sonin.mn


Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө хэмээх зарчим социализмд ноёрхдог бол капитализмд хүн зөвхөн өөрийнхөө төлөө, ганцхан бурхан л нийгмийн төлөө гэсэн зарчим үйлчилдэг гэж миний үеийнхэн энд тэндээс чихээ халтал номлуулж бас номлож байсан билээ.



Миний амьдарч байсан нийгэм.
 

Социализм гэдэг нь анд нөхдийн, журмын, нийгмийн гэсэн үзэл санааг бүрэн илэрхийлсэн латин гаралтай үг аж. Октябрийн социалист их хувьсгал 1917 онд ялалт байгуулснаар дэлхийд нийгмийн хоёр систем бий болж Монгол Улс аргагүйн эрхээр капиталист бус замаар замнав. Миний үеийнхэн нийгмийн тэс өөр хоёр байгуулалд ажиллаж, амьдрах завшаан тохиосон ховор хүмүүс.

 

Монголчууд бид үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон, социалист нийгмийн өмчид тулгуурласан нийгмийн шинэ байгуулал буюу коммунизмын эхний үе шат болох социализмаар амьсгалж, түүнийг бишрэн шүтсээр 70 жил амьдрав. Социализм нь үнэн хэрэгтээ нийгмийн элдэв зөрчлийг аргалан зохицуулж, бүхнийг тэгшитгэх, үндсэн дээр капитализмыг өөрчлөх зорилго бүхий нийгмийн шинэ байгуулал байв.

 

Бид пионер, сурагч, оюутан гээд сурч, ажиллаж байхдаа баруун гараа тохойгоороо нугалан ёсолж, энэ нийгмийн үйл хэрэгт чин үнэнчээ тангараглаж, коммунист хүмүүжлийг эрхэмлэн шүтэж байв. Капитализмын зайлшгүй мөхлийг заалгаж, уншиж, эх зохиолооо судалж, хоёр нийгмийг харьцуулан хөрөнгөтөн нийгмийг байдгаараа муулж, социализмын давуу талыг олон жишээгээр магтаж, их, дээд, тусгай дунд сургуулийн оюутан, сурагчид, өргөн олондоо лекц, яриагаар мэдээлж, сурталчилж, нийгмийн хөгжлийн цорын ганц зам хэмээн номлож, олон улсын хурал, чуулганд хэлж, капиталистуудын дургүйг хүргэж явсан би үзэл суртлын хүн.

 


Ардын засгийн жилүүдэд Монголд боловсрол, эрүүл мэндийн асуудал үнэ төлбөргүй, ажилгүйдэл, ядуурал гэж огт байгаагүй нь тэр давуу тал гээд байгаагийн нэгээхэн жишээ. Харин ардчилал, хүний эрх, эрх чөлөөний асуудал хязгаарлагдмал, оноож, зохицуулсан гэмээр байсан уу гэвэл тийм. Төрийн сонгууль дээрээс төлөвлөгдсөн зохион байгуулалттайгаар явагдана.

 

Зарим тэрслүү нэг нь саналаа өгөхгүй цааргалж, сонгуулийн комиссынхныг бажгадуулж, эрхэм түүнд усыг нь дөхүүлэх, түлээ модыг нь хөрөөдөж, хагалж өгөх зэргээр тал засч байж саналыг нь арай нэг юм авч салдаг явдал энд тэнд цөөнгүй байв шүү. Сонгуулийн дүн 99,99 хувьтай гарна. Шашин шүтэх эрхтэй гэж хуулинд байдаг ч үнэн хэрэгтээ хаагдмал байв.

 

Тавин жилийн дараа хойч ирээдүй коммунизмд амьдрах болно гэсэн Лениний гэрээслэл бий. Практик дээр 1990 он хүртэл коммунизмын эхний шат социализм дээрээ эргэлдсээр байгаад эцэс сүүлд нь социалист систем орвонгоороо эргэж, социалист гэгдэж байсан манай мэтийн 10 гаруй оронд ардчилал ялж, зах зээлийн харилцаат шинэ нийгэм тогтсоныг бид нүдээрээ харлаа.

 


 Эхний үе шатаас коммунизмд шилжин орох хүртэл хөгжингүй, боловсронгуй, төгс гэх олон тодотголтой социализмын үе шатыг эрдэмтэд санаанаасаа зохион олон талаас нь тайлбарлахыг оролдож.аргаа барна, Шинжлэх ухааны коммунизмын онол /ШУКО/ хэмээх онол-практикийн ном үй олноор гаргаж, их, дээд сургууль Монголын нийт сэхээтэн, хүн амын ертөнцийг үзэх онолын зэвсэг болгосон байв.

 

Энэ олон тайлбар нь коммунизм мухардалд орж байсныг далдуур өгүүлээд байсан юм болов уу даа. Социализмд хүн чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр авдаг зарчим байдаг бол коммунизмын үед хүн чадлынхаа хэрээр хийж, хэрэгцээнийхээ хэрээр авах зарчим ноёрхоно гэсэн номлол нь үл гүйцэлдэх онол гэдгийг амьдрал батлав. Хүний хэрэгцээ гэдэг хязгааргүй аж.



Миний амьдарч буй нийгэм.

Капитализм нь зөвхөн хувийн өмч, хөлсний мөлжлөгт хөдөлмөрт тулгуурласан, зах зээлийн тогтолцоот нийгмийн байгуулал гэж заалгаж байв. Ардчилал гэдэг нь “Ард түмэн ба төр” гэсэн санааг илэрхийлсэн үгтэй олон жилийн өмнөөс танил болж, нийгмийн удирдлагад иргэдийн зайлшгүй оролцоо, хуулийн өмнө тэд адил тэгш байх, бие хүний эдлэх ёстой тодорхой эрх, эрх чөлөө гээд олон зүйлийг мэдэж авсан юм.

 

Монголд ардчилал ялж, урьд өмнө элдвээр муулдаг байсан капитализмд орсон нь алдаа бус оноо байсан юм. Өнөөдрийн монголд капитализмыг муулагчид газрын гаваар орж, алга болцгоожээ. Гэхдээ ардчиллыг жинхэнэ утга, мөн чанараар нь бус дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, юу ч хийж, яаж ч байсан миний дур хэмээн танхайрагчид, завшигчид олширч байгаа нь туйлын харамсам.

 

Ийм явдал манай үндэсний сэхээтэн, тэр дундаа удирдлагын сэхээтний дунд байгаа нь том гуниг. Марзан Шарав гуай “Монголын нэг өдөр” зурагтаа ажил, амьдралд байж л байдаг ганц нэг эротик зүйлийг орхиогүй хамаг Монголын нэг өдрийн дүр төрхийг үзүүлсэн юм. Хэрэв өнөөдрийн “Монголын нэг өдөр” зургийг төсөөлбөл архидалт, янхандалт, хар тамхи, элдвийн маргаан, хэрүүл, зодоон, хээл, хахууль, аав, ээжээ хөнөөж буй хэрцгий аллага, таллага, хүчиндэлт, үй олон найр наадам, шагналын хур, парламентын хэрүүл, ойворгон, сагсуу, их мэдэгчийн дүр эсгэгч сэхээтэнцэр гээд тоочоод барамгүй, ичмээр юм мөн ч олноор зурагдана биз.

 

4-р ангийн охины дагуулж явсан гөлөг жаал хүү рүү дайрахад:
-чи наад гөлгөө аваач гэхэд:
 -нохой ч бас зугаацах эрхтэй гэж номлон сээхэлзэнэ. Яалтай ч билээ. Монголын энд тэнд ардчиллыг зөвхөн өөртөө ашигтайгаар хамаатуулан хууль бусаар завшиж байгаа нь өргөн олныг нэн бухимдуулж байна.

 

Коммунизмыг хүчтэй сурталчилж байсан шигээ өнөө ардчиллын тухай лекц, яриаг өргөн олныг хамруулан хиймээр санагдана. Ингэхгүй бол ардчилал гэж ярихаас цаашгүй үл мэдэгчид их үнээр арай чамай олж авсан монголын ардчиллыг анархизм болгох нь байна шүү гэж айж байна. Ардчилал нь өөрийн хуультай, хатуу зарчим, дүрэм, журамтай билээ.

 

Ардчилал хэтэрвэл анархизм, төвлөрөл хэтэрвэл волентюризм болно гээд энэ хоёрын зохистой харьцааны тухай коммунизмын онол өмнөх нийгэмд үйлчилж байв. Их үнэ цэнээр олж авсан ардчилал өнөөдөр анархизм болж, харин төвлөрөл нь ах, дүү, найз нөхөд, танил, цөөнх луйварчдын увайгүй, ёс зүйгүй, ёс суртахуунгүй анархи үзэлд тулгуурласан авлига, хээл хахуулийн том сүлжээ болон бөөгнөрөөд, төвлөрөөд байна.



Бодол.

Хоёр нийгмийн үеийн зах зухаас нь гадарлах болсон надад элдвийг эргэцүүлэн бодох юм их л гардаг. Анги гэдэг байсан аюултай, хэзээ ч эвлэршгүй зөрчил устаж хоёулаа адилхан боллоо. Социализм, капитализмд сайн, муу тал аль аль нь бий. Хэт туйлшрахгүйгээр энэ хоёроос сайн, давуу талыг шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон авч, мууг нь эргэж ирэхгүй болтол нь таягдан хаях хэрэгтэй.

 

Харин сайныг аль алинаас нь түүвэрлэн авч зөв хосолбол монгол хүний төлөө ашиг, хонжоотой, хүн хүнийхээ төлөө хэмээх шинэ нийгмийн байгууллын гайгүй хувилбар биднийгээ хүлээж ч байгаа юм билүү. Өнөө үед хөгжингүй капиталист гүрэн улс орныхоо хөгжил, дэвшилд К.Марксын онолыг судалж, ашиглах хэргээр түүний эх зохиолуудыг эрж олох нь шүдний өвчин лугаа адил болсон гэнэ.



Доктор Д.Өлзийсайхан