмшсэн билээ.
 
 
Энэ дөрвөн ухаанд түшиж засаг цаазыг номын ёсоор барьж, “аргахүчин хоёрыг тэгш чадагч гарьд хөлөг минь” хэмээн Гоо Мухулай эзэн Чингис хаанаа өргөмжилснийг “Алтан товч судар"-т дурджээ. Мөн энэ номноос үзэхэд Чингис хааныг “ерөнхий бүгдийг сайтар эзэмшсэн”, Боорчийн хэлснээр “Хаан хүний гучин таван эрдмийг төгс сураад”, Гоо Мухулайн өргөмжилснөөр “Хөвчин их улсаа цул авираар жолоодож”, Ойрадын Хар Хиругийн өгүүлснээр “Түгдрэлгүй үнэн худал хоёрыг ялгагч эрлэгийн ноён минь” гэж дээдэлцгээсэн байдаг. Чингис хаан дээр дурдсан дөрвөн их ухаанаар зангидсан ухаант сэтгэлийн ачаар “алтан ургийн аптан хайрцагны бодлого” туурвин бүтээв. Эл алтан хайрцагны бодлого нь “Их засаг" хуулиар баталгаажиж, их төрийн үйлсэд зүтгэх зүтгэлээр хэрэгжиж ирсэн түүхтэй. Чингис хааны зохиосон шаштирын учир нь:
“Олны дотор үгээ бэхэл 
Ганцаар суухад сэтгэлээ шинжил 
Олон хүн лүгээ найран зохилдож 
Ер авах гээхүйн ялгалыг шинжлэн мэд 
Их багын санааг асууж нэгтгэн 
Егүүтгэлгүй сэтгэлийг угаас барьж 
Хамаг амьтныг ганц хөвүүн мэт асарч 
Эцэг мэт сургаж, эх мэт тэжээ 
Засаг цаазыг номын ёсоор барьж
Олон амьтныг жаргаланд зохиож 
Төрөл төрөгсдөө энх амарт хүргэгтүн” гэв.
 
Зон олноо асарч, тэжээн жаргааж энх амарт хүргэх нь Монголын хас төрийн бодлогын эрхэмсэг дээд зорилго байсан билээ. Хас их төрийн бодлогын нэгэн чухал зарчим нь “их багын санааг асууж нэгтгэн, егүүтгэлгүй сэтгэлийг угаас барьж" байхад оршино. Энэ зарчим бол Чингис хааны хас их төрийн ардчилсан шинж /их багын санааг асууж нэгтгэн/- ийг, бас хунлэг шинж /егүүтгэлгүй сэтгэлийг угаас барих/-ийг илэрхийлж байна.
 
Монгол гүрний хүн бүр “ганцаар суухад сэтгэлээ шинжил”, “Авах гээхүйн ялгалыг шинжлэн мэд", “өөрийн биеэ магталгүй, үйлээн үргэлж шинжихтүн" хэмээсэн нь Чингис хааны их гүрний бэхжихийн нэгэн үндэс болж, засаг цаазыг Чингис хааны цогц үзэлд түшсэн төрийн бодлогоор хэрэгжүүлэх нь арга билиг, эв эеийн нэгдлийг бататгахын нэгэн зангилаа болжээ.
 
Алтан ургийн алтан хайрцагны бодлого нь “Зуун үйлийг үйлдэн бүтээвээс үйлийн охь” болон ундарсан буюу их төрийн үйлсэд амь бие хайргүй зүтгэсэн агуу сэтгэлийн үйлийн үр болж сүндэрлэсэн өмчит их улсаар, Монголын их нэгдсэн гүрнээр амьд биеллээ оллоо. Монголын их нэгдсэн гүрний эзэд хаад нь зон олондоо буянаа хайрлан, түшмэдээ өргөн, цэргээн асарч, эх нутгаан амар түвшин жаргаахын тулд эв эеийг хичээлтэй хэмээн Чингис хаан ийнхүү шастир сургаалд:
“Эзэн хаадтан олныг хураая гэвэл өглөгөө өг 
Осолдолгүй явъя гэвэл түшмэдээн өргө
Агуу хүчнээн ихэтгэе гэвэл цэргээн асар
Уудам цул жаргая гэвэл эеэн хичээ" хэмээн зарлигдсанаар Монгол их нэгдсэн гүрний тулах дөрвөн цэгийг тодорхойлжээ.
 
 
Доктор П.Нэргүй