sonin.mn

 

Дэлхийн хорт хавдрын судалгааны агентлагийн мэргэжилтнүүдийн дүгнэснээр залхуу хойрго хүн, их хэмжээний мөнге хуримтлуулсан амьдралын чинээлэг хэв маяг бүхий хүмүүс хорт хавдраар илүү өвчилж, ихэнх нь цаг бусаар нас бардаг нь нотлогдсон байна. Манай монголчуудын ярьдагчлан “Их идвэл өвчилнө, их унтвал үхнэ”, “Баян хүнийг балаг тойрохгүй” гэдэг олон цэцэн үг ч эл дүгнэлтийг эрт урьдын цагт хэлчихсэн мэт. Хэрвээ хүн төрөлхтөн хэт ядуу, хэт баян зүй тогтол бүхий эл хэв маягаа өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хорт хавдартай хүний тоо одоогийнхоос 90 хувиар, хорт хавдрын гаралт даруй 80 хувиар өсөх тухай анагаах ухааны мэргэжилтнүүд тооцоолон гаргажээ. Энэ нь дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь хорт хавдраар өвчилж, үе олноороо тахалд өртсөн мэт үгүй болно гэсэн үг. Томоохон гүрнүүд хүн төрөлхтний эл сүйрлийн тухайд огт санаа зовохгүй байгаа гэнэ. Дээрх байгууллагын мэргэжилтнүүд дэлхийн 184 оронд 2008 оноос хойш явуулсан өвчний гаралтын судалгаанд дүн шинжилгээ хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. Үүнээс гадна тухайн улс орны хөгжил, хүн ам, наслалтыг судалсан байна. Судалгаагаар хөгжингүй орнуудад хорт хавдрын гаралт хамгийн их байгаа аж. Учир нь тэнд өнөөх л үндсэн шалтгаан залхуурал, их мөнгөтэй амьдралын хэв маяг ноёлдог юм. Уг судалгааг явуулсан багийн тэргүүн доктор Фредди Брей “Нар” сонинд “Өндөр орлоготой хүмүүсийн ихэнх нь залхуу, илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдалтай, тамхи татдаг, хорт зуршилтай байдаг. Эдгээр хүчин зүйл хорт хавдар тусах анхдагч шалтгаан болдог” гэж хэлжээ. Түүний хэлснээр буурай болон хөгжиж буй орнуудад хорт хавдрын гаралт ихэвчлэн эрүүл бус хооллолт, хортой хүнсний бараа, агаар, усны бохирдлоос үүсч байгаа аж. Дашрамд үгүүлэхэд Монгол улсад жил бүр 4000 орчим хорт хавдар туссан хүн шинээр бүртгэгдэж, өдөр бүр хоёроос дөрвөн хүн эл эмчилгээгүй өвчнөөр нас бардаг аж.

 

Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"